ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан

ЭМЯ: Вакцинд хамрагдсан 2304 хүн Covid-19-өөр халдварласан

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 цар тахлын талаарх цаг үеийн ээлжит (2021.04.20) мэдээллээ хийлээ.


Covid-19-ийн тохиолдол өссөөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхааруулав. Тус яамны өнөөдрийн мэдээллээр сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1311 тохиолдол шинээр батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 24195 болжээ. Халдварын улмаас хоёр хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудаас

  • Улаанбаатарт 1214
  • Орон нутагт 97 тохиолдол тус тус бүртгэгджээ.

ЭМЯ-наас өгч буй мэдээллээр нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 9 дүүрэг, 150 гаруй хороонд  голомт байгааг тандалт судалгаагаар илрүүлжээ. Иймд байршлыг нарийвчлан хэлэх боломжгүй аж. Мөн орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг задалбал,

  • Увс-1
  • Завхан-14
  • Ховд-2
  • Төв аймаг-7
  • Өвөрхангай -3
  • Сэлэнгэ-1
  • Хэнтий-4
  • Дархан-Уул-61 /хамгийн өндөр/
  • Орхон-4 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн онош нь батлагдсан 3520 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2578 нь хөнгөн, 926 хүн хүндэвтэр, биеийн байдал нь хүнд 253, маш хүнд 63 хүн байна. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хүнд болон маш хүнд хүний тоо эрс нэмэгдэж, биеийн байдал нь хөнгөн хүмүүсийн тоо буурсаар байгааг ЭМЯ-наас мэдээлэв.

Covid-19-ийн онош нь батлагдсан хүмүүсийн тухайд өгүүлэхэд, өмнө нь ахмад настнуудын биеийн байдал хүндэрдэг байсан бол одоо залуучуудын биеийн байдал хүндрэх эрсдэлтэй болжээ. Мөн өвчлөл хүндэрсэн тохиолдлууд бүртгэгдэх болсон байна. Жишээ нь, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо 20 хоногийн өмнө 5 байсан бол өнөөдрийн байдлаар 63 болж өсчээ.
Үүнийг дагаад эмч, эмнэлгийн ажилчдын хүний нөөцөд томоохон бэрхшээл үүсэх эрсдэлтэй байна. Одоогоор Covid-19-ийн онош батлагдсан ч биеийн байдал нь хөнгөн, гэрээр эмчлүүлж буй 5033 хүн байгаа аж. Тэдэнд дүүрэг, өрхийн эмнэлгээс хяналт тавин ажиллаж байна.

ЭРСДЭЛТ БҮЛГИЙН ХҮМҮҮСЭЭС PCR ШААРДАХГҮЙГЭЭР ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

ХӨСҮТ-ийн Дэд захирал Ж.Байгальмаа Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Вакцины хоёрдугаар тунг тариулсан иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх нь зөв үү. Энэхүү шинжилгээг хаана зохион байгуулж байна вэ?

-Вакцины хоёр тун тариулсан иргэд эсрэг биетийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Эсрэг биетийн шинжилгээ өртөг өндөртэй.

-Вакцинд хамрагдсан ч Covid-19 цар тахалд өртсөн хэчнээн хүн байна вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Мөн вакцины хоёр дахь тунг тариулсан ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой юу?

-Дархлаажуулалт эхэлснээс хойш 617183 хүн вакцинд хамрагдсан байна. Үүнээс 2304 нь буюу 0.04 хувь нь халдварт өртсөн. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин тариулснаас хойш 0-24 хоногт халдвар авсан байна. Одоогоор Монгол Улсад дөрвөн үйлдвэрлэгчийн гурван өөр төрлийн вакцин бүртгэлтэй байгаа. Ер нь вакцин тариулсан ч халдвараас 70-95 хувь хамгаална. Вакцины хоёр тунг тариулсан ч халдвараас 100 хувь хамгаалагдлаа гэж бодох хэрэггүй. Тиймээс вакцины хоёр дахь тунг тариулсан ч амны хаалт зүүхгүй гэж ойлгож болохгүй. Ямар ч тохиолдолд амны хаалт зүүж, гараа угааж, зай барих шинэ амьдралын хэв маягт дадах хэрэгтэй.

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлж буй хоногт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо зөрүүтэй байна. Үүнд тайлбар өгнө үү?

