Д.Сумъяабазар "Улсын нууц"-аар халхавчлан 268 тэрбумын хулгай хийх гэж байна уу?

Найр наадам, амралт зугаалга гээд монголчууд маань хөдөө гадаагаа зорьж, хэрийн юм анхаарахаа болих цагаар манай хотын дарга Д.Сумъяабазар маргаашийн буюу энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн маш нууц гэсэн тодотголтойгоор 268 тэрбум 369 сая төгрөг батлуулж аваад бараа, сураггүй арилахаар зэхэж байна. Энэ мөнгийг баталчихвал хотын дарга хэрхэн зарцуулсан, хэдийг нь завшсан зэрэг нь 20 жилийн дараа ил болох буюу төрийн нууцаас гарах юм байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар энэ лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зарим төсөл, арга хэмжээний зардлыг батлуулах юм байна. Үүний нийт төсөвт өртөг нь дээр дурдсанчлан 268 тэрбум 369 сая төгрөг бөгөөд 2022 онд эндээс 151 орчим тэрбум төгрөгийг батлуулж авахаар болж байгаа бололтой.
Хамгийн хачирхалтай нь нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахад ач холбогдол бүхий УИХ-аас баталсан хөгжлийн төсөлд тусгагдсан томоохон бүтээн байгуулалт болон нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэл, зам тээврийн удирдлагын цахим хяналт зэргийн худалдан авах ажиллагааг нууцын зэрэгт хамааруулахаар Засгийн газрын тогтоол гарчихсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл нэгэнт улсын нууцад хамаарч байгаа бол дээрх зам тээвэр, түгжрэл зэрэгт зарцуулах төсөв, түүний зарцуулалтыг иргэд, олон нийт хянах, мэдэх эрхгүй байхаас гадна, үр дүнд нь өнөөх л овоолсон шороо, ухсан газар, насгүй бүтээн байгуулалтууд гарах нь тодорхой юм.
Тухайлбал, манай хотын Засаг дарга хэвлэлээр ярихдаа төв замын камерууд ажилладаггүй гээд хээв нэг хэлж байв. Гэтэл үүний дараа Замын цагдаагаас бүгд хэвийн гэдгийг хэлсэн бол иргэд ч ажилладаг юм байна гэсээр торгуулын хуудсаа олон нийтийн сүлжээнд оруулж байлаа. Чухам ийн барим тавин худлаа яриад байсны цаана улсын нууцаар халхавчилсан "Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем" нэртэй 12 тэрбум 300 саяын мөнгө яригдаж байжээ. Энэ бол мөнөөх 300-гаад тэрбум төгрөгийн задаргааны нэг л жишээ юм. Энэ жагсаалт цааш үргэлжилж 13 нэр төрлийн ажил, арга хэмжээнд зарцуулагдахаар байгаа юм. /Дэлгэрэнгүй жагсаалтыг зурагнаас харна уу/
Хотын мэр энэ ажлыг эртнээс төлөвлөж байсан нь түүний 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/163 захирамжаас тодорхой харагдана. Уг захирамжаар дээрх ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой төсөв санхүүг, төвлөрүүлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг бүхий л үйл явцыг жин тан болгосон байна. Харин маргааш энэ ажлын төсөв, санхүүг Засгийн газраас батална. Ингээд эрхэм хотын дарга маань хэдэн зуун тэрбумын төсөвтэй, хэний ямар компани хийх нь хаалттай, хэдий хэрийн мөнгө зарцуулах нь нууц гайхалтай ажлаа хэрэгжүүлж эхэлнэ.
Харин иргэд яг юу болоод байна аа гээд асууж шалаад эхэлбэл, "Улсын нууц аа, битгий хуц" гээд дунд хуруу гаргаад суух нь байна. Ингэж татвар төлөгчдийн мөнгө төсөвт төвлөрөөд эргэн гарахдаа эрх мэдэлтнүүдийн ам, хэлцлийн дагуу "МАШ НУУЦ" гэсэн хаяг зүүгээд нэг л мэдэхэд үгүйрдэг байх нь.