Цагаачдын улс

Цагаачдын улс

CV-гээ сайжруулахуй

Нам нь ялагдсанаас хойш танил үзэгдсэнгүй. Сураг сонсох нь ээ, ажлаа хийхээ больжээ. Ажилгүй болж, амьдрахын эрхээр цагаачилснаа дуулган хожмын өдөр тэр бичиж билээ. Байдал бишдээд ирмэгц “эрдэмийн мөр хөөнө” гээд холыг зоригсод хорвоогоор цөөнгүй таржээ. Курст сурангаа хэлээ сайжруулж, ичиж зовох юмгүй эсэн бусын цагийн ажил хийн эрвийх, дэрвийхээрээ зүтгэсэн нь ойлгомжтой. Гэхдээ танил CV-гээ баяжуулжээ. Нам нь ялахад эргэн ирээд хурган дарга болсон. Дүүргийн хурлын төлөөлөгч ч болоод амжив. Нам дагасан залууст ийм түүх олон. Өнөөгийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд цагийн эрхэнд бүгд л гадагшаа сурахаар явжээ. 2000 оны их ялагдлын дараа Ц.Элбэгдоржийг ч энэ жишиг тойроогүй юм.

Сонгуулийн дараа ямар нам ялснаас хамаарч төрийн албаны бүтцэд өөрчлөлт ордог бөгөөд дор хаяж 1/3 хувьд нь өөрчлөлт ордог гэсэн судалгаа бий. Нэг нам улиран эрх барьж буй сүүлийн хоёр сонгуулийн мөчлөгт ч халаа, сэлгээ зогссонгүй. АТГ тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 225 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалгажээ.

Нам нь ялбал ирнэ, ялагдвал явах тэднийг нүүдлийн шувууд гэлтэй. Ингэж явахдаа хийдэг гол зүйл нь өөрсдийн CV- гээ баяжуулах. Иймээс байгаа хугацаандаа улс орноос илүү өөрийн амьдрал ахуйг өөд нь татахыг нь хичээнэ. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан нь хоёуланд нь дургүй. Сольж орхивол цахилж одно. Монголын төрд хоноцын сэтгэл зүй давамгайлжээ.

Цагаа хайсан цагаачид

НҮБ-ын тодорхойлсноор “Аливаа улс оронд оршин суугаа ердийн иргэн улс орноосоо хөдөлмөрийн зорилгоор өөр оронд очиж суурьших нь цагаач гэсэн ангилалд хамаарна” гэжээ. Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын дүнгээр 6, түүнээс дээш сарын хугацаагаар гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэн тоологджээ. Монголын 30 хүн тутмын 1 удаан хугацаагаар гадаадад цагаачилсан гэсэн үг.

Энэ нь арван жилийн өмнөхөөс 14.2 хувиар өссөн үзүүлэлт юм.Нийт гадаадад оршин суугаа 122.3 мянган иргэдийн

  • 34.2 % сурах,
  • 32.0% хөдөлмөр эрхлэх, үүнээс 20.6% нь хувиараа, 10.4% нь хөдөлмөрийн гэрээгээр, 1.0% нь албан томилолтоор ажиллах
  • 12.6 % гэр бүлийн шалтгаанаар оршин суух,
  • 11.7 % суурьших,
  • 9.5 % бусад зорилгоор эх орноосоо явжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн насны бүтцийг харвал 0-14 насны хүн ам 12.7 хувь, 15-44 насныхан 72.3 хувь, 45-64 насныхан 14.4 хувь байна. Өөрөөр хэлбэл, гадаадад удаан хугацаагаар суугаа хүн амын 10 хүн тутмын 9 нь хөдөлмөрийн насны хүн гэсэн үг.

Гадаадад оршин суугаа иргэдийн тоог Монголд байхдаа хаана нутагтайг харвал 74.5 хувь нь Улаанбаатараас, 4.2 хувь нь Дархан-Уул, 3.4 хувь нь Орхон аймгаас гадаад улсад оршин суухаар явжээ. Хотынхон гадаад руу, хөдөөнийхөн хот руу “цагаачилж” байна.

Явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд руу хамгийн олон хүн суралцахаар (нийт сурахаар явагчдын 35.1 хувь) явдаг аж. Казахстан, Польш, Их Британи, Америк руу хамгийн олон хүн суурьшихаар (нийт суурьшихаар явагчдын 54.8 хувь), БНСУ, БНЧУ, Унгар руу хамгийн их хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар (нийт хөдөлмөрийнгэрээгээр ажиллахаар явагчдын 71.3 хувь), БНСУ, БНЧУ, Швед, Турк, Швейцар, Польш руу хамгийн их хүн хувиараа хөдөлмөрлөхөөр (нийт хувиараа хөдөлмөрлөхөөр явагчдын 62.2 хувь) явсан байна.

Цагаачлалыг дэмжсэн төрийн бодлого

М.Энхболд УИХ-ын даргын хувиар Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзахдаа хамгийн түрүүнд хүссэн зүйл нь тодорхой хэмжээнд визийн хөнгөлөлт үзүүлэх, энэ асуудлаар харилцан ойлголцох ажил хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Харин Байгаль орчны сайд байхдаа Д.Оюунхорол БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сунаас Тус улс руу эрүүл мэндийн шалтгаанаар зорчиж буй хүмүүст визийн хөнгөлөлт үзүүлэхэд анхаарал хандуулахыг уламжилжээ.

БНСУ-д албан ёсны айлчлал хийж байхдаа Ерөнхий сайд С.Баяр “Иргэд хилийн чанадад олноороо ажиллаж амьдрахыг хүсч байгаа энэ давалгааг зогсоохын тулд тэдний эх орондоо амьдрах нөхцөлийг нь дээшлүүлэх явдал” гэдгийг чухалчилсан ч монголчуудад визийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэхээсээ татгалзаагүй юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Солонгос буй монголчуудтай уулзахдаа “Одоо аав, ээж хоёр нь хоёул Монгол Улсын иргэн байвал төрсөн хүүхдийг нь шууд бүртгэж авдаг болно. Монголын хүүхдийн төрсний гэрчилгээ олгоно гэж байгаа. Тэгээд аав, ээжтэйгээ хамт Монгол руу ирэх хүсэлт гаргавал Монгол Улсын иргэний гадаад паспорт олгоно” гэсэн нь түүнээс өмнө бид гадаадад төрсөн Монгол хүүхдэд гаднын иргэн шиг ханддаг байсныг гэрчилнэ.

Тэднээс хойш сонгогдсон төрийн өндөрлөгүүд ч аливаа хэлэлцээ, айлчлал, уулзалт хийхдээ ямар нэгэн байдлаар визийн хөнгөлөлт хүсдэг нь олны нүднээ ил асуудал. Өнгөц харвал иргэдээ бодож буй мэт эл явдал үнэндээ өөрсдийн арчаагүй, тусгаар улсын төрийн түшээдийн хувьд дэндүү хариуцлагагүйгээ хүлээн зөвшөөрсөн явдал мэт. Ингэж л тэд гадагш ирсэн урсгалыг дэмждэг.

Аав эзгүйд

Дунд сургуулийн багш Л.Нарандэлгэрийн хэлснээр, 33 хүүхэдтэй ангийн сурагчдын гурвынх нь ээж, хоёрынх нь аав гадаад буюу БНСУ-д ажилладаг аж. Тэд яваад 3-10 жил болж байгаа бөгөөд 10 жил болсон нэг аав бидний хэлдгээр “харлажээ”. Энэ нь бусад ангид ажиглагддаг нийтлэг жишиг гэнэ. Мэдээж тэдгээр хүүхдүүд өмсөж, зүүх, эдэлж, хэрэглэхээр дутдаггүй ч эцэг, эхийн хайр халамжаар дутагдаж буй нь анзаарагддаг. Тиймээс дотогшоогоо, өөрийгөө илэрхийлэх чадвар тааруу, гэр бүлийн харилцааг төдийлөн чухалчилдаггүй хүн болон торниж буйг хэлсэн юм.

Нөгөөтэйгүүр аавын эзгүйд хөвгүүд ээжтэй, эмээтэйгээ бууриа сахиж үлддэг бөгөөд энэ нь хөвгүүд эмэгтэйлэг болоход ч нөлөөлж буй аж. “Сонгдо” эмнэлгийн Бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал “Эрэгтэй хүүхэдтэй айлууд хөвгүүдийнхээ ёс зүй, зөв хүмүүжилд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Хөвгүүдийнхээ эр хүйсийг хамгаалах хэрэгтэй байна. Эрэгтэй хэв шинжээр нь амьдруулмаар байна” гэж анхааруулав. Тэрээр орчин үеийн хөвгүүд нөхөн үржихүйн амьдралд шилжихдээ хөнгөн хийсвэр хэв маягт татагдаж, бэлгийн чиг хандлага нь өөрчлөгдөх хэв шинж илэрч байгааг анхааруулсан юм. Дээр нь гадаад яваад ирсэн хүүхдүүд, нийгмийн урсгалд хөтлөгдөх нь илүү их байна гэдгийг нуусангүй.

Монголыг өрхийн гишүүдийн бүтцийн хувьд авч үзвэл 59.8 хувь нь халуун ам бүлээрээ аж төрж буй ч 22.7 хувь нь нийлмэл 1 ам бүлтэй буюу хоорондоо хамааралтай хэд хэдэн ам бүл хамтран өрх үүсгэн амьдарч байгаа өрх, 15.4 хувь нь ганц бие өрх, 2.2 хувь нь холимог ам бүлтэй буюу ураг төрлийн хамааралтай болон хамааралгүй хүмүүс өрх үүсгэн амьдарч буй гэсэн тооцоо гарчээ. Арван жилийн өмнөхтэй харьцуулбал нийлмэл ам бүлтэй өрх 25.4 мянга буюу 14.3 хувиар, ганц бие өрх 61.9 мянга буюу 81.6 хувиар, холимог ам бүлтэй өрх 5.1 мянга буюу 34.2 хувиар тус тус өссөн байна. Ялангуяа нийлмэл ам бүлтэй өрхийн тоо хотод хөдөөгөөс 3.9 дахин нэмэгджээ. Нийлмэл, холимог өрхийн тоо өсөөд байх тусам гэр бүлийн бүрэн бүтэн байдал алдагдах бол ганц бие өрхүүд нэмэгдэх тусам гадаад руу явахад татлаа түтлээгүй залуус нэмэгдээд байна гэсэн үг.

Монголын нийт өрхөд эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн эзлэх хувь 28.5 болжээ. Гурван өрх тутмын нэг нь эмэгтэй тэргүүлэгчтэй болоход ойрхон ирсэн гэсэн үг. Аавын эзгүйд хөвгүүд шоглуулах, цахим гадуурхалд өртөх нь нэмэгддэг бол охид цэцэг, цэврүү шиг охид аавын нөмөр нөөлгийг, эрэгтэй хүний гэр бүлд эзлэх хувь нэмрийг мэдэхгүй өсөх болжээ. Аавыг алсад амьдардаг, баяраар бэлэг явуулдаг ахаас нэг их ялгахгүй болсон төдийгүй, хэзээ ч чинь сэтгэлээсээ ярилцаж үзээгүй хүүхдүүд олширчээ. Элэг бүтэн өсөж буй ангийн хүүхдийн өдөр тутмын гэнэхэн яриа, аав, ээжийн тухай багшийн санамсаргүй яриа тэдний бяцхан зүрхийг шархлуулж, өөрийгөө бусдаас тусгаарлах, өөртөө итгэх итгэлгүй болгож буйг сэтгэлзүйчид анхааруулсаар байна. Аав эзгүйд...

Ээж эзгүйд

АНУ-ийн Индианагийн их сургуулийн зочин судлаач, Монгол Улсын гавъяат багш, Профессор Пүрэвийн Увшийн судалснаар, гадаадад аж төрж буй Монгол гэр бүлийн 16 хувь нь эхнэр, нөхөр хоёр хол газар удаан байснаас салдаг болохыг олж мэджээ.

Хүний нутагт, гүнийн газарт хань ижил, үр хүүхдээ үлдээгээд мөнгө олохоор доголон нулимстай явсан бүсгүйчүүдэд ажил олдохгүй, байр сууцны төлбөрөө хуваан төлөх үүднээс бүлсэн амьдрахыг сонгодог бөгөөд энэ нь зарим тохиолдолд гэр бүл салах нэгэн шалтгаан болдог аж. “Тунгалаг Тамир” романд гардагчилан Эрдэнийг хол байх хойгуур Долгорт тохиолдсон шиг явдал бишгүй болдог бөгөөд зохиол ёсоор Эрдэнэ ойлгохоос илүү бүр холддог ажээ.

Ээжийн эзгүйд хүүхдэд тавих анхаарал сулардаг ажээ. Үүнээс үүдэн хэрэгтэй, хэрэггүй нэр томьёо бишгүй гарах болсон агаад “өрх толгойлсон аав”, “ганц бие аав” гэх мэт гажиг ч гэмээр тусгай нэршил бий болов. Байгалиас өгөгдсөн чадвар нь эмэгтэйчүүдийг илүү үр хүүхэддээ ойрхон байлгаж, тэдний дотор, гаднах орчинд юу болоод буйг олж мэдэх илүү дөхөм байдаг бол угаас бүдүүн бараг эрчүүд үүнийг тэр болгон анзаардаггүй аж.

Цагаачдын хүүхдүүд

Хэдэн жилийн дараа “Орос эхнэр” гэдэг шиг “цагаачдын хүүхэд” гэх нэр томьёо гарч ирэхийг үгүйсгэхгүй нь. Улстөрчдийн өрсөлдөгчөө намнах шинжлэх ухаанч бус хар цусны шинжилэхүй үүний улам бүр бадраах юм. Монголд хэдэн мянгаар тоологдох хүүхдүүд эцэг, эхээсээ алсад өсч байна. Тэд эрүүл саруун өсөн өндийж буй ч сэтгэл зүй, боловсролын хувьд дутуу дулимаг байх нь мэдээж. Хэдэн жилийн дараа тэд нийгмийг авч явах улс. Тэр үед гэр бүл, сэлгэл санааны хувьд хэр тогтвортой бие хүн болсон байх вэ гэдэг өнөөдрийн бидний асуудал болжээ.

Монголд бизнес хийх боломж хумигдаж байна

Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Хүний хүү эрдэм өвөртлөн ирнэ гэдэг их зохиолч Д.Нацагдоржийн шүлэг өнөөгийн бодит байдал дээр эргэлзээ төрүүлэх болжээ. Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогоор цалин хөлстэй ажиллагч нийт ажил эрхэлдэг хүн амын 56.2 хувийг эзэлж байсан бол 2020 онд 66.9 хувь болж 10.7 пунктээр өсжээ. Харин ажил олгогчийн эзлэх хувь 0.6 болж өмнөх тооллоготой харьцуулахад 1.9 пунктээр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувь 26.6 болж 1.1 пунктээр тус тус буурчээ. Монголд бизнес хийх боломж улам бүр хомс болж буйн жишээ энэ. Гадаадад мэргэжил эзэмшиж, мэргэшсэн Монгол залуус “ноу хау”-г нь нутагтаа авчирч “Янмал”-аас эхлээд үйлдвэр байгуулж байсан бол тийм боломж улам бүр хумигдсаар байна.

Чехэд 4000 монголчуудаа ажлын байраар хангасан ажил олгогч эх орондоо өөрийн бизнесээ явуулахаар гурван удаа үйлдвэр оруулж ирсэн ч дампуураад гарчээ. Учир нь Европын стандарыг хангасан тэрээр улстөрчдөд хувиа өгөхийг хүсээгүй бөгөөд ингэснээр Монголын төрийн албаныхны нэхсэн авлигын мөнгө, хүнд суртал, удаа дараалан учир шалтгаангүй хийх шалгалтыг тэсч гарч чадаагүй аж. Ингээд тэр буцжээ. Түүнтэй адил санаа гадагш гарсан монголчуудын дийлэнх олонхид нь байдаг ч татварын таагүй нөхцөл, элдэв хүнд суртал, бизнесийн бохир орчноос болоод ирэх бус цагаачилсаар явна.

Төрийн бодлого шийдвэр, хөрөнгө оруулалтын таатай орчин, ухаалаг төр бидэнд дутагджээ. Ковидын үед Монгол Улс хилээ хааснаар гадагш чиглэсэн урсгал түр намжаад байна. Гэхдээ нөхцөл байдал хасах руу чиглэсэн болохоор гэр бүлээрээ чадахгүй юмаа гэхэд хэдэн сар ч болтугай цагаачлах сонирхол хэн хүнгүй төрөх болжээ. Бичигч бээр ч боломж олдвол бушуухан явахаар бэдэрч яваа билээ. Монголд хэн үлдэх вэ?

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл Л.НАРАНТӨГС