“Эрчим хүчний сайдууд авлига дээрээ тохиролцож чаддаггүйгээс шинэ төслүүд эхэлдэггүй”

“Монгол Улс: Чөлөөт зах зээл үү төрийн өмчит капитализм уу?”сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Шангри Ла зочид буудалд боллоо. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, ONDO компанийн ерөнхийлөгч Ч.Анар, МСМ группийн Аж үйлдвэр хариуцсан дэд-ерөнхийлөгч Маттью Метз нар оролцов.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Гүржийн Ерөнхийлөгч асан Саакашвили эрчим хүчний салбарыг төрийн хяналтаас гарган, хувьчилснаар ямар үр дүнд хүрсэн жишээг танилцуулсан юм.
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай. Бид өнгөрсөн 30 жилд эдийн засгаа либералчилж чадаагүй, эргэж буцсан олон шийдвэр гаргав. Эрчим хүч үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэмээн энэ салбарыг төр бүхэлд нь хянаж байна. Гэтэл эрчим хүчний хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрлээ. Шинэ үйлдвэр байгуулъя гэхээр эрчим хүч үйлдвэрлэгчид эрэлтийг хангаж чадахгүй болсон.

Хувийн хэвшлийнхэн шинэ станц барья гэхээр бас л зөвшөөрдөггүй. Хэн барих вэ гэдэг дээр очоод бүх ажил гацдаг.
Хувийн хэвшлийнхэн шинэ станц барья гэхээр бас л зөвшөөрдөггүй. Хэн барих вэ гэдэг дээр очоод бүх ажил гацдаг. Эрчим хүчний сайд нар авлига дээрээ тохиролцож чаддаггүй учраас шинэ төслүүд эхэлдэггүй. Мөн Засгийн газар нь богино настай. Би МҮХАҮТ-ын дарга болоод гурав дахь Ерөнхий сайдтай ажиллаж байна.
Харин Гүрж яг л бидэн шиг эрчим хүчээр ОХУ-аас ихээхэн хамааралтай байсан ч зориглоод хувьчилсан. Өртөг өсөж, хэрэглэгчдэд дарамт учруулах болов уу гэж болгоомжилж байсан ч тэгээгүй. Хувийн хэвшлийнхэн авснаар бүтээмж өсөж, авлига буурчээ. Бид Гүржтэй олон талаараа төстэй, пост коммунист, том хөршүүдтэй гэх мэт.
Ковидын дараа олон зүйл өөрчлөгдөж, дэлхийд хүчний шилжилт болно гэж таамагласны дагуу Украины дайн эхэллээ. Бид одоо хэрэггүй зүйлээсээ салах цаг болсон, түүхэн шийдвэр гаргах боломж бүрдэж байна.
2004 онд эхлүүлсэн Гүржүүдийн шинэчлэлтийн үр дүнд тус улсын хөрөнгө оруулалт, экспорт өсжээ. Бид тэднээс суралцах шаардлагатай. Гүржийн нийслэл Тбилиси хотоос гарсан авто зам дагуу дөрвөн км тутамд цагдаагийн харуул зогсдог, цагдаа нар жолооч нараас торгууль авдаг, тэр мөнгө нь сайдын халаасанд ордгийг зогсоохын тулд Гүржид 15 мянган цагдааг ажлаас нь халсан юм билээ.

