Л.ХАЛТАР: ХУРДНЫ ЗАМ ЮУНААС БОЛЖ ЭВДЭРСНИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Л.ХАЛТАР: ХУРДНЫ ЗАМ ЮУНААС БОЛЖ ЭВДЭРСНИЙГ ТОГТООХООР АЖИЛЛАЖ БАЙНА

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны автозамд томоохон эвдрэл гарсан талаар бид мэдээлээд байгаа.

Тэгвэл энэ асуудлаар Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар тайлбар хийжээ. Тэрээр “Тус зам юунаас болж хагарч, эвдэрснийг тогтоохоор ажлын хэсэг гарсан. Өнөөдөр тус зам дээр ажиллаж байгаа. Нэгдсэн дүгнэлт гарахаар албан ёсоор мэдээлэл өгнө” гэлээ.

Тус хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан аж. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулсан байдаг. Улмаар барилгын ажлыг 2016 оны зургаадугаар сарын 6-нд эхлүүлж, туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК ажилласан байна. Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-нд улсын ашиглалтад оруулсан юм.