“ЖДҮ”-Д ХОЛБОГДЧИХООД ТАВАНТОЛГОЙН ТУЗ-ИЙН ДАРГА ХҮРТЭЛ ДЭВШИЖ БОЛДОГ ЮМ УУ ?!

“ЖДҮ”-Д ХОЛБОГДЧИХООД ТАВАНТОЛГОЙН ТУЗ-ИЙН ДАРГА ХҮРТЭЛ ДЭВШИЖ БОЛДОГ ЮМ УУ ?!

УИХ-ын нэлээд гишүүнийг хамарсан том хэрэг 2018 оны 11 сард дэгдсэн. Тэрийг “ЖДҮ” гэдэг. Олон нийт энэ хэрэгт маш дургүйцдэг. Боломжийг нь хулгайлсан учраас тэр.  Тухайн үед УИХ-ын олон гишүүн, Засгийн газар, яам, агентлаг, ТӨХК-д удирдах албан тушаал хашдаг хүмүүс “ЖДҮ”-д холбогдож байв. Тэдний нэг нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт “Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан” талаар мэдээлсэн. Энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл түүнд ард түмний боломжийг мэдээлэлд ойр байдлаа ашиглан хулгайлсан хэмээн МАН-аас хариуцлага тооцсон нь энэ.

Удалгүй 2018 оны 12 сарын 4-нд ЖДҮХС-гийн Шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдийг мэдээлсэн. Холбогдсон гишүүдийн голдуу компани, аж ахуйн нэгжүүд зээлээ буцааж төлсөн байв. Тэдгээрийн хамт “ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ” гэж хэвлэлүүд мэдээлсэн.

Ном журмаар нь авсан бол яагаад хугацаанаас нь өмнө төлнө гэж? Нэгэнт 2018 онд асуудал үүсч, зээл хуйг яаралтай төлөөд хуулийн шийтгэлгүй салсан ч ёс суртахууны хувьд ард түмний өмчлөлтэй, бас хариуцлага өндөртэй албан тушаалд дэвшээд, хэсээд явж байж болохгүй.

Ер нь бол одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх “ЖДҮ”-тэй холбогдсон хүмүүсээ дэмждэггүй. 2019 оны 8 сарын 15-нд “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ. Ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэж хэлж байв. Түүнчлэн 2020 оны 4 сарын 13-нд УИХ дахь МАН-ыг бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэдгээ албан ёсоор  мэдэгдсэн. Үнэхээр ч “ЖДҮ”-д холбогдсон олон хүнийг сонгуульд оруулаагүй.

Харин сонгуулиас хоёр сарын дараа 2020 оны 8 сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөх Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилчихов. Улмаар өнөөх Б.Бат-Эрдэнэ маань 2020 оны 10 сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас Б.Бат-Эрдэнийг тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр сонгож, мань эр ТУЗ-ийн дарга нь болжээ.

МАН-ын даргын дургүй, бас тэмцдэг шударга бус явдалд нэр холбогдож явсан Б.Бат-Эрдэнэ хаагуур нь гүйгээд ШӨХТГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болчихов оо?!

“ЖДҮ”-д холбогдчихоод Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дэвшиж болдог юм уу?!

Ядахад яр гэдэг шиг ШӨХТГ-ын дарга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй. Энэ талаар томоохон хэвлэлүүд хангалттай сануулж ирсэн.

Юу гэвэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай заасан. Энэ нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэсэн үг. Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.

Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчихоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үй ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай.

Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчихоод байгааг удаа дараа сануулж байгаа юм.

Төрийн албыг тууштай хашиж үзээгүй, олон жил намын ажил хийсэн Б.Бат-Эрдэнэ гэх залуу хэний татаасаар ингэж олон албан тушаалыг нэгэн зэрэг хийж, ашиг сонирхолын зөрчилтэй ч хамгаалалтанд яваад байгааг бид үргэлжлүүлэн хүргэх болно.