Б.Ууганбаяр: Эдийн засгаа аваръя, хотын зовлонг шийдье гэвэл яаралтай казино байгуул

Манай улс хуулиар мөрийтэй тоглоомыг хорьдог боловч бодит байдал дээр мөрийтэй тоглоом цахим хэлбэрээр болон зохион байгуулалттай нууцаар явагдсаар байгаа юм. Тиймээс мөрийтэй тоглоом, цаашлаад казиног хууль ёсны дагуу байгуулж, энэ үйл ажиллагааг ил тод болгох замаар эдийн засагт мөнгө татах боломжийн талаар Б.Ууганбаяртай ярилцлаа.
Та бол мөрийтэй тоглоом, тэр дундаа хууль ёсны казиног Монголд оруулж ирэх нь зөв гэж үздэг хүний нэг. Энэ тухай ярихын өмнө казино гэж юу болох талаар ярилцая?
Манайхан казино гэхээр архи дарс, хар тамхи, биеэ үнэлэгч, хууль бус үйл ажиллагааны үүр уурхай мэтээр төсөөлөөд байх нь элбэг харагддаг. Гэтэл дэлхий дээр АНУ, Англи, Герман , Энэтхэг, Монако, Итали, Голланд, Макао, ОХУ, Өмнөд Солонгос, Сингапур, та бидний сайн мэдэх Казахстан гээд 30 гаруй улс оронд казино зөвшөөрөгдсөн, эдийн засгийн үр өгөөжийг хүртээд явдаг нэг төрлийн бизнес юм. Нөгөө талаар казино гэдэг тоглоом тоглодог нэг байшин бус бүхэл бүтэн цогцолбор байдаг. Тэнд кинотеатрууд, хүүхдийн тоглоомын парк, амьтны хүрээлэн, брэнд хувцасны дэлгүүр гээд тухайн хүний зугаацаж болох, эсвэл гэр бүлээрээ хийж болох бүх зүйлийг нэг дор цогцлоосон амралт, зугаалгийн томоохон төв гээд ойлгоход болно. Ийм комплекс бүтээн байгуулалтад мөнгөтэй хүмүүс зорьж очдог, тэнд мөнгөө үлдээдэг. Асар их мөнгөний урсгал энд явж байдаг учраас Сингапур л гэхэд казино барьж байгуулахад нийт арван тэрбум доллар зарцуулаад
тэр мөнгөө хоёрхон жиоийн дотор нөхөөд авчихсан гэдэг юм билээ. Түүнээс хойшх нь дандаа ашиг болж, улсынхаа эдийн засагт үлэмж нөлөө үзүүлж байна.
Дэлхийн улс орнууд үүгээр ашиг хийж, ард иргэд нь баян чинээлэг амьдраад болоод байгаа учраас би Монголд казино байгуулах ёстой гэж хэлээд байгаа юм. Дэлхий дахин өмнөхөөсөө тэс өөрөөр эргэж байна. Хөрш гүрнүүдийн эдийн засаг тэлж, дэлхийн голлох тоглоч болон өрсөлдөж байхад бид тэр дундаас зөвхөн казино байгуулснаар асар их ваюльтыг татаж төвлөрүүлэх боломжтой.
Бид сүүлийн 20, 30 жил уул уурхай ярьж байна. Гэтэл бодит байдал дээр нүүрсээ ч зөөж гаргах төмөр замгүй, хэдхэн зуун километрийн цаадах зах зээлд гаргаж чадахгүй гацаад сууж байх жишээтэй. Нөгөө талдаа ард иргэд нь байгаль орчин сүйтгэж байна, уух ус, бэлчээргүй болоо гэх мэтээр асар их хэл ам араасаа дагуулсаар байна. Тэгвэл казино экологит ямар ч хор хохирол учруулдаггүйгээрээ нүүрс, алт, зэс ухахаас хамаагүй илүү бизнес юм.
Таныхаар тэгвэл манай улсад казиног хаана, хэрхэн байгуулж, ажиллуулах ёстой вэ?
Манай улс сүүлийн хил гааль хаалттай гурван жилийн хугацаанд гаднаас ямар их хамааралтай байгаагаа илүү сайн ойлгож авах шиг боллоо. Дотооддоо вальютын нөөцгүйгээс гаднаас авдаг стратегийн бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүйдээ тулж мэдэхээр нөхцөл байдал үүсэж байна. Энэ байдал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж, үндэсний мөнгөн тэмдэгт үнэгүйдэхдээ тулж байна. Тиймээс яаралтай казино байгуулах ёстой. Ингэхдээ хоёр арга замаар хийх ёстой. Нэгдүгээрт аялал жуулчлалтай хослуулах замаар улсынхаа үзэсгэлэнт газруудыг түшиглэн байгуулах явдал. Жишээ нь Хөвсгөл далайн эрэг дээр дээд зэрэглэлийн зочид буудал, амралтын газар бүхий казино байгуулах хэрэгтэй. Тэнд дэлхийн баячууд олноороо ирж амрахын хажуугаар казиногоор үйлчлүүлнэ. Далайн үзэсгэлэнт байгальд амарна. Нутгийн иргэд ажилтай, улс вальюттай, хэн хэн нь сэтгэл хангалуун байх боломжтой.
