FACTCHECК: Шадар сайд бэлчээрийг төлбөртэй болгож, малын тоо толгойг цөөлөх тухай яриагүй

FACTCHECК: Шадар сайд бэлчээрийг төлбөртэй болгож, малын тоо толгойг цөөлөх тухай яриагүй
Манай усын тухайд мал төрийн хамгаалалтад байдаг. Малчдын  арга ухаан, өв уламжлал, түүх соёлын өвийг тээгч учир мөн л  оюун санааны хамгаалалтад байлгаж ирсэн. Малчид хязгаар нутгийг эзэнтэй байлгаж, бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг ч гэж хэлж болно. 
Өнгөрсөн хугацаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан говийн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар орж, отроор яваа малчдын төлөөллүүдтэй уулзаж хүнс болон өвс тэжээлийн тусламжийг шийдэж, байгалийн гамшигт орон гэрээ алдсан малчдад гэр олгоод иржээ.

Шадар сайд энэ үеэр цөлжилтийг багасгах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр анхаарч байгалийн гамшигт үзэгдэл, ган, зудын давтамжийг бууруулж, эрсдэлгүй мал аж ахуйг эрхлэх боломжтой талаар малчидтай санал солилцсоныг Шадар сайдын Ажлын албанаас мэдээлжээ. Харин энэ үеэр “Шадар сайд С.Амарсайхан бэлчээрийг төлбөртэй болгож, малын тоог цөөрүүлж байж улс орон хөгжинө" гэж хэлээгүй, ийм агуулга илэрхийлээгүй байна. 
Харин Дундговь аймагт энэ хавар байгалийн гамшигт үзэгдэл удаа дараалан тохиолдож, нөхцөл байдал хүндэрч байгаа учраас отроор яваа малчдын амьжиргааг дэмжих, өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, гамшигт өртсөн иргэдийн хохирлыг шуурхай шийдэх тал дээр Засгийн газар байнга анхаарч ажиллана гэдгээ хэлсэн нь бичлэгт үлджээ. 

Тиймээс Шадар сайдын ажлын албанаас "Байгалийн гамшигт өртөж зарим нь орох оронгүй болсон, олонх нь хоттой малаасаа салж, үхсэн малынхаа сэг зэмийг хэрхэн устгах сөхөөгүй шахам хаврын хавсарганд зүтгэж байгаа малчдын сэтгэлзүйд энэ бүхэн хамгийн хүндээр тусаж буйг бодолцож, дээрх гүтгэлэг, худал мэдээллийг дэврээж түгээхгүй байхыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье." гэжээ.