28 дахь удаагийн хүүхдийн найрал дууны наадмын шилдэг хамтлагууд тодорлоо

Д.Дулвсаншаравын нэрэмжит Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцсон нийслэлийн 9 дүүргийн 20 сургуулийн найрал дууны хамтлагийн гишүүд сурагчдын зохион байгуулалт, хувцаслалт, тайзны соёл, сахилга бат жигдхэн сайн байсныг зохион байгуулагчид онцолж байна.
Наадмын шалгаруулалтын 9 шүүгчийн бүрэлдэхүүнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, шилдэг тэргүүлэх хормейстерүүд ажиллажээ.
28 дахь удаагийн Найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадмын тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль, хоёрдугаар байранд Баянгол дүүргийн "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль, гуравдугаар байранд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургууль тус тус оржээ. Тусгай байрын шагналыг Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль, "Шинэ монгол харумофүжи" сургуулийн найрал дууны хамтлаг тус тус хүртлээ.
Наадмын эрхэм хүндтэй шагнал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит шагналын эзнээр Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн найрал дууны хамтлаг, Шилдэг удирдаач багшийн шагналыг "Шинэ монгол харумофүжи" сургуулийн багш З.Цэцгээ нар хүртжээ.
Мөн хөгжмийн багш нараа дэмжиж ажилласан Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн захирал Э.Соёмбобат, хамгийн олон сургууль оролцуулсан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэсийн Соёл урлаг, биеийн тамир, спорт хариуцсан мэргэжилтэн Д.Занданшоо нарыг алдаршуулж, өргөмжиллөө.
Наадмын шилдэг хамтлагуудын Гала концертыг Нийслэлийн түүхт ойн өмнө буюу энэ сарын 26-нд СТӨ-нд зохион байгуулж, тус тоглолтонд Монгол улсын консерваторийн найрал дуучид, Монгол үндэсний радиогийн дэргэдэх "Улаан бүч" чуулга зочиноор оролцсон байна.
28 дахь удаагийн наадмыг Нийслэлийн Соёл, Урлагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоотой жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулдаг ба энэ жил НСУГ ерөнхий зохион байгуулагчаар ажиллажээ .