ХЭНТЙИН 35709 СОНГОГЧ 9 НАМ, 1 ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧДЭЭС ХЭНИЙГ ЯЛУУЛАХАА X.10-НД ШИЙДНЭ

ХЭНТЙИН 35709 СОНГОГЧ 9 НАМ, 1 ЭВСЛИЙН НЭР ДЭВШИГЧДЭЭС ХЭНИЙГ ЯЛУУЛАХАА X.10-НД ШИЙДНЭ

Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт X.10-нд болох УИХ-ын Нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй улстөрийн нам, эвслүүдийн нэрс өчигдрөөр /VIII.10/ эцэслэн тодорлоо. Хойшид нэг ч нам, эвсэл нэмэгдэж Нөхөн сонгуульд оролцох боломжгүй болж буй. Нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдсэн

  • Монгол Ардын Нам,
  • Ардчилсан Нам,
  • Үнэн ба зөв нам,
  • Иргэдийн нэгдсэн эвсэл нам,
  • Дэлхийн монголчууд нам,
  • Гэр хороолол хөгжлийн нам,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
  • Ард түмний олонхийн засаглал нам,
  • Иргэний зориг ногоон нам,
  • “Зөв хүн электорат” эвсэл нь

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.8-д (Ээлжит бус, нөхөн сонгуулиар нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ) заасны дагуу Үндэсний Аудитын газарт Мөрийн хөтөлбөр, Хандивын тайлангаа дүгнэлт гаргуулахаар тогтоосон хугацаа буюу VIII.10-наас өмнө өгсөн байна.

Хуульд  “Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заасан байдаг ба Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Д.Сумъябазар Улаанбаатар хотын даргын алба хашна гэж УИХ-ын гишүүнээсээ татгалзсан учраас УИХ-ын 28-р тойрогт, Хэнтий аймгаас сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон учраас УИХ-ын 18-р тойрогт Нөхөн сонгуулийн санал хураалт нэг сарын дараа X.10-нд болно. УИХ-ын гишүүн улстөрч Төрийн тэргүүнээр сонгогдоход оронд нь Нөхөн сонгуульд нэр дэвшиж парламентын гишүүн болсон тохиолдол өнгөрсөн хугацаанд гурван удаа гарсан. Үүнд,

  • 1996 онд УИХ-ын 21-р тойрогт Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумаас гишүүнээр сонгогдсон Н.Багабанди 1997 онд Ерөнхийлөгч болсон. Тус тойрогт Нөхөн сонгууль явуулахад Намбарын ЭНХБАЯР нь, төрийн шагналт нийтлэлч Б.Цэнддоотой өрсөлдөн сонгогчдын олонхийн санал авч ялан УИХ-ын гишүүн болсон.
  • 2004 онд УИХ-ын 65-р тойрогт Баянгол дүүргийн 10, 11, 12, 13, 14 дүгээр хорооноос гишүүнээр сонгогдсон Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгч болсон. Тус тойрогт Нөхөн сонгууль явуулахад Миеэгийн ЭНХБОЛД сонгогчдын олонхийн санал авч ялан УИХ-ын гишүүн болсон.
  • 2008 онд УИХ-ын 24-р тойрогт Чингэлтэй дүүргээс гишүүнээр сонгогдсон Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болсон. Тус тойрогт Нөхөн сонгууль явуулахад Дашдоржийн ЗОРИГТ сонгогчдын олонхийн санал авч ялан УИХ-ын гишүүн болсон.

Нэмж тодотгоход, 1993 он, 2001, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Нөхөн сонгууль болоогүй. Яагаад вэ, гэвэл П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж  нар тухайн үед УИХ-ын гишүүн байгаагүй, Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаа нэр дэвшсэнтэй холбоотой. Мөн 2017 онд Ерөнхийлөгч болсон Х.Баттулга нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгаас гишүүн болж сонгогдоогүй учраас Нөхөн сонгууль явагдаагүй.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний орон гарсан суудлын төлөөх Нөхөн сонгуульд хэнийг ялагчаар тодруулахыг Хэнтий аймгийн 35709 сонгогч шийднэ. Энд өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт санал өгсөн сонгогчдын нийт тоог баримжаа болгон иш татлаа.

ЭХ СУРВАЛЖ; aguulga.mn