КОНЦЕССЫГ КОНЕЦ БОЛГОСОН МАНАЙ ДАРГА НАР МАНДТУГАЙ

Манай улс анх 2009 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас батлан гаргаж байсан бол 2010 онд Концессын тухай хуулийг баталж 125 төслийг хэрэгжүүлэхээр батлуулж байсан түүхтэй. Улмаар барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй анхны гэрээг 2011 онд байгуулж түүнээс хойш нийт 20 төслийн гэрээг барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр хийж, үүнээс 17 гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэг төсөл нь ашиглалтад орсон. Тэр нь Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай авто зам юм. Энэ гэрээг анх 17 жилийн хугацаатай байгуулсан ч 2015 онд 13 жилээр сунгаж, 30 жил болгожээ.
Өөрөөр хэлбэл төр хүсвэл дуусгая гэсэн төслийнхөө хугацааг сунгаж, уян хатан хандаж чаддаг. Харин эсрэгээрээ тодорхой ашиг сонирхол хангагдахгүй, албан тушаалтанд таалагдахгүй бол гацааж, цуцлаж, үгүй хийж чаддаг. Үүний тод жишээ бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар цуцалж, түүнийг Сангийн сайд Б.Жавхлан ёсчлон биелүүлсэн явдал юм. Ингэснээр Концессын гэрээ байгуулах тухай Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 69 дүгээр тогтоол хүчингүй болсон. Засгийн газрын үзэж буйгаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс эзэмшигч “Кью эс си” компани тус үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гэрээ байгуулсан оноос хойш найман жилийн хугацаа өнгөрөхөд бүрэн хэрэгжүүлээгүй учраас төслийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид уг компани төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзээд концессыг цуцалсан байдаг.
Тэгвэл энэхүү хайр найргүй хяргасан төрийн төмөр нүүрний цаана бизнесээрээ, хөрөнгөөрөө хохирч үлдээд буй “Кью эс си” чухам ямар ажил хийсэн, яагаад Засгийн газар хангалтгүй гэж үзэх, улмаар концессыг цуцлах хэмжээнд хүрсэн бэ гэдэг анхаарал татаж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн Монгол Улсад данстай гангийн үйлдвэр, түүнийг дагасан 30 гаруй дэд төслийг хэрэгжүүлж яваа, ингэхдээ нэг их наяд төгрөгийг зарлагадаад буй “Кью эс си” компанийг төр үндсэндээ хийсэн бүтээн байгуулалт, оруулсан хөрөнгө оруулалттай нь тонон дээрэмдээд байна. Энэ дээрэм ингэж эхэлдэг. Засгийн газраас 2009-2010 онд уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэхээр тогтоол гаргаж олон улсад нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтад БНХАУ-аас хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын тус тус нэг компани оролцсон бол Монголын талаас “Кью Эс Си” ХХК ганцаараа оролцсон байдаг. Улмаар “Кью Эс Си” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн, уул уурхайн металлургийн цогцолбор байгуулж ажиллахаар шалгарчээ. Ингээд 2010-2013 оны хооронд Баяжуулах үйлдвэр, ажилчдын кемп, олборлолтын техник тоног төхөөрөмжүүд, дэд бүтцийн ажлуудад нийтээ 60 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн бөгөөд 2005, 2012 онд хоёр ч удаа хувьчлах тогтоол нь хүртэл гарч байжээ. Энэхүү хувьчлалын асуудал яван явсаар одоогийн яригдаж буй концессын асуудал эхэлсэн түүхтэй.
Нарийн ярьвал монголын төр тухайн үеийн Засгийн газар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор эзэмшүүлэх саналыг “Кью Эс Си”-д тавиад урьдчилсан байдлаар гэрээний төлбар болох 62 тэрумын 30 гаруй тэрбум төгрөгийг авч байв. Ингээд “Кью Эс Си” ХХК гэрээгээр Төмөртолгой, Төмөртэй, Хуст-Уулын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж ил уурхайнуудыг байгуулах, төмрийн хүдрийн эхний шатны боловсруулах үйлдвэрүүд болох хуурай, нойтон соронзон аргын баяжуулах үйлдвэрүүдийг байгуулах, төмрийн хүдрийн баяжмалыг дараагийн шатны боловсруулалтад оруулж хаягдал төмрийг орлож чадахуйц металлургийн үйлдвэрийн шаардлагыг хангасан түүхий эд үйлдвэрлэх, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглаж үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлэх, шинээр гангийн үйлдвэр байгуулж үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилийн 300,000 тоннд хүргэх, импортын бүтээгдэхүүнийг орлохуйц нэмүү өртөг шингэсэн, эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж дотоодын зах зээлийг бүрэн хангах үүргийг хүлээжээ. Товчхондоо бол “Кью Эс Си” уурхайгаа нээгээд төмрийн хүдэр боловсруулах үйлдвэрээ байгуулчихад болох байв. Гэхдээ энэ хэлсэн шиг амархан ажил бас биш. Яагаад гэхээр уурхайд олборлолт явуулахын тулд авто зам, цахилгаан, төмөр зам барих хэрэгтэй болсон.
Мөн үйлдвэрлэл эхлүүлснээр 180 МВТ эрчим хүч ашиглах ТЭЗҮ гарсан ч энэ хэрэгцээг хангах эрчим хүчний эх үүсвэр Монгол Улсад үндэсндээ байсангүй. Тиймээс аргаа бараад өөрсдөө цахилгаан станцаа барих саналыг “Кью Эс Си” удаа дараа гаррасан ч төр өөрөө эрчим хүчний чиглэлд нэг ч хариу өгөлгүй нам гацаасан байдаг. Үүний дараа үйлдвэр барих газрын асуудлыг төр мөн л шийдэлгүй удааж, гацаасаар 2021 онд зөвшөөрөл олгосон боловч мөнөөх металлургийн цогцолбор барих хэмжээний бус газар олгож, хэмжээг нь бууруулсан. Ингээд найр тавин концессын гэрээ байгуулсан төр маань эргээд үндэсний аж ахуйн нэгжээ тал бүрээр хяхан боогдуулж явсаар Төмөртэй өртөө рүү очих 33.5 км төмөр замын бүтээн байгуулалтад авсан Хөгжлийн банкны зээлээр шоу хийж, нэг мөр “Кью Эс Си” гэх компаниар туг тахиж орхисон байдаг. “Кью эс си” ХХК 2014 онд Хөгжлийн банкнаас авсан зээлээ 2018 оны гуравдугаар сар хүртэл хэвийн төлсөөр иржээ. Гэтэл 2018 оны нэгдүгээр сард тус компанийн авсан Хөгжлийн банкны зээлийг Засгийн газар өөртөө шилжүүлэн авах тогтоол гаргасны дагуу 2017.12.31-ний өдөр Хөгжлийн банкнаас Засгийн газар луу шилжих шийдвэр гарсан байдаг. Ахиад л нөгөө төр, төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүд ээлжит тоглоомоо эхлүүлсэн нь энэ шүү дээ. Шүүхийн нэг нэгнээ үгүйсгэж гарсан өөр шийдвэрээс болж “Кью эс си” ХХК зээлээ Засгийн газарт төлөх үү, Хөгжлийн банкинд үргэжлүүлэн төлөх үү гэдэг асуулт гарч ирсэн хэрэг.
Энэхүү ойлгомжгүй байдал эцэслэгдээгүй үргэжлэх явцад Засгийн газраас ““Кью эс си” гэдэг компани бол муу зээлдэгч” хэмээн олон нийтэд цацаж, төслийн гол хөрөнгө оруулагчийг хэрэгтэн болгох ажиллагаа өрнөсөн байдаг. Засгийн газар олон жил үргэлжилсэн тоглоомондоо ялалт байгуулж, удаа дараагийн дарамт шахалт үзүүлж, нийгэмд яллуулсаар “Кью Эс Си”-гээр 192 тэрбум төгрөгийг бүрэн бөөнөөр нь төлүүлсэн. Концессоо цуцалсан. Төрд авах нэрээр эрх баригч нам төмөрлөгийн үйлдвэрийг, түүнд найман жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтыг, хийсэн ажлыг бүгдийг булааж авав. Зарим концессын гэрээгээ 13 жилээр сунгаж, 30 жил болгож чаддаг манай төр ийнхүү найман жил хэрэгжиж, хоёрхон жилийн дараа бүрэн дуусчих байсан Металлургийн цогцолборын ажлыг гацаах замаар гартаа оруулж авлаа. Одоо хэрхэхийг манай намчид данхтай цай дундаа тавьж байгаад ярьж шийднэ. Тэрхүү шийдвэр ямар ч байлаа удирдах зөвлөл гэсэн гэсэн хаалганы цаана утаа болон замхрах нь ойлгомжтой юм