У.Хүрэлсүхийн тангарагийн өмнөх өдөр Л.Оюун-Эрдэнэ намын дарга болно гэв үү

Энэ сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болж, У.Хүрэлсүх зургаан жил төр барих Ерөнхийлөгчийн ажилдаа албан ёсоор орно.
Уг үйл явдлаас урьтаж, түүний атгаж байгаа МАН-ын даргын тамганы дараагийн эзэн хэн байх нь тодорхой болох буюу Монгол ардын намын дараагийн дарга тодрох тохироо хийгдсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнөх өдөр буюу энэ сарын 24-ний өдөр МАН-ын бага хурал цахимаар хуралдаж, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар томилон, тамгыг нь хүлээлгэн өгөхөөр болсон гэх мэдээлэл МАН-ын нөлөө бүхий гишүүдийн ам дамжин хөвөрч байна.
Зуун жилийн түүхтэй МАН 250 мянга гаруй гишүүнтэй гэдэг. Харин тэдний арав орчим хувь нь буюу 200 гаруй гишүүн нь МАН-ын бага хурлын гишүүн. Тэгвэл тэдгээр хүмүүсийг оролцуулсан цахим хурлаар МАН-ын даргыг тодруулан, тамгыг нь хүлээлгэн өгөхөөр болжээ. МАН ярсхийтэл гараа өргөн, зуун хувийн саналаар асуудлаа шийддэг жишигтэй. Гэхдээ ингэж ярсхийтэл гараа өргөхийн тулд өмнө нь тохироо яриа яс тас хийгдсэн байх учиртай. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг МАН-ын дарга болгох тохироо ч хэдийн хийгдсэн тул ийнхүү ганц өдрийн цахим хурлыг ёс болгон хийгээд, ярсхийтэл гарыг нь өргүүлэх нь тодорхой болсон бололтой.
У.Хүрэлсүх Засгийн тэргүүнээс өөрөө сайн дураараа огцорч, сайн дураараа нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэд Засгийн тэргүүний тамгаа шилжүүлж өгсөн. Тэгвэл МАН-ын даргын тамгаа ч мөн адил нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ шилжүүлж өгөх гэж байгаа бололтой.