Хөгжлийн банкны шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

Шүүгдэгч нарын яллах дүгнэлтийг танилцуулж байна.
1. Яллагдагч Б.Чойжилжалбуу Монгол Улсын хөгжлийн банкны дэд захирал бөгөөд Актив пасив хөрөнгийн удирдлагын газар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Батбаяр Актив пасив хөрөнгийн нөөц зохицуулалтын газрын захирал н.Амгалан, тус газрын ахлах мэргэжилтэн н.Хүчитбаатар нартай үйлдлээр санаатай нэгдэж, албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал эрхтэй буюу Банкны тухай хуулийн 6.1 дэх хэсгийн мөнгөн хадгаламжийн үйл ажиллагааг зөвхөн өөрийн зээлдэгчийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага болон гадаадын харъяатын иргэн үйлчлүүлэх эрхтэй Чингис хаан банкинд Хөгжлийн банкнаас 25 тэрбумын хадгаламжийг байршуулах зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 7.1 зүйлийн 7.5 дахь хэсгийн хариуцлагатай байх 7.1.2, 21.6.9, Банкны тухай хуулийн 6.1.1 Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны А 269 дугаарын тушаалаар батлагдсан мөнгөн хадгаламж байршуулах үйл ажиллагааны журмын 2.1.1, 3.1, 4.1, 4.4.2, 4.4.3 Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны А 702 дугаар тушаалын 2.12-т заасныг тус тус зөрчиж 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Хөгжлийн банкинд Актив пасив хөрөнгийн удирдлагын газрын нөөц удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Хүчитбаатар нар нь цахим хаягаас Капитрон, Чингис хаан, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Голомт, Улаанбаатар хотын банк, Тээвэр хөгжлийн банк, Богд банк руу мөнгөн хадгаламжийн хүүгийн санал авах тухай мэйл хүргүүлж, мөн Чингис хаан банк, Кредит банкнаас мөнгөн хадгаламж байршуулах хүүгийн санал ирүүлсэн боловч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Чингис хаан банкинд 25 тэрбумыг 365 хоногийн хугацаатай жилийн 14 хувийн хүүтэй байршуулах тухай, мөнгөн хадгаламж байргуулах татан төвлөрүүлэх Актив пасив хөрөнгийн удирдлагын захирлын шийдвэрийн хуудсыг боловсруулж тус шийдвэрийн хуудсыг тус газрын нөөцийн удирдлагын захирал н.Амгалан хянаж баталгаажуулан Актив пасив хөрөнгийн удирдлагын захирал Б.Чойжилжалбуу шийдвэрлэж, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Батбаяр, Б.Чойжилжалбуу нар нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр Чингис хаан банкинд мөнгөн хадгаламж байршуулах гэрээг хууль бусаар байгуулж, 25 тэрбумыг тус банкинд байршуулж давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн банкинд их хэмжээний хохирол учруулсан.
Өчигдрийн /2023.04.18/ хуралдаанаар таван багц асуудал шийдвэрлэснийг шүүх бүрэлдэхүүн танилцууллаа. Хурал маргааш дахин ажлын найман цаг үргэлжлэх аж. Энэ үеэр даргалагч шүүгч Ж.Болдбаатар:
- Хөгжлийн банкнаас гарсан зээлийнх нь цаг хугацаагаар шүүх хуралдааны дарааллыг тогтож, хэлэлцүүлэг хийх
- Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн яллах дүгнэлтийг бүрэн уншуулах шаардлагагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийг тогтоох хэсгийг нь уншаад явах боломжтой.
- Хэргийг тусгаарлах талаар хүсэлтүүд ирж байгаа. Тэднийг хүлээн авах боломжгүй.
- Өмгөөлөгч Ч.Болдбаатар, Б.Наранцэцэг, Д.Түвшинтамир нараас хэрэгт нэр бүхий гэрчүүдийг оролцуулъя гэж хүсэлт гаргасан, үүнийг боломжгүй гэж үзсэн.
- Шүүх хуралдааныг өдөрт найман цаг үргэлжлүүлэх зэрэг таван шийдвэр гарсан талаар мэдээллээ.