ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР”

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, “ХЕРО” Б.БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ “АНДЛАЛЫН ЛУЙВАР”
  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга, явуулгаар “Хос санаа” ХХК Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын өргөө” цогцолбор жил тойрон хэл ам дагуулж, Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул эцэст нь нурааж орхилоо. Ингэж нураамагцаа улсын төсвөөс санхүүжүүлсэн 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон гэх нэрээр “Андлалын хөшөө” тойрсон олны хэл амыг Ерөнхий сайдаас холдуулж, дарахыг оролдож буй. Тэгвэл тус төслийг гүйцэтгэсэн “Хос санаа” ХХК нь барьсан барилгаа нураачихаад, зарцуулсан хөрөнгөө улсад буцааж өгөөд хэл амгүй сууж буй нь сонирхол татсан юм. Иймд Эргэлт.мн мэдээллийн сайт “Хос санаа” ХХК-ийн цаад эздийг эрэн сурвалжилж, эцсийн цэгт хэнтэй холбогдож байгааг баримтаар илрүүлэн уншигч танд хүргэж байна. 
 

ХАЛХАВЧ БУЮУ “ХОС САНАА” ХХК

 
         “Андлалын өргөө” цогцолборыг барьсан “Хос санаа” ХХК-ийг эхлээд танилцуулах нь зүйтэй болов уу. Тус компани 2012 оны хоёрдугаар сарын 16-нд Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар Улсын бүртгэлд 5565669 регистрийн дугаараар Чингэлтэй дүүргийн III хороо, хоёрдугаар 40 мянгат, 5-20 тоот хаяг дээр М.Амарсанаа гэж хүний нэр дээр анх бүртгэгджээ. “Андлалын өргөө” цогцолборын тендерт шалгарах хүртлээ бүртгэлд нь ямар нэг өөрчлөлт ороогүй, тодорхой үйл ажиллагаа ч явуулаагүй “цагаан” түүхтэй компани. 
          “Хос санаа” ХХК-ийн Улсын бүртгэл дээрх хаяг болон Мөнхтуяагийн Амарсанаагийн нэрээр шүүлт хийж үзвэл, түүний нэр, хаяг дээр “Нью Жейм Бийт” ХХК, “Эм ди консалтинг” ХХК, “Хэппи Хобби трейвэл” ХХК, “Мөнх ногоон эко” ХХК, “Зайсан стрийт” ХХК гэсэн таван компани бүртгэлтэй байх аж. Сонирхолтой нь, Нано технологи судлал, аялал жуулчлал, газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан дээрх компаниудад оролцсон тендер, үйл ажиллагаа явуулсан бүртгэл алга. Харин “Нью жейм бийт” ХХК нь л Баянзүрх дүүрэгт шөнийн цэнгээний газар ажиллуулдаг болохыг олж мэдлээ. Өөрөөр бол, Мөнхтуяагийн Амарсанаагийн “Хос санаа” ХХК болон бусад таван компани  нь “халаасны” буюу тодорхой үйл ажиллагаа тогтмол явуулдаггүй цаасан дээрх компаниуд байж иржээ.
 
        Харин “Андлалын өргөө” цогцолборын тендер зарлагдахын өмнөхөн “Хос санаа” ХХК-ийн захирлаар М.Жавхлантөгс гэх хүн ажиллахаар болж, тус компанийн эзэмшигчээр М.Амарсанаатай хамт нэрээ бүртгүүлсэн байна. Харин анхны эзэмшигч М.Амарсанаа тус компанийн менежер болжээ. Ингээд М.Жавхлантөгс захиралтай, М.Амарсанаа менежертэй “Хос санаа” ХХК 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ногоон гэрлээр шалгарч, барилгын ажлаа эхлүүлсэн байгаа юм. 
 

САРЫН ДОТОР НОГООН ГЭРЛЭЭР БАЙГУУЛАГДСАН 1.9 ТЭРБУМЫН ГЭРЭЭ

 
         Хэнтий аймгийн Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборын барилга барих тендерийг 2018 оны тавдугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж, “Хос санаа” ХХК шалгарсан байдаг. Тус тендерт ганцхан “Хос санаа” ХХК оролцож, өрсөлдөгчгүйгээр шалгарсан ч гэдэг. Ингээд сарын дараа буюу 2018 оны зургадугаар сарын 21-нд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг дарга, “Хос санаа” ХХК “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолбор төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гурвалсан гэрээ байгуулжээ. Тус гэрээг захиалагч талаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, гүйцэтгэгч талаас “Хос санаа”ХХК-ийн захирал М.Жавхлантөгс, менежер М.Амарсанаа нар үзэглэсэн байна.
         Гэрээнд барилга угсралтын нийт төсөв 1,961,784,084 төгрөг байх бол хугацаа 2018 оны зургадугаар сарын 18-ны өдөр эхэлж, 2019 оны наймдугаар сарын 10-ны өдөрт багтаан барьж дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгөхөөр заажээ. Ингэхдээ гэрээний тусгай нөхцөл хэсэгт тус төслийг 2018 оны улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, үлдэгдэл 561 сая төгрөгийг 2019 оны төсөвт тусгахаар заасан байна. Гэрээний дагуу 2018 оны есдүгээр сарын 7-нд 684 сая төгрөгийг БОАЖЯ-наас “Хос санаа” ХХК-ийн данс руу шилжүүлсэн төлбөрийн баримт энэ байна. 

М.ЖАВХЛАНТӨГС ГЭЖ ХЭН БЭ

 
        “Хос санаа” ХХК-ийн захирал гэх Мөнхцогтын Жавхлантөгс нь “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын Ерөнхий үнэлгээний хуудаст өөрийн утасны дугаарыг 99110946, албан ёсны хаягийг Баянзүрх дүүргийн XV хороо, 13 дугаар хороолол, 72-82 тоот гэж бүртгүүлжээ. Харин “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын санхүүжилтийн нэхэмжлэх хуудас дээр “Хос санаа”ХХК-ийн утасны дугаарыг 88880946, 70137222 гэж бүртгүүлсэн байна.
 
Түүний энэ бүртгэл, өгөгдлүүдээр хайлт судалгаа хийж үзээд ихэд сонин баримтууд олсноо одоо хүргэе. 
       Юун түрүүнд М.Жавхлантөгсийн Баянзүрх дүүргийн XV хороо, 13 дугаар хороолол дахь өөрийнх нь хаягийг шүүж үзвэл тус хаяг дээр, өөрийнх нь нэр дээр газар тариалан, гадаад худалдааны “Онон харвест” ХХК бүртгэлтэй байдаг аж. 
 
Харин “Андлалын өргөө” цогцолборын барилга угсралтын гэрээнд “Хос санаа” ХХК-ийнх гэж бүртгүүлсