Ж.СЭРЭЭЖАВЫГ “ШИРЛЭЖ” ВЕЬТНАМ ЯВУУЛСАНЫ ШАЛТГААН НЬ 100 САЯ АМ.ДОЛЛАРТ ЭЗЭН СУУХ НУУЦ ТОХИРОО ЮУ?

Ж.СЭРЭЭЖАВЫГ “ШИРЛЭЖ” ВЕЬТНАМ ЯВУУЛСАНЫ ШАЛТГААН НЬ 100 САЯ АМ.ДОЛЛАРТ ЭЗЭН СУУХ НУУЦ ТОХИРОО ЮУ?

Монгол Улсын гадаад харилцаанд хил гаалиа хаалгаж, хоёр хөрштэйгээ ч учраа олж чадахаа больж байсан түүх тэртээ дэлхийн хоёрдугаар дайны үед ч бараг байгаагүй билээ. Тэр тусмаа одоогийнх шиг дэлхийн улс орнуудад Монгол Улсын нэр хүндийг шороотой хутгаж, шавартай зуурч байсан эмгэнэл бүр үгүй. Гэтэл ердөө сүүлийн арав хүрэхгүй жилийн ахархан хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа, түүнийг Олон улсад хэрэгжүүлж буй дипломатууд хууль бус наймаа, хар тамхи, архидалт, янхандалт, тэр бүү хэл хүний наймааны хэрэгт холбогдож дэлхийд эх орноо хар данстай болгочихлоо. Харамсалтай нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төрийн тэргүүн У.Хүрэлсүх сэвтсэн нэр хүндээ сэргээж, сүйрсэн боловсон хүчний бодлогоо засахын оронд улс төлөөлөх элчингүүдийг урьдын адил буруу гарын хүмүүсээр дүүргэх болов.

Тухайлбал, 1954 оны 11 дүгээр сарын 17-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан Бүгд найрамдах социалист Веьтнам Улс(БНСВУ)-д Монгол Улсаас суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Төрийн ёслолыг нурааж, өөрийн тачаалаа тарааж асан Ж.Сэрээжавыг томиолсон явдал.

Ж.Сэрээжав гэж хэн бэ?

Түүний намтрыг сөхөж харвал Ж.Сэрээжав Төрийн ёслолын албанаас арван дахвар идээ зассаны улмаас халагдсаныхаа дараа Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Хэргийг түр хамаарагчаар 2017 оны наймдугаар сарын 07-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 2018 онд Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан БНСВУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ.

Төрийн золголтын тавгийг “зовлон”-гоор дуусгаж халагдаж байв

Ж.Сэрээжав гэх эрхмийг монголчууд Төрийн ёслолын албаны дарга байх үеэс мэдэх болсон. Учир нь тэрбээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед ахмад настнуудтай хийсэн төрийн золголтын тавгийн идээг 10 үеэр зассан алдааныхаа төлөө ажлаасаа халагдаж байсан. Гэвч энэхүү алдааг тэрбээр өөрөө хүлээхийн оронд доод албан тушаалтан руугаа бухаж, гурван ч ажилтныг ажлаас халж байсан нэгэн юм.

Гадаад яамны “гаж донтон” гэгдэж байв

Гэвч албан тушаалд дуртай Ж.Сэрээжав ээлжит албанд томилогдох тохироогоо хийж дахин гарч ирэв. Гадаад харилцааны яам Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав томилох саналыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан.  Гэвч мань эрийн ээлжит алдаа завхрал ажлын байрны бэлгийн дарамтаар үргэлжилснээр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга Улмаар  “Элчин сайд байх хэмжээний хүн биш” хэмээн үзэж, томилуулалгүй буцааж байжээ. Учир нь  Ж.Сэрээжав нь ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтандаа “Чиний өгзөг томорсон байна. Ковидын улмаас таргалсан чинь зохьсон байна. Чамайг алхах үед юбка чинь сөхөгдөөд өгзөг чинь сайхан харагдаж байна” гэх зэргээр бэлгийн дарамт үзүүлсэн нь ил болсон байдаг.

Хууль бус наймаа хийж хил дээр баригдаж байв

Эрхэм Элчин сайд Ж.Сэрээжав Киргиз улсад консулаар ажиллаж байхдаа буюу 2014 онд хориотой бараа димполат албаны машинаар тээвэрлэж Польшийн хил дээр баригдаж байжээ. Мөн ГХЯ-ны Азийн газрын захирлаар ажиллаж байхдаа Сингапур Улсад томилолтоор ажилласны томилолтын тооцоог хийхдээ төлбөрийг сингапур доллараар төлсөн байдаг ч  ГХЯ-ны санхүүтэй ам.доллараар тооцоо хийж вальютын ченжийн үйл ажиллагааг гадаад яаманд гаршуулж, төсвийн мөнгө завшиж байсныг 2006 оны 5 дугаар сарын12-нд гарсан Л.Жавзмаагийн гарын үсэгтэй тушаалуудаар нотолдог байна.

Ямар ч бизнесгүй ч тэрбумаар тоологдох орлогтой

Ж.Сэрээжав нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хун шиг цагаан зүйлс бичиж гэмгүй нэгэн болж харагддаг ч төрийн албан хаагч гэхэд тэрбумаар тоологдох орлого, хөрөнгө нь анхаарал татдаг. Лоасыг зорихоор сэрүүн зүүдэлж байх үед буюу 2019 онд тэрбээр 1 тэрбум, 410 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгө, 1 орон сууцтай. 40 саяын үнэлгээ бүхий мал, 52 сая үнэ бүхий үнэт эдлэл, 75 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж байсан удаатай. Гэхдээ Ж.Сэрээжав ба түүний хамаарал бүхий бизнес нь ч анхаарал татдаг.

Гэвч нам гэх их айлын хор, хоолтой гүн хутгалдсан энэ хүн бохир нэр, бараан үйлдлээсээ үл хамаарч ах нарын хайранд хөлбөрч албан тушаалын амтанд тасралтгүй шимтэж Элчин сайд хүртлээ яваагийн цаана ямар эрх ашиг байна вэ гэж эрхгүй хардахад хүргэнэ.

Ж.Сэрээжавыг “ширлэж” Веьтнам явуулсаны шалтгаан 100 сая ам.долларт эзэн суух нууц тохироо

Монгол Улс болон БНСВУ нь эртний найрсаг, уламжлалт харилцаатай орон. Өдгөө хоёр улсын харилцаа эдийн засаг, соёл, боловсрол гээд олон чиглэлээр өргөжиж, уг бат бөх суурь дээр үндэслэн цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахыг талууд зорьж байгааг Гадаад харилцааны яамны бодлогын баримт бичгүүдээс харж болно.

2010 онд 10 сая ам.доллар байсан Монгол-Вьетнамын хоорондын худалдааны нийт бараа эргэлт 2016 оны байдлаар 43.0 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт 2,9 сая ам.доллар, импорт 40,1 сая ам.доллар байжээ. Экспортод манай улс гянт болдын хүдэр, үхэр, адууны шир, шевро, гэх мэт түүхий эдийг гаргаж нийт 2,9 сая ам.доллар, импортоор 40,1 сая ам.долларын цагаан будаа, угаалгын бодис, кофе, ургамлын тос, лаазалсан ногоо, жимс, самар, чихэр, гурилан бүтээгдэхүүн, модон эдлэл эм, химийн бүтээгдэхүүн зэргийг оруулж ирдэг байна. Дөрөвхөн жилийн дотор дөрөв дахин өссөн энэхүү худалдааны эргэлт өдгөө 100 сая ам.долларт дөхөж ирсэн бөгөөд хоёр улс экспорт, импортын хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд цаашид тээврийн өртгийг бууруулах, бараа бүтээгдэхүүний төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаар болсон.

Гэхдээ энд анхаарал татаж байгаа ганц асуудал нь хэрэг төвөгөөр дүүрэн хар бараан мөртэй Ж.Сэрээжавыг өдрөөс өдөрт өргөжиж байгаа хоёр улсын харилцаанд гүүр болгохоор илгээсэн явдал. Иргэд олон нийт төдийгүй гадаад харилцааны салбарынхан ч ганц нүдээрээ үздэггүй Ж.Сэрээжавыг эрхэм сайд Б.Батцэцэг, хүндэт ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуу нэгтэй “крандаж” хилийн чанадад суулгасаны цаана өдгөө 100 сая ам.долларт хүрч буй экспорт, импортод гар дүрэх гэсэн башир санаархал байж болох талтай. Тэгээгүй бол монгол төрийн алтан аргамж алдарсан биш, монгол хүний эрдэм чадал дууссан биш юу гэж Ж.Сэрээжав мэтийн шар сэмжилж, хил дамжиж хууль бус наймаа хийсэн хар мөртэй, халтар түүхтэй хүнийг улсынхаа илч төлөөлөгч болгож улс дамнуулан томилох билээ.

 Г.Гучинес