Таван жилийн дараа харилцаа холбооны компаниуд “Эрдэнэт”, “Оюутолгой” шиг ашиг олдог болно.
Мөн хоёр жилийн турш хувьчлалын талаар ярилцаж, олон нийтийн дунд хэлэлцүүлэг мэтгэлцээн явуулсны дараа хувьчлалыг эхлүүлсэн. Энэ хугацаанд ОХУ-Гүржийн хил дээр хоёр удаа дэлбэрэлт болж, оросын талаас “Та нар биднээс салахгүй шүү” гэх маягийн анхааруулга өгсөн юм билээ.
Тус улс төрийн өмчит компаниудаа хувьчилснаар 1.4 тэрбум ам.долларын орлого олжээ. Инду Кизи хэмээх хувьчлалыг санаачлагчдын нэг нь “Нинжин сэтгэлээсээ бусад бүх зүйлээ зар. Хувийн хэвшлийнхэн хөрөнгөө оруулсан бол маш их ажиллана. Тэдний өмнөөс та санаа зовох хэрэггүй” гэж хэлж байжээ.
Эрчим хүчний хомсдолтой байсан Гүржүүд 2009 онд Шинэ жилийн баяраар анх удаа гудамжаа гэрэлтүүлсэн байна. Эрчим хүч хэдий чинээ их хэмнэн, цахилгаан тасална тэр хэрээр ажилтнуудаа урамшуулах тогтолцоо байсан юм билээ. Тэгэхээр бүгд л хэмнэх нэрээр цахилгаан тасална шүү дээ. Саакашвилийн өөрчлөлт Гүржийг 6-7 жилд өөрчилжээ.
Гаднынхан хордуулна гэх мэтээр зарим нь эсэргүүцсэн ч усны шугам хоолойгоо мөн хувьчилж, эрчим хүчний үнэ зохицуулдаг байгууллагаа татан буулгасан түүхтэй.
Манай хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, төрд шаардлага тавьж байх хэрэгтэй. Бид бизнест олон жил ажилласан туршлагаараа төрийн албан хаагчдаас илүү ч тэднийг дагаж гүйсээр байна. Саяхан эрх баригчид самнасан ноолуур л экспортолно гэсэн өмнөх шийдвэрээ хүчингүй болгов. Тэд малчдаас санал авахын тулд ийм шийдвэр гаргалаа. Харин ноолуурын үйлдвэрүүд эвлэлдэн нэгдэж чадаагүй болохоор өөрсдөд нь халтай шийдвэрийг эсэргүүцэж чадсангүй.
Гурван талт хэлэлцээрийг МҮЭХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, ХНХЯ байгууллаа гэдэг. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хэнийг төлөөлдөг юм бүү мэд. Бид нэгдэж чадахгүй байгаа тул төр өөрт нь ашигтай эвсэл, холбоо, ТББ-ыг сонгон хамтарч ажилладаг. Төр бүхнийг хийх ёстой гэсэн хандлага өнөөгийн эрх баригчдад, иргэдэд ч байсаар байна. Үүнийг өөрчлөх шаардлагатай.
ONDO компанийн ерөнхийлөгч Ч.Анар:
-Одоо манай компани 600 орчим ажилтантай. Харилцаа холбооны салбарыг бусад салбаруудаас түрүүлэн, хувийн хэвшлийнхэнд нээж, чөлөөт өрсөлдөөн бий болсон тул энэ салбар сайн хөгжсөн.
Монгол өргөн уудам газар нутагтай тул манай салбарынхан дэд бүтэц бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулдаг.
Үүний ачаар манай салбарын үзүүлэлтүүд буюу ухаалаг утасны хэрэглээ, интернетийн хурд, хэрэглээ, ярианы төлбөр зэрэг нь бусад улсуудаас харьцангуй сайн байна. Таван жилийн дараа харилцаа холбооны компаниуд “Эрдэнэт”, “Оюутолгой” шиг ашиг олдог болно.
Бид өнгөрсөн хугацаанд аль болох төрөөс хол байж, төрөөс бага хамаарах бизнес эрхлэхийг зорьсон нь амиа бодсон хэрэг байж мэднэ. Гэвч төрийн хүнд суртлын улмаас зарим төсөл зогссон удаатай. Иймд аль болох гадагшаа чиглэсэн төслүүд хэрэгжүүллээ.
Харилцаа холбоо бол стратегийн салбар, хувийн хэвшлийг оруулах ёсгүй, бидний утасны яриаг хэн дуртай нь сонсвол яах вэ гэсэн эсэргүүцэл гарч байсан юм билээ. Одоо үүрэн болон суурин нийт найман оператор үйл ажиллагаа явуулж байна.
Төр хамгийн том худалдан авагч тул хэн төрд сайн “шахаа” хийнэ, тэр компани амжилттай ажиллаж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийг хүсэхгүй байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид “Монгол шуудан” компанийн 34 хувийг олон нийтэд нээлттэй худалдсан, хувийн хэвшлийн барьсан Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалт зэргийг дурдан, бид гаднаас сайн жишээ хайх шаардлагагүй, төрийн өмчийн тодорхой хувийг олон нийтэд санал болгож, амжилтад хүрсэн дотоодын жишээ бий гэсэн юм.
GOGO.MN