АН “УЛЦАН” ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖОО АНХААРАХ СӨХӨӨ АЛГА

Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр АН-ыг муухай харагдуулдаг хүн нэгээр нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн, Ховд аймгаас сонгогдсон Б.Пүрэвдорж.
Тэрээр хэд хоногийн өмнө нийслэлийн зам дээр хурд хэтрүүлэн давхиж ноцтой осол гаргасан нь олон нийтэд ил болсон. Осол гаргах үедээ тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нотлогдсон гэдэг. Б.Пүрэвдорж замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчдөг нэгэн болох нь энэ удаагийн ослоор тодорхой болов. Тэрээр 43 орчим удаагийн үйлдлээр 915,000 төгрөгийн торгуультай гэж гарчээ.
УИХ-ын гишүүний хувьд иймэрхүү үйлдэл хамгийн муухай. Хууль тогтоог хүн хуулиа хамгийн түрүүнд мөрдөх учиртай. Гэтэл согтуугаар хурд хэтрүүлж машинаа нялга болтлоо мөргөлдүүлж, дээр нь удаа дараагийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж явдаг нь энэ хүн ерөөс төрийн түшээ гэж хэлэхэд хүнд болж байгаа юм.
АН дотроо бас баахан асуудалтай. С.Эрдэнэ, Ц.Туваан гэдэг хоёр хүн намаа хувьчилж авахаар эцэс төгсгөлгүй хэрүүлийг эхлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирээд байгаа энэ өдрүүдэд ч шийдэж чадаагүй явна.
Парламентад сонгогдсон хуруу дарам цөөхөн гишүүдээс нь ийм ёс зүйгүй, бөгс улайм үйлдлүүд гараад байдаг. Үүнд бүлэг, намын зүгээс анхаарах сөхөө ч алга.
Ерөөс АН-аас өнгөтэй үг үйлдэл сонгогдохоос илүү хар бараан мэдээлэл л дуулддаг болоод удлаа. Үүний ард мянга мянган гишүүд дэмжигчид, тойргийн сонгогчдын эрх ашиг хамгийн тэргүүнд зөрчигдсөөр байгаа нь харамсалтай.