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Өнөөдрийн нөхцөлд нэгдүгээрт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоог танилцуулж байна. Хоёрдугаарт, гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийн тоог танилцуулж байна. Үүн дээр эдгэж гарсан болон нийт Covid-19-ийн онош батлагдсан тохиолдлуудыг танилцуулж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт 1311 хүнд Covid-19-ийн онош батлагдсан. Энэ нь эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж буй хүний тоонд огт ороогүй. Учир нь, 24 цагт тандалт судалгааны багийнхан тухайн өвчтөнд эмнэлзүйн үнэлгээ хийнэ. Нөгөөтэйгүүр өчигдөр батлагдсан тохиолдлуудаас тодорхой тоо үлдсэн байдаг. Энэ бүх тоо нэгдээгүйгээс энэхүү тоо зөрдөг. Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоногт тогтмол 1000 тохиолдол бүртгэгдлээ. Тандалт судалгааны албаныхан 24 цагт багтаж ажиллах гэж хичээж байна. Зарим тохиолдолд тухайн хүмүүстээ очиж чаддаггүй тохиолдол гардаг.

Ж.БАЙГАЛЬМАА:

-Covid-19-ийн тохиолдлын тоо нэмэгдэх бүрт 24 цагт хүрч үйлчлэх асуудал төвөгтэй байна. Гэхдээ тандалт судалгааны багийн тоог нэмж, дүүрэгт ажиллаж байна. Энэ тоо удахгүй тэнцэнэ.

Covid-19 цар тахалд өртөж эдгэсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагатай юу. Хотоос гарах, албан байгууллагаар ороход заавал PCR шинжилгээ шаардаж байна?

Заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй. Бид өмнө нь ч хэлж байсан, халдварт өртөж эдгэсэн хүмүүсийг эргэж ажилдаа ороход нь албан байгууллагууд PCR шинжилгээ нэхэхгүй байхыг зөвлөсөн. Гэсэн ч албан байгууллагууд шинжилгээ нэхэж байна. Халдвар авч эмчлүүлээд, эмнэлгээс гарсан хүн эмчлэгч эмчээсээ магадлагаа авна. Гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүс харъяа дүүргийн өрхийн эмчээс магадлагаа авч болно. Өөрөөр хэлбэл, PCR шинжилгээ өгөх шаардлагагүй, магадлагаа үзүүлэх боломжтой.

-ХӨСҮТ-ийн ачаалал хэр байна вэ. Одоогоор хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Зөвхөн ХӨСҮТ биш, бүх дүүргийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ор дэлгэсэн. Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж, хүнд болон нэн хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа тул өвчлөл хүндэрсэн хүмүүсээ хүлээж авахаар зохицуулалт хийж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдварын онош батлагдсан нийт 35 хүн эмчлүүлж байна.

-Хүнс тээврийн жолооч нар шинжилгээний бичигтэй хот хооронд зорчиж байгаа ч хариугаа хүлээхдээ цаг алдаж байна. PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?

-PCR шинжилгээ төдийгүй эмнэлзүйн тусламж үйлчилгээтэй холбоотой удирдамж түр заавруудыг шинэчилж байна. Халдварын тархалтын үе шатаас хамаарч шинжилгээ хийх, эмнэлгийн тусламж үзүүлэх зэрэг зохицуулалт шинэчилж байна.

-Гэрээр эмчлүүлж буй хүмүүст ямар зохицуулалт хийх вэ. Халдварын онош батлагдсан тохиолдолд ХӨСҮТ-өөс ирж тусламж үзүүлэх үү, эсвэл тухайн дүүрэг хариуцах уу?

-Өнөөдрийн байдлаар 6705 хүн гэрийн тусгаарлалтад байна. Тэдний 4440 нь гэрийн хяналтад байгаа юм. Мөн 2559 хүн ажиглалтаас гарсан. Цаашид халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлэг (60-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй) хүмүүсээ тодорхойлж, PCR шинжилгээний бичиг шаардахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх түр журам мөрдөж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүсийн өдөр бүрийн хяналтыг сайжруулах зохицуулалт хийж байна. Халдварын онош батлагдсан хүмүүсийг дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагууд хариуцна. Дээр дурдсанаар дүүрэг бүрт тандалт судалгааны багийнхан ажиллаж, яаралтай хариу арга хэмжээ авч байгаа юм.