ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТАЛААР ХЭН, ЮУ ХЭЛЭВ?

 Үндсэн хуулийн цэцийн  /2022.8.15/ их суудлын хуралдаанаар  Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “… Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй  гэж үзээд хүчингүй болгоод байна. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаагийн байр суурийг хүргэе.

Үндсэн хуулийн цэцийн дарга асан, академич Ж.Амарсанаа: Цэц Үндсэн хуулийн дотоод бүтээцийн хувьд бий болсон том зөрчлийг залруулсан

 

Цэц 1992 онд байгуулагдаад гучин жилийн хугацаанд нийтдээ 3600 орчим өргөдөл, мэдээлэл хүлээж авсан байдаг юм. Үүний 300 орчим нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоол байдаг бол 60 орчим хувь буюу 180 орчим нь Улсын Их Хурлын баталсан хууль, тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгэхээр Их Хурал, зарим улс төрийн намууд цэцийн үйл ажиллагаанд яаж дуртай байх вэ дээ. Ямар ч байсан цэц амьд байна, ажиллаж байна.

Цэц болоод цэцийн гишүүдийг тойрсон ямар нэг ашиг сонирхолтой юу, улс төрийн нөлөөлөд байдаг уу гэхчлэн шүүмжлэл, таамгууд нийгэмд их байдаг. Хэн ч, юу ч гэж шүүмжлэх эрхтэй. Гэхдээ би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Үндсэн хуулийн цэц түүний гишүүн гагцхүү Үндсэн хуульд захирагдана. Тэгээд Үндсэн хуульд захирагдаад Үндсэн хуулийнхаа ажлыг л хийнэ. Цэц гэдэг байгууллага  Парламентыг, Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг хянана. Хүний эрхийг хамгаална.  Ийм институт, ийм байгууллага байгаа нь чухал. Цэцийн гишүүн нам бус байдаг. Хоёр зуун дамжаад нам бус байна. Тухайлбал, миний хувьд аль нэг нам, хэн нэг улстөрч сонин биш.

Судлаач хүний хувьд хэлэхэд Үндсэн хууль бусад хуульд нийцэхийн зэрэгцээгээр Үндсэн хууль өөрөө дотооддоо  зөрчилгүй байх ёстой. Бүтцийн хувьд зөв байх ёстой. Тэгэхээр Цэц бусад хууль Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хянахын зэрэгцээгээр Үндсэн хуулийн тэр бүтээц нь дизайн, агуулга, хэлбэр, логик нь зөв байна уу гэдгийг бас давхар хянадаг. Энэ удаагийн цэцийн шийдвэрийн тухайд Үндсэн хуулийн дотоод бүтээцийн хувьд том зөрчил бий болсон байсан. Тиймээс хууль тогтоох байгууллага хууль тогтоохдоо үүнийгээ засаач ээ гэдэг шийдвэрийг Цэц гаргаж, технологийн алдааг залруулж өгсөн.

Үндсэн хуулийг ерөөсөө өөрчилж болохгүй гэвэл Үндсэн хууль өөрөө нийгмээ хойш нь чангаачихна.  Нөгөө талдаа өөрчилнө гээд байсхийгээд бас оролдоод байж болохгүй. Юунд нь гар хүрэх вэ гэдгийг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулиар тогтоочихсон. Тэгэхээр энэ удаагийн шийдвэрийг бид зөв талаас нь ойлгож, ул суурьтай харах хэрэгтэй.

Академич, МУИС-ийн эмирет профессор С.Нарангэрэл: УИХ өөрийн хүсэл зорилгоор бус цэцийн шийдвэрийн дагуу Үндсэн хуулийн өөрлөлтийг хийж байна

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсныхаа дараагаас эхлээд хүчин төгөлдөр болсон. Одоо яагаад ч засах арга байхгүй. Үндсэн хуулийн цэц бол Үндэсн хуулийн маргаанаар мэргэшсэн шүүх. Энэ шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо энэ тогтоолын дагуу хүчингүй болсон заалтыг засах, холбогдох хуульд өөрчлөлт оруулах шаардлага УИХ, хууль тогтоогчдын өмнө тулгарсан. УИХ бол УИХ-ын сонгуулийн дараах Монголын ард түмний нийтийн эрх ашгийн илэрхийлсэн ийм бага ард түмэн учраас УИХ одоо энэ асуудлыг шийдвэрлэнэ. 

Судлаачийн байр сууринаас УИХ-ын шийдвэрийг харж байна. УИХ хоёр шийдвэр гаргана. Нэгдүгээрт, үндсэн хуульдаа заавал хүрэхгүйгээр холбогдох хууль, тэр дундаа Үндсэн хуулийн дараа ордог органик хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж болно. Гэтэл энэ нь өөрөө боломжгүй болж байна. Заавал Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж байж, цэцийн шийдвэрийг биелүүлнэ. Тэгэхээр 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэдгийг хүчингүй болгосноор энд бий болсон хий орон зайг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар засна. Өөрөөр хэлбэл Үндэсн хуулийн өөрчлөлтийн асуудал бол УИХ-ын гишүүдийн өөрсдийн санаачилгаар бус Үндсэн хуулийн цэцийн хөдөлшгүй шийдвэрийн дагуу өөрчлөх шаардлагатай болж байна. 

Ер нь бол энэ шийдвэр Үндсэн хуулийн удирдтгал хэсгийг зөрчсөн. Дараа нь Үндсэн хуулийн хоёр дахь хэсэг ардчилсан ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн заалт зөрчигдсөн. Үндсэн хуулийн 29.1 дэх хэсэгт УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаалыг хашиж болохгүй. Үүнтэй мөн зөрчилдсөн. Сүүлд нь нэмж хэлэхэд Үндсэн хуулийн 70.1 дэх хэсэгт Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр бүгд үндэслэгдэнэ гэсэн байгаа.