Хөөе, улс төрийн үхдэл ээ, баривчилсан 67 залуугаа чөлөөл!

За Оюун-Эрдэнэ ээ, чиний өнөөг хүртэл анзаарахгүй байгаа үнэнийг би хэлээд өгье. Чи "Би улс төрийн үхдэл болохгүй" гэж хэлж байхдаа аль хэдийнэ улс төрийн үхдэл болчихсон байснаа мэдсэн үү?. Цахим шоу хийж ковидын халдварыг гааруулж байхдаа үхдэл болсон. Батноровт барьсан хэдэн тэрбумын үнэтэй хөшөөгөө буулган ачуулж, оронд нь ганц сарын дотор дахин хулгайгаар хөшөө босгож байхдаа үхдэл болсон. Тэгэхэд хүүхдүүд цэцэрлэггүй, сургууль нь засваргүй байсан юм. Чамайг шүүмжилсэн, сөрсөн болгоныг гомдол гарган барьж хориулж байхдаа, худалдан авахаар төлөөний хүнээ илгээж суухдаа чи үхдэл болсон. Чи замаа цэвэрлэж, намтраа шинээр зохиох гэж хийсэн өчүүхэн тэнэг алхам болгондоо бүдэрч, аль хэдийнэ улс төрийн үхдэл болчихсон шүү дээ. Бид чиний Оюутолгойн гэх тавиагүй өрний мэдэхгүй шоу, цахим үндэстэн гэх өртөг өндөртэй гоёмсог шоу, адаг сүүлд нь шударга бустай тэмцэнэ гэж шуналт амаараа хэлж чаддаг гялгар шоунд чинь хууртсан гэж бодож байна уу? Үгүй. Зүгээр ч далавчтай гахай хэрхэн өндөрт дүүлж, хэр удаан дэвж чаддагийг хардаг юм. Амарбаясгалан та хоёр Хөгжлийн банкны зээлдэгчидтэй тэмцээд байгаа гэсэн, тийм бол хотын мээр Сумъяабазарыгаа яагаад шалгахгүй байгаа юм, шударга бусыг хуйхлаад байгаа гэсэн, үнэн бол Улсын циркийг яагаад буцааж авчрахгүй байгаа юм? Ингээд тоочвол инээдмийн дүрүүд болчихоод байгаа чинь үнэн шүү дээ. Энэ залуугийн барьсан лоозон үнэн, энд яригдсан 4000 долларын цалинтай гаднын иргэдтэй 400 долларын цалинтай ядарсан монголчуудыгаа харьцуулж, илүү үнэтэй сүү уухыг тулгасан чинь яах аргагүй үнэн шүү дээ. Монгол Улсын чадамж бүх салбарт доройтож, залуус эх орондоо амьдрах боломжгүй болж, хөдөлмөрийн төлөө бус хөшөөний төлөө төсөв урсаж, бизнес эрхлэгчдийн ачаа тээвэрлэлтийн үнэ чиний албатуудын буянаар 100 хувь өсч байхад Ерөнхий сайдын рейтинг аль эрт улс төрийн үхдэл болчихсон байдаг юм. Залуус чамд ажлаа хий гэж санууллаа. Чиний бөгсийг долоогчдод бас энэ үгээ хэллээ. Нүүрээ гандаж, нүдээ цуцтал өнжин жагслаа. Тэд орц хонгилд буу дуугаргаагүй, нэг нэгнийгээ барьж зодоогүй, ямбаны ордонд чинь халдаагүй. Тэгээд яаж байгаа юм? Шөнөөр хэдэн зуун цагдаагаар бүслүүлэн төв гудамжаар бөөнд нь хорих газар руу тууж болж байгаа юм уу? Ардчилсан Монгол Улсын иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэллээ. Энэ хүрээд, чиний үед торны цаана хоригдох эрх байсан юм уу? Өчигдөр, өнөөдөр талбайд жагссан энэ залуус хэзээ ч чиний бөгсийг долоохгүй. Хэзээ ч чамаас албан тушаал гуйхгүй. Энэ бол төлөвшил. Энэ бас хүмүүжил. Эргүүлэн сануулахад өсөхийн бардамнал юм. Чи бол Монгол Улсын түүхэн дэх, хуулиар хамгаалагдсан хамгийн өндөр эрх мэдэлтэй Ерөнхий сайд. Гэхдээ чи хамгийн нялх дарангуйлагч, хамгийн залуу улс төрийн үхдэл. Тэглээ гээд чамд жагсагчдыг барьж хорих эрх байхгүй. Чиний өнөөдрийн эрх мэдлийг, чиний жагсаалаар өндөр албанд гарч ирсэн хувь заяаг энэ залуусын аав ээжүүд атгаж авчирсан юм шүү. Үүнийх нь төлөө хорьж байгаа юм уу? Нялх дарангуйлагч аа, зодож барьж хорьсон 67 залуугаа нэн даруй чөлөөл!
Р.ЭМҮЖИН