Хоёрдугаарт чөлөөт бүс, шинэ нисэх буудлыг түшиглэн казино байгуулах ёстой. Чөлөөт бүсэд байгуулах маш олон талын ач холбогдолтой. Тэнд зөвхөн казино тоглох биш үнэдсний үйлдвэрлэлээс гарсан бараа, бүтээгдэхүүнийг борлуулах, үнэд хүргэх бүрэн боломж дагаад бий болно. Ер нь чөлөөт бүсийг нэр төдий байлгах бус тэнд эдийн засгийн эргэлт бий болгоё гэвэл тухайн бүсэд худалдаа наймаа, арилжаа хийхэд ашигтай байх боломж нөхцөлийг бий болгох шаардлагатай. Ингэхдээ нэг их хэцүү бодлого бодоод байх ч шаардлагагүй. Казиног цогцолбор байдлаар байгуулчихад л аяндаа зах зээлийн зарчмаараа өөрөө хөгжиж, үр өгөөжөө өгөөд явчихна. Мэдээж хэрэг нисэх буудлыг түшиглэсэн нэг казино байхад гадна, дотны жуулчид, зочид төлөөлөгчид тэнд мөнгөө үлдээнэ.
Энэ мэтээр улсын хэмжээнд 3-5 казино байхад манай эдийн засаг аль ч Засгийн газрын гаргасан бодлого, бондоос илүү сэргэнэ. Монголчууд сайхан амьдарна. Саяхан нийслэлийн Засаг дарга хот хөдөөгийн ялгааг арилгах талаар сүржин зүйлс ярьж байгаа харагдсан. Хэрэв казино байгуулчих юм бол тэр ялгаа чинь хоёрхон жилийгн дотор алга болно. Хотын төвлөрөл, замын түгжрэл, утаа чинь бүгд алга болно. Хүн ажил, орлого хаана байна, тэндээ л амьдардаг, цугладаг. Хэд хэдэн байрлалд казинотой болчихвол хэн энэ хотод бүгээд, цуглаад, хараалаа урсгаад суух вэ дээ.
Таны хэлж байгаачлан казино байгуулчихлаа гэж бодоё. Гэтэл монголчууд тэнд очиж байгаа хэдэн төгрөгөө үрээд ажил ч үгүй, амьдрал ч үгүй болно гэсэн болгоомжлол, шүүмжлэл бас байдаг юм билээ?
Монгол иргэдийг казинод тоглуулах ёстой, эсвэл хориглох ёстой гэсэн талцал их байдаг юм билээ. Мөрийтэй тоглоом буюу казино өөрөө нэг талаас донтуулах аюултай бооцоот тоглоом мөн үү гэвэл мөн. Тиймээс энд хуулийн зохицуулалт хэрэгтэй. Монголчуудыг тоглуулахгүй байхаар хориглолт хийж болно л доо. Гэхдээ энэ нь оновчтой биш. Харин тэрний оронд зүгээр өндөр такс тогтоож өгөх хэрэгтэй. Тэртэй тэргүй манай томчууд бүгд гадны казинод очиж зугаацдаг, мөнгөө үрдэг нь нууц биш. Тэд нар гадагшаа хэдэн цаасаа урсгаж үрж байхаар дотооддоо тоглог л дээ. Дундаж иргэн харин тоглохын тулд төлөхөд хүндрэлтэй таксыг гаргачих хэрэгтэй. Тэгвэл хэн дуртай нь ороод байж чадахгүй. Донтож дампуурах боломжгүй болно.
Ер нь мөрийтэй буюу бооцоот тоглоомыг хуульчилж, хуулийн хүрээнд явуулах, эсвэл бүр мөсөн хориглох хэрэгтэй. Онлайнаар болохоор хүмүүс тоглож болоод байдаг, бодитой газар байгулаад тоглуулая гэхээр болддоггүй байж болохгүй биз дээ. Бүх зүйл эрх тэгш байх ёстой учраас би энэ тухай хэлээд байгаа юм.
Эцэст нь хэлэхэд казинод тоглох эсэх нь хувь хүний өөрийнх нь асуудал. Нөгөө талаар казино байгуулах асуудал өөрөө хугацаа шаарддаг зүйл. Байгуулья гэсэн шийдвэр гарлаа гэхэд тэрнээс хойш дор хаяж 3 жилийн хугацаа шаардана. Өртгөө нөхөх гэж ахиад 3 жил шаардана. Тэгэхээр энэ ажлыг одоогийн УИХ, Засгийн газар шийдээд, эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй байна. Алдаа дутагдал гарлаа гэхэд бидэнд засаж залруулах хангалттай хугацаа байгаа гэсэн үг.
Танд баярлалаа