Киши Нобүо: Абэ Шинзод цус сэлбэх эмчилгээ хийж байна

Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобүо Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн эрүүл мэнд болон амь насанд нь халдахыг завдсан хэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр эмч нар Абэ Шинзод цус сэлбэх эмчилгээ хийж байгаа. Одоогоор биеийн байдал нь тогтворжоогүй байна гэсэн юм.
Киши Нобүо нь Абэ Шинзогийн төрсөн дүү юм. Японы Гадаад хэргийн сайд асан Абэ Шинторо нь өөрийн бага хүү болох Киши Нобүог эхнэр Абэ Ёокогийн авга ах, Ерөнхий сайд асан Киши Нобосүкэд өргүүлсэн байдаг.
Харин сэжигтэн Яамагама Тэцүяагийн хувьд өдгөө 41 настай. Нара мужид оршин суудаг тэрээр гар хийцийн буугаар халдлага үйлдсэн юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн өмнө нь, Японы тэнгисийн цэрэгт гурван жил алба хааж байжээ. Батлан хамгаалахын яамны зүгээс хэрэг үйлдэх болсон шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Нара хотод болсон халдлагыг Ардчиллын үндэс болсон сонгуулийн үеэр болсон зөвшөөрөх боломжгүй үйлдэл. Засгийн газар уг асуудалд шаардлагатай бүх арга хэмжээг авах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: NHK