Сар шинээр Алтан овоо, Шилийн богд хайрхныг 15 мянган иргэн зорин очжээ

Сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг.
Тухайлбал өмнөх жилүүдэд 5 мянга гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэн зорьж байжээ. Харин энэ оны сар шинийн баярын өдрүүдэд Төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрхныг зорин 3 гаруй тээврийн хэрэгсэлтэй, 15 мянга орчим иргэн очжээ.
Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31 бүртгэгдэв.
Тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллана гэж мэдэгдлээ.
Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