Баривчилгаатай, нэгжлэгтэй, түгжрэлтэй долоо хоног

Баривчилгаатай, нэгжлэгтэй, түгжрэлтэй долоо хоног

Улстөрчид “Нүүрсний хулгай бол маш том хулгай. Хэдэн их наядаар яригдах нүүрс хилээр гарсан байна” гэж уулга алдсан нь хэтрүүлэг биш байжээ. Гэвч 3 сая гаруй иргэн хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс тавантолгой” компанид хулгай нүүрлээд хэдэн жил болсныг  хэзээ хойно мэдсэн нь үнэхээр харамсалтай. Хулгайн хэргийн мөрөөр хууль хяналтынхан ажиллаж буй бөгөөд Авлигатай тэмцэх газар /АТГ/ -ын мөрдөгчид энэ сарын 16-нд 33 обьектод нэгжлэг хийж, дөрвөн этгээдийг баривчилснаа зарлав.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн энэ тухай "Тавантолгой төмөр зам” ХКК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр шалгаж байна. "Богдхан" төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал өнөөдрийн байдлаар гадаад улсад байна. Аливаа мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах ёстой. Бид хэн нэгнийг хүлээх ёсгүй. Өчигдрийн байдлаар дөрвөн этгээдийг баривчилсан. Прокурорын зөвшөөрөлтэй байж мэдээлэл өгдөг. Мөрдөн шалгах ажиллагаа, үзлэг шалгалт явуулж, тодорхой нотлох баримтуудыг хураан авсан” гэж мэдээлсэн юм.

Нүүрсний хэрэгт шударга таваас ч шалгагдахаар боллоо

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү арваннэгдүгээр сарын 17-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Маш нөлөө бүхий хүмүүс гэж хэлж болох УИХ-ын гишүүн, Ардын намын шударга тав гэж нэрлэдэг хүмүүс ч нүүрсний хэргээр шалгагдахаар болж байна. Нүүрсний хулгайтай цуг ноцтой юм явж байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал яригдаж байгаа. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын тэргүүн У.Хүрэлсүх маш анхааралтай ажиглаж байгаа гэж харж байгаа, хуулийн байгууллагыг хуулийн нь дагуу ажиллуулж байгаа гэж бид ойлгож, харж байгаа. Энэнд саад болох гэсэн хүмүүс муу хэлдгээрээ Ардчилсан нам, С.Баярцогт гэж ярьж байгаад цаагуураа жинхэнэ хулгайгаа нуух гээд байна. Энэн дээр ард түмэн хяналтаа хатуу тавих ёстой” гэж мэдэгдсэн юм.

Сүүлийн арван жилд 20 их наядтай тэнцэх нүүрс хулгайд алдагджээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн энэ өдөр/2022.11.17/ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг  хоёр улсын гаалийн байгууллага тогтоочхоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр  их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй юм. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан.

Мөн УИХ-ын Хяналтын сонсголыг санаачилж зохион байгуулна. Үүнд, есөн гишүүн нэгдсэнээр зохион байгуулах боломжтой болно. Тиймээс гишүүдийн гарын үсгийг авч эхэлнэ. Аль нам байх нь хамаагүй, бид хянах ёстой.

Төмөр замын хулгай “Эрдэнэс Тавантолгой”-н эх үүсвэрээр санхүүжилтийг нь авч байна. Гэхдээ нүүрсээр хямдхан авч байна. Зах зээлийн үнээс 10-20 хувь хямдхан авч түүгээрээ төмөр зам тавьж байна. Хоёр төмөр зам тавьсан. Нэг нь зүүн тийшээгээ, нөгөө нь урагшаагаа. Гэтэл урагшаа хийгдсэн төмөр замын санхүүжилт нь зүүн тийшээгээ тавьсан замынхаа санхүүжилтээс 3-4 дахин өндөр байна гэх мэдээлэл ирээд байна. Цаашлаад Богд уулын урдуур тавигдах төмөр замыг 8 сая ам.доллараар тавина гэж байна. Энэ бүх мэдээлэл нь нууц байдаг. Ийм аргаар хулгай их хийгдсэн байна.  Тооцож үзвэл 30-40 их наядын хулгай хийгджээ. Үүнийг бид одоо зогсоох хэрэгтэй.  Уг асуудлыг УИХ дээр нээлттэй, ил тод хэлэлцүүлье.  Асуудлыг шийдэхгүй байгаа хуулийн байгууллагуудад шахалт үзүүлье. Нууцлаад байгаа гэрээнүүдийг ил болгоё. Зүй нь төрийн өмчийн компаниудыг хувийн сектор руу оруулах, олон нийтийн компани болгох юм.  “Эрдэнэс Тавантолгой” цаашлаад “Эрдэнэт” гээд уул уурхайн чиглэлээр байгуулагдсан бүх төрийн өмчийн компаниудыг олон нийтийн оролцоотой компани болгож, хувийн менежментэд оруулахгүй бол энэ хулгай цаашид  ч үргэлжилнэ. Үр дүнд нь Монгол Улс авлигалдаа живсэн, ард иргэдийн амьдрал доротойж,  залуус  нь гадагшаа явсан ийм л дүр зураг бидний өмнө байна” гэв.

Нийслэлчүүд замд хоног төөрүүлэв

Улаанбаатар хотод өнгөрсөн баасан гаригт цас орсноор нийслэлчүүд зам дээрээ хоног төөрүүлэв. Нисэх, Яармаг чиглэлийнхэн зургаагаас долоон цагийг замд өнгөрөөж 23.00 цагт гэрийн бараа харсан бол гэр хорооллынхон шөнийн бор хоногтоо багтаж гэртээ орцгоов.

Мөн хотын төвтэй ойр байрлах аравдугаар хороолол, 25 дугаар эмийн сан, гурав, дөрөвдүгээр хороолол, офицерын иргэд пингвин алхалт хийсээр гэртээ хүрцгээв.

Түгжрэлийг бууруулахын тулд нийслэл энэ онд 420 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч ганц цасанд бүгдээрээ сууцгаасан нь энэ.

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн асуудлыг хариуцсан сайдын албан тушаал шинээр бий болгож, Ж.Сүхбаатарыг томилсон. Гэвч шинэ сайд туршлага л судлаад суугаад байгаагаас биш дорвитой арга хэмжээ авсангүй.

Уг нь бэлээхэн хэрэгжүүлж ирсэн туршлага бий. Жишээ татвал, хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчихоор болгож, журамлаж байв. Дээрх журам хэрэгжсэнээр нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь автобусанд сууж, автомашинаа тавьсан. Энэ журмыг хэрэгжүүлэхэд л түгжрэлийг сааруулах боломж байгаа. Учир нь, нэг автобусанд 60-70 зорчигч зорчиж яваа бол суудлын жижиг тэрэг гол төлөв нэг л хүнтэй. Нэг хүний эрх ашгаас илүү нийтийн эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой ч сошиалаар “нүдүүлэх”-ээс эмээдэг үү нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчих журмыг хэрэгжүүлсэнгүй, тэг зогсолт хийцгээв.

7 ХОНОГИЙН ТОЙМ :NEWS.MN