Жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо

Жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаал эхлээд бараг 20 хонох гэж байна. Эхэндээ шударга ёс, эрх тэгш байдлыг шаардсан иргэдийг жагсаалыг дэмжиж, “хошуу нэмэхээр хуруу нэм” гэдэг шиг өөрийн биеэр жагсаалд нэгдэн Төрийн ордныг гороолов. Нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардсан жагсагчид гадаа -20-30 градуст хонон өнжин шаардлагын хариугаа нэхэж байгааг нэг талаараа дэмжсэн ч нөгөө талаараа өрөвдсөн. Яагаад гэвэл, тэд эрүүл мэндээрээ дэнчин тавиад цагаан захтануудтай тэмцэж байгаа учраас тэр. Ашгүй, эрх баригчид жагсагчдын тавьж буй шаардлагыг хүлээн авч, нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, хуулийн байгууллага эхнээс нь шалгаж эхлэв. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар тусгасан. Гэвч жагсагчдад энэ нь хангалттай биш байсан бололтой, өөр зүйл шаардан тэмцлээ үргэлжлүүлэв. Эхний шаардлага нь гэр барьж өгөх. Хотоос гэр барьж өглөө, даанч тэндээ байрласангүй. Дараагийн шаардлага нь СТӨ-г нээх. Бас л шаардлага гэх үү, хүсэлт гэх үү, ямартай ч биелүүлэв.

Тэгсэн Ддиш, интернет, гэрийн дулаалга бүр хогоо шүүрдэх шүүр хүртэл нэхэж, нүүрсний хулгайтай тэмцсэн жагсаалыг утгыг алдагдуулах нь тэр. Ингэж жагсана гэж байх уу даа? Ямар сайндаа л ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Одоо жагсагчдын шаардлагыг ойлгохоо болиод байгаа” гэж ярих вэ дээ. Уг нь мань хүн жагсагчидтай хамгийн олон удаа уулзаж, юу шаардаад байгааг нь хамгийн сайн мэдэх хүн шүү дээ. Харин жагсагчид болохоор бид ирээдүйнхээ төлөө жагсаж байна, тэмцээд байнаа л гэх юм. Тэгвэл юуг нь өөрчилмөөр байна, яг юу шийдүүлмээр байна гэхээр зорилго байхгүй. Хуулиа өөрчил л гэнэ. Зарчмаа зөрчин барин өөрчилсөн хууль нь гууль болчихлоо гэнэ. Яг юу нь гууль болгоод байна гэхээр “миний бодлоор бол болохгүй байна” гэнэ. Нэрсээ зарла гэхээр нь эхнээс нь нэрсийг зарлатал биш байна л гэнэ. Ер нь бол тэр нэрсийг нь хуулийн дагуу гэм буруутайг нь тогоогоод шүүхээр оруулаад дараа нь гэм буруутай юм байна гэж зарлах ёстой юм үү дээ. Юутай ч жагсаал утгаа алдаж, жагсагчид алтан загасны эмгэн шиг аашлах боллоо. Цаашид тэднээс ямар хүсэлт, шаардлага тавихыг Балхжав бид 2 таашгүй л байна.