Ц.Бат-Энхийг 500 саяын залилангийн хэргээс болж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үү?

Засгийн газраас санаачилж, УИХ баталсан Төрийн хэмнэлтийн хуулиар төрийн өмчит компаниудыг орлогч даргатай ажиллахыг хориглосон. Үүний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн долоо хоногийн шуурхайгаараа орлогч нараа ажлаас нь чөлөөлж, заримыг нь тушаал бууруулжээ. Тодруулбал, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхийг Ерөнхий инженер, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг Тамгын даргаар томилсон байна.
Ингэснээр төрийн хэмнэлтийн хуулийн 5.4-т “Энэ хуульд заасныг зөрчсөн. Тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно” гэж заасан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн орлогч нараа өөр албан тушаалд сэлгэн томилсон уг үйлдэл нь дээрх заалтыг зөрчөөд байна.
Харин Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх, Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат нарыг ямар нэгэн албан тушаалд авч үлдэлгүй бүр явуулсан тухай мэдээлэл байна.
Учир нь Ц.Бат-Энх нь иргэн Э-гийн 500 сая төгрөгийг нь залилан авсан хэргээр нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгагдаж байгаатай холбоотой байж болзошгүй аж.