Боомт ба боломж: Цагаан дэл ашиглалтад орсноор жилд багадаа 3 тэрбум ам.долларын орлого олно

Боомт ба боломж: Цагаан дэл ашиглалтад орсноор жилд багадаа 3 тэрбум ам.долларын орлого олно

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого” УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байдаг. 

Энэхүү “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийг тусгайлан авч үзэж, онцгой анхаарахаар болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс боомтын хүчин чадлаар дэлхийн 160 улсаас 130-д эрэмбэлэгдэж байгааг онцлоод эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын өмнөх байдалд орсон учраас боомтын үйл ажиллагааг дараагийн шатанд гаргаж, шинэ тутам боомтыг нээж, цусны урсгалаа сайжруулна хэмээн олны өмнө тунхаглаж байв. Гэвч одоо хэр тэрхүү цусны усргалаа сайжруулахгүй, бэлэн боломжоо ашиглахгүй байгаа нь асуудал болж байна.

Манай улс нийт хуурай замын 42 боомт, агаарын замын 4 боомттой. Оросын Холбооны Улстай 29, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 13 боомтоор хиллэдэг. Гэтэл экспортын голлох бүтээгдэхүүн уул уурхайн түүхий эдийнхээ 90 гаруй хувийг урд хөрш рүү зөөдөг гэдгийг эргэн харвал бид нэн даруй урагш чиглэсэн хилийн боомтын тоог нэмэгдүүлж, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай юм. Энэ нь өөрөө бид монгол, тэд хятад байхаас үл хамаарч мөнгө хаана байна, тэнд тоглох ёстой эдийн засгийн илүү чухал ойлголт. 

Одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт  хөрш орнуудтай холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг ирэх намраас өмнө ашиглалтад оруулах амлалт өгчихсөн байгаа. Хэлсэн ярьсандаа байж чадвал  5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болох юм. 

Энэ ажилтай зэрэгцэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах ажлууд анхаарал татсан хэвээр байна. Анхаарал татаж байгаа өнөөдрийн шалтгаан нь аль хэдийнэ хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт хийгдээд эхэлчихсэн боомтын ажлаа манай Засгийн газар түтгэлзүүлэх, гацаах, бүр цаашлаад зогсоох тухай ярьж эхэлсэнд байна. Түүний нэг нь Цагаан дэлийн боомт. 

Цагаан дэл боомтын бүтээн байгуулалтыг хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажил тэртээ 2014 оноос эхэлсэн. Энэ оныг нэмж бодвол нийтдээ найман жил назгайраад байгаа ажил юм. Хоёр улс төрийн дээд хэмжээнд харилцан зөвшилцөж, эхлүүлсэн энэ ажил 2019 оны зургадугаар сард дараагийн шатанд гарч Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  боотмын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар Цагаан дэлийн боомтын бүтээн байгуулалтад Хятадын талаас 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг боомтын барилга, гаалийн хяналтын талбайд хийсэн байна. Үүнээс гадна  зам, дэд бүтцийн ажилд 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг мөн оруулжээ. Одоо монголчууд зангаа хувиргаж, замаа буруулахгүй бол бид энэ боомтоор уул уурхайн голлох түүхий эд болох нүүрс тээврийг эрчимжүүлж, зэрэгцүүлэн аялал жуулчлал, бусад төрлийн худалдаа, арилжааг хийж, эдийн засагтаа Ерөнхий сайдын амласан шинэ сэргэлтийг хийх боломжтой. 

Монгол Улс олборлосон нүүрснийхээ 90 хувийг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хэмээх хоёр боомтоор дамжуулан өмнөд хөрш рүү экспортолдог. Энэ хоёр боомтоор жилдээ 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гаргаж ирсэн ч сүүлийн 2 жил гаруйн хугацаанд нийлбэр дүнгээр ердөө 20 сая тонн хүрэхтэй, үгүйтэй нүүрсээ арай ядан зөөсөн байна. Энэ байдлыг сайжруулахгүй бол бид өөрсдөө эрсдлээ даах хэмжээний нөхцөлд одоохондоо биш байна. Өөрөөр хэлбэл манай эдийн засаг нэг машин нүүрс хил дээр гацахад л нэг өдрийн зовлонг өөртөө нэмэх хэмжээний эмзэг байна гэсэн үг. Дөрөвдүгээр сарын дүнгээр манай улс урд хөршид  1.31 сая тн нүүрс нийлүүлсэн нь өмнөх сараас 35 хувь өсжээ. Энэ нь нүүрснээс олсон орлого оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 40 хувь өссөн үзүүлэлт болж байна.. Уг өсөлтийн ачаар гадаад худалдааны тэнцэл 4 дүгээр сард 450 сая ам.долларын ашигтай гарчээ. Тиймээс гуравдагч боомтын асуудал чухлаар тавигдах болсон нь Цагаан дэлийн боомт юм. 

Сангийн сайд Жавхлангийн хийсэн мэдэгдлээр Цагаан дэлийн боомт ашиглалтад орсноор эхний жилүүдэд 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ. Энэ тоо цаашдаа 15-20 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо ч бас бийг дурдсан. Энэ оны тавдугаар сарын дэлхийн зах зээлийн ханшаар нэг тонн коксжих нүүрс 300 ам.долларт хүрээд байна. Бид Цагаан дэлийн боомтоор жилд дундажаар 10 сая тонн нүүрс экспортлоно гэж үзвэл зөвхөн энэ боомтоос жилдээ коксжих нүүрснээсээ 3 тэрбум ам.долларын орлогыг улсынхаа эдийн засагт оруулах боломжтой. Нүүрсний экпортын хэмжээ нэмэгдэх тусам бидний орлого нэмэгдсээр байна. Гэвч энэ нь өөрийн цаг хугацаатай, эрэлт нийлүүлэлтээр шийдэгдэнэ гэдгийг мартах учиргүй. Дэлхий нийтэд коскжих нүүрсний хэрэглээг авч үзвэл ахуйн хэрэглээний хувь хэмжээ жил ирэх тусам буурсаар байгааг тооцвол бидэнд боомтоо нээхгүй хойшлуулах, нүүрсээ зөөхгүй хадгалах ямар ч шалтгаан байхгүй. 

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар цар тахлын хүндрэл илааршиж манай нүүрс тээврийн хувь хэмжээ өмнө дурдсанчлан нэмэгдсэнээр бид урд хөршид коскжих нүүрс нийлүүлэгч хоёр дахь гол улс болж, байр сууриа сэргээжээ. Хэрэв гуравдагч боомтыг ашиглалтад оруулж чадвал БНХАУ-ын жилийн хэрэглээ болох 70 сая тонн коксжих нүүрсийг дангаараа ч хангаж болохоор байгаа юм. Мөнгөн дүнгээр авч үзвэл бид зөвхөн урд хөршөөсөө жилд 21 тэрбум ам.долларын орлого олох бүрэн боломжтой. 

Нөгөө талаар зам дагаж хөгжил хэмээн бид ярих дуртай. Тэгвэл Цагаан дэл боомтыг чиглэлд нийтдээ 270 км авто зам баригдана. Энэ зам Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” боомт хүрнэ. Зам дагуу замын хөдөлгөөний хяналт удирдлагын төв, шуурхай үйлчилгээний алба, Зам засвар арчлалтын төв, Авто засвар, граж,  амрах талбай, дэлгүүр, халуун ус, ажилчдын байр, гүний худаг, зочид буудал, дугуй засвар, бие засах газар зэрэг бусад үйлчилгээний байгууламжууд цогцоор хийгдэнэ. Энэ бүхэнд ажлын байр бий болно, ашиг орлого нэмэгдэнэ. Уг тусгай зориулалтын авто замын ажилд “Ундрах говь” ХХК тэнцэж автозамыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр болсон. Гэвч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулчихаад байгааг төрөөс онцгойлон зохицуулах, иргэд, ААН хооронд ойлголцолд хүргэхэд дэмжлэг үзүүлэх шаардлага тулгараад байгаа. Ажил нэг өдрөөр хойшлоход нэмж манай Засгийн газар, гүйцэтгэгч компани алдагдал хүлээсээр байх болно гэдгийг мартаж болохгүй юм. 

Эцэст нь товчхон дүгнэж хэлбэл зөвхөн Цагаан дэл мэтийн нэгхэн боомтыг тойрсон түмэн боломж монголчуудад байна. Нүүдэлчин монголчууд нийлүүлэгчээс үйлдвэрлэгч, үндэсний бүтээн байгуулагч болж болно. Харин боломж өөрийн цаг хугацаатай учраас боломжийг ашиглах зориг, зүрхтэй байх нь бидний асуудал болон хувирч байна.  Одоогийнх шигээ дүлгэнэж, олны ам, дотоодын зөрчилдөө идэгдээд яваад байх юм бол бидний баялаг гэгдээд байгаа нүүрс үнэс төдий болж, дэлхий дахин харь гариг судалж байхад дэргэд нь хэдүүлээ малаа дагаж нүүдэллэсэн, манай дарга нар бидэндээ хуурамч хайр зарласан хэвээр өнгөрсөн зуундаа үлдэж мэдэх юм.