УИХ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 66 гишүүн дэмжиж, батлагдлаа

УИХ: Үндсэн хуулийн өөрчлөлтийг 66 гишүүн дэмжиж, батлагдлаа

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ПАРЛАМЕНТ ШИНЭ 30 ЖИЛИЙГ ЭХЛҮҮЛЭХ РЕФОРМЫГ ХИЙЛЭЭ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулж, дараах асуултыг тавив. 

УИХ-ын гишүүн Ч.ХҮРЭЛБААТАР:

-Намар сонгууль болно гэсэн яриа их явж, зарим улстөрчийг идэвхтэй болгосон. “Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт батлагдлаа, УИХ 126 гишүүнтэй боллоо, одоогийн 76 юу хийж байгаа юм бэ , намар сонгууль явуулъя” гээд хэсэг хүн гараад ирэх вий. УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэн эрх дараагийн шинэ парламент байгуулагдтал хүчин төгөлдөр байна гэсэн баталгааг энэ журамд тодорхой заасан зүйл байна уу?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД:

-Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хүчин төгөлдөр болно гэж заасан.

Дээрх хариулт өгсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ Засгийн газраа төлөөлөөд энэхүү хуулийг санаачлагчийн хувьд талархал илэрхийлж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал нь нэг өгүүлбэр боловч суурь реформ хийгдэж байна гэж ойлгож байна. Шинэ 30 жилийг цоо шинээр эхлүүлэх шинэ дүрэм. Улс төрийн намууд, эрх баригчид сонгууль дөхөхөөр сонгуулийн дүрэм хийдэг асуудал эцэс боллоо. Энэ дүрмээр дараа дараагийн сонгуульд оролцдог байх агуулга явж байна. Нэг гишүүнд оногддог хэт их эрх мэдэл өнөөдрийн санал хураалтаар эцэс болж байна. Хууль хяналтгүй гардаг нь түүх болж үлдэж байна. Байнгын хороо илүү мэргэшсэн, нэг гишүүн нэг Байнгын хороонд харьяалагддаг байх реформ хийгдэж байна. Эрх мдэлийн төвлөрөл задарч байгаа учраас гишүүн байх нь өөртөө давуу байдал үүсгэх нь эцэслэгдлээ. Засгийн газар  өнгөрсөн 30 жилийн алдаагаа дүгнэж шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө явж байна. Сайн мууг нээлттэй болгоод явж байна.

УИХ -ын гишүүдээс маш их эр зориг гарсан, алсын хараа шаардсан хүнд өдрүүд байлаа. Урьд нь олон удаа яригдсан, шийдэгдэхийн өмнө чадалгүй яриа болж үлдэж байсан. Парламентын бүрэн эрхийн хугацаанд  хийсэн түүхэн рефрорм энэ болж үлдэнэ. Засгийн газраас өргөн барьсан хувилбараар эрх мэдлийн төвлөрлийг хоёр дахин задлахаар болгосон ч 126 болгох зөвшилцөл хийсэн. Ардчилсан нам манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. ХҮН-д талархал илэрхийлье.

Нийгмийнхээ захиалгыг мэдэрч, цөөнхдөө хүлээцтэй хандах итгэлцлээр Үндсэн хуулийн реформ хийгдлээ. Жендерт маш том дэвшил ирнэ. Жинхэнэ утгаараа олон намын төлөөлөл парламентад орж ирнэ. Нийгмийн сегмент рүү хандсан гадаад дахь монголчууд парламентад орж ирэх үүд хаалга нээгдэж байна. Намууд үзэл санаагаараа мэтгэлцдэг байх боломж бүрдэж байна гэлээ.

Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг гишүүдийн 90 гаруй хувийн саналаар дэмжин, баталлаа. 

Чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.