Г.Дамдинжав: Бусдын арганд орох биш бодитой эсэхийг нарийн нягтлах нь залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ

Сүүлийн үед залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийслэлийн хэмжээнд нэмэгдэх болжээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд цагдаагийн байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Дамдинжаваас тодрууллаа.
Юуны түрүүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй гэмт хэргийн гаралт бусад дүүрэгтэй харьцуулахад ямар хэмжээнд байдаг талаар тодруулъя.
Манай дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад залилах гэмт хэрэг, тэр дундаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилангийн гэмт хэрэг багагүй бүртгэгдэж байна. Дүүргийн байршил, онцлогоос хамаарч энэ төрлийн гэмт хэргийн хохирлын хэмжээ, мөнгөн дүн маш өндөр байдаг. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилах гэмт хэргийн хохирогч болсон иргэн хамгийн багадаа 300-гаас дээш сая төгрөгийн хохирол амсаж байна. Мөн манай дүүрэгт Улаанбаатарын томоохон бар, цэнгээний газрууд төвлөрч үйл ажиллагаа явуулдаг учраас хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо өндөр байдаг.
Ер нь статистик харахад манай дүүрэгт залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдсэн судалгаа гарч байгаа юм. Тиймээс Цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж, олон удаагийн аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, урьдчилан сэргийлэх чиглэлд идэвхийлэн ажилласаар байна. Гэтэл иргэд маань анхаарал болгоомжгүйгээс, хямд, чанартай, баталгаатай гэх мэт мэхлэлтэд итгэж, эд хөрөнгөөрөө хохирсон хэвээр байна. Харин хохирогч болсныхоо дараа цагдаагийн байгууллагаас явуулж буй мэдээлэлд анхаарал хандуулж, зөв зүйтэй арга хэмжээ байжээ гэдгийг дараа нь ойлгож байгаа нь санаа зовоосон асуудал. Нэг л жишээ хэлье. Япон улсаас зах зээлийн үнээс 50 хувь хямдаар автомашин оруулж ирнэ гэдэг зарлал цахим орчинд гарсан. Энэ зарын дагуу иргэд тухайн зарын бодит үнэнийг нягтлахгүйгээр зар явуулсан компанийн дансанд тодорхой дүнгээр мөнгө шилжүүлж хохирсон хэрэг шалгагдаад эрүүгийн хэрэг үүсгээд явж байна..
Танай дүүрэгт цахим залилан, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой залилангийн гэмт хэрэг жин дарж байгаа юм байна. Эдгээр гэмт хэргүүд голчлон ямар арга, хэлбэрээр үйлдэгдэж байна вэ?
Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гарч буй гэмт хэрэг дээр жишээ авч ярья. Тухайлбал, үл хөдлөхийг борлуулалтын үнээс хямдаар зарна, яг одоо бэлнээр төлвөл 3.6 саяаар зарагдаж байгаа үл хөдлөхийг 2.5 саяар гэрээлж өгнө, та мөнгөө шилжүүлээрэй гэдэг нийтлэг байдлаар иргэдийг хууран мэхэлж байна. Ингэхдээ бартерийн цөөн байр байна, хямд өгнө гэдэг аргыг ч түгээмэл хэрэглэж байна. Нөгөө талаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудыг залилан мэхлэх гэмт хэрэгт татан оролцуулах явдал гарч байна. Жишээ нь, үл хөдлөх хөрөнгийг зарахдаа үл хөдлөх зуучлалын компанид ханддаг. Компанийн хувьд тухайн хөрөнгийг зуучлах үүрэг хүлээж байгаагаас биш зуучлуулж буй үл хөдлөх хөрөнгө бодитой эсэхийг нягталж шалгадаггүй. Улмаар бусдад зар сурталчилгаа өгөх замаар үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үйл ажиллагаа явуулчихдаг, нөгөө талдаа худалдан авагч тухайн үл хөдлөх хөрөнгийн бодит эсэхийг нягтлахгүйгээр тухайн зуучлагч компанид итгээд худалдан авалт хийгээд залилуулдаг тохиолдлууд гарч байна.
Нөгөө талаар гаднын улс орнууд руу гаргаж өгнө гэсэн залилан мэхлэх гэмт хэрэг түгээмэл болсон. БНСУ, Япон, Австрали гэх мэт улс орнууд руу түргэн шуурхай виз гаргана гэдэг зараар хандаад санхүүгийн хохирол амсаж байгаа хүмүүсийн тоо ч маш их нэмэгдэх болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд маань аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа маш сайн нягталж, ятгах тусам нягтлаж байх нь чухал байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа талаар таны ярианд дурдагдсан. Үүний шалтгаан нөхцөл, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байх боломж, гаргалгааны талаар юу хэлэх вэ?
Хан-Уул дүүргийн хэмжээнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10, 11 дүгээр бүлэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт байгаа суурь шалтгаан нөхцөл нь иргэдийн хоромхон зуурт болж буй үйл явдлыг тэвчээгүй, нэг нэгэндээ хүлээцтэй ханддаггүй, уур омгоор асуудлыг шийдэх гэж оролдсон зэрэгтэй шууд холбоотой. Мөн хамгийн том хүчин зүйл бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл гаргадаг явдал. Нийт бүртгэгдсэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 80 орчим хувь нь согтуугаар үйлдсэн байна. Нэгэнт бусдын эрүүл мэндийг хохироож, эрүүгийн хариуцлага хүлээж, бусдын биед хөнгөн гэмтэл учрууллаа гэхэд хамгийн багадаа 450 мянга, түүнээс дээш мөнгөн торгууль оногдуулах, цаашлаад эрх чөлөөгөө хасуулах хуулийн заалттай байдаг. Тиймээс иргэд маань нэг хормыг тэвчсэнээр энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохгүй байх бүрэн боломжтой.
Энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд Нийслэлийн ИТХ-ын 2019 оны тогтоолоор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахдаа тухайн объектыг бүрэн камержуулахыг журамлаж өгсөн байдаг. Энэ нь аливаа гэмт хэргийн илрүүлэлтийг түргэсгэх, иргэн, аж ахуйн нэгж хохирохоос сэргийлэх, эрэн суравжлах үйл явцыг түргэтгэх гээд олон талын ач холбогдолтой. Тийм учраас аж ахуйн нэгжүүд өөрийн байгууллагын бүрэн бүтэн байдлыг хадгалах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах үүднээс камержуулалтаа сайжруулахыг энэ дашрамд уриалж байна.