Төмөр замаар халхавчлан түрийвчээ түнтийлгэсэн хоршил АНУ-д “бүгэх үү”

Төмөр замаар халхавчлан түрийвчээ түнтийлгэсэн хоршил АНУ-д “бүгэх үү”

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдогсод гаднын улсуудыг зорьж, гэмгүй мэт үлдэх бололтой. Тодруулбал Гашуун сухайт төмөр замын захирал асан Д.Удаанжаргал өнгөрсөн сард Монголоос оргон зайлж, АНУ-д бүгэх болсон. Түүнийг тухайн үед оргон зугтсаны дараа 1 баг болон ажиллаж байсан хамаарал бүхий хүмүүсийг нь АТГ болон ЭЦГ-аас хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Эх сурвалж Д.Удаанжаргалын санхүүгийн асуудлыг нь "шийдвэрлэж”, бүх зохицуулалтыг нь хийж байсан "Зүүнбаян төмөр зам”-ын Санхүү эрхэлсэн дэд захирал асан Т.Сайнжаргалыг хамгийн түрүүнд сэжиглэж байсан бөгөөд мань хүн ч "анд”-ынхаа араас АНУ-г зорьсон гэж байсан. Гэвч тэр АНУ-г зориогүй хэмээж байгаа юм. 

Нэгэнтээ Д.Удаанжаргал нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж, олсон мөнгөө аль салбарт "угаав” гэдэг асуудал хөндөгдөн, шалгагдаж байгаа энэ үед Т.Сайнжаргалын үйл хөдлөл хэний ч анхаарлыг татахаас аргагүй.

Анх "нүүрсний хулгай"-н асуудал хүчтэй өрнөж эхлэхэд  Д.Удаанжаргал аль хэдийн БНСУ-ыг зорьж, цаашлаад АНУ руу "зугтсан” гэх мэдээлэл бий. Мөн Д.Удаанжаргалыг БНСУ-д байхад нь Т.Сайнжаргал түүнтэй уулзахаар явсан тухай ч бид мэдээлж байв. Мэдээж Т.Сайнжаргал нь ирж байсан.  

Товчхондоо бол МАН-ын залуучуудын байгууллагын "угшлаа” ашиглан, Монгол Улсын төмөр замын компаниудад удирдах албан тушаал хашиж явсан хоршил нөхөд өнөөдөр хуулийн байгууллагынхнаас бултаж, гаднын орныг зорьдог болчхоод байгаа юм биш үү.

Гэхдээ Т.Сайнжаргал мэдэхгүй шахам явсан барилга, автозамын салбарт гэнэт бизнес эрхлэх болсон нь хардлага дагуулахаас аргагүй. Учир нь дээрх салбаруудад хууль бус, бохир мөнгө угаагддаг гэдэг. Тэгээд ч Т.Сайнжаргал хамаарал бүхий "Ширхэнцэг хараа” компаниа төмөр замын суурь дэд бүтэц угсрах: Доод бүтэц барих /Далан, хоолой/ эрхтэй болгочихсон байгаа юм.