ЭМГЭНЭЛ

ЧОЙМБОЛЫН ЯДАМЖАВ
/1949-2022/
Халамжит хань, хайрт аав, Монголын театр урлагийн алтан үеийн нэрт зүтгэлтэн, жүжигчин Чоймболын Ядамжав 2022 оны 11 дүгээр сарын 28-нд зуурдаар таалал төгсөж, хань, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Чоймболын Ядамжав нь 1949 оны нэгдүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Зотолхан уулын бэлд мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, бусдын адил бага, дунд сургуулийг дүүргээд их урлагт хөл тавих замналаа 1967 онд эхлүүлжээ.
Мэргэжлийн жүжигчдийн уран уншигчдын улсын уралдааны шагналт Чоймболын Ядамжав нь Дорнод аймгийн ХДТ-т 1967 оноос жүжигчнээр орж хувь заяагаа урлагийн алтан тайзтай холбосон Дорнодын театрын урдаа барьдаг авьяаслаг жүжигчин, уран уншигч, ахмад уран бүтээлч байлаа. Ч.Ядамжав театрт ажиллах хугацаандаа өөрийн орны болон дэлхийн сонгодог 100 гаруй жүжиг, хэд хэдэн киноны гол ба туслах дүрийг бүтээж, 140 гаруй концертын хөтлөгч хийж, 90 гаруй шүлэг найраглалыг уншин эх орныхоо бүх аймаг, сумдаар аялан тоглож байв.
Авьяаслаг жүжигчин Ч.Ядамжав агсны тоглосон жүжиг, кино, уншсан шүлэг найраглал нь үргэлж үзэгчдийн баяр талархлыг хүлээж байсан юм.
Талийгаачийн тоглосон “Гул Аранжин” киноны нэгдлийн дарга Гантөмөр, “Хэцүү ван Тогтохтөр” киноны манж түшмэл Фульмингаа, “Сар хиртсэн шөнө” жүжгийн Акьгет, “Номхорсон бүсгүй” жүжгийн Люченцио, “Тайж нарыг дуурайж хөглөсөн нь” жүжгийн Ковьель, “Хувьсгалын судалбар”-ын В.И.Ленин, “Шарай голын гурван хаан” жүжгийн Хар гэрт хаан, “Алтан ай” жүжгийн Курманбек, “Эндүүрэл” жүжгийн Сүх, “Далан худалч” жүжгийн Бэлэн Сэнгэ, “Хурим” жүжгийн бадарчин Чоймбол, “Найрын ширээний ууц” жүжгийн Галжав, “Задын чулуу” жүжгийн Дамирандоной, “Үнэ цэн” жүжгийн Сүрэн, “Гурвын заяа” жүжгийн Очирбат зэрэг эерэг, эсрэг дүрүүд нь түүний уран бүтээлийн хэмжээ далайц, дүр бүтээх уран чадварынх нь илрэл болсон юм.
Ч.Ядамжав авьяаслаг жүжигчин төдийгүй гайхамшигтай уран уншигч, мэдрэмж төгөлдөр хөтлөгч байсан билээ. Түүний уншсан “Би хаана төрөө вэ”, “Ерэн баатрын дууль”, “Гар”, “Морьд”, “Учрахуйн шүлэг”, “Манлайн цацлага хэмээх хуурын есөн татлага”, “Есөн эрдэнийн орон”, “Далд уянга”, “Малчин”, “Сэлбэ”, “Майга”, “Боржигоны бор тал” зэрэг олон шүлэг, найраглалууд дахин давтагдашгүй уран уншигчийн чадварыг нь харуулсан билээ.
Төрөлхийн авьяасаа хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө тордон, бүтээж туурвихын нууцыг нээж, гайхамшгийг бий болгосон хүн бол Ч.Ядамжав байлаа. Түүнийг нутгийн ард олон нь “театрын Ядамжав” гэдэг бол бусад аймаг, төвийн уран бүтээлчид, үзэгчид “Дорнодын Жамсранжав” гэж хүндлэн дууддаг авьяаслаг жүжигчин, аугаа уран уншигч байлаа.
Төр засгаас түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнажээ.
Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар, гэгээн дүр, авьяас төгөлдөр амьдрал үр, ач, хамт олон, хамтран зүтгэгч бидэнд үүрд мөнх дурсагдах болно.
УМ МА НИ БАД МЭ ХУМ!
Хань, үр хүүхэд, ах дүү төрөл төрөгсөд, найз нөхөд нь
Монгол Улсын Соёлын яам, Монголын Урлагийн ажилтны холбоо, Улсын Драмын Эрдмийн Театрын ахмад уран бүтээлчид, Дорнод аймгийн ЗДТГ, Хөгжимт драмын театр, Чойбалсан хотын ЗДТГ, Чойбалсан хотын Нэгдүгээр арван жилийн 20 дугаар төгсөлтийнхөн, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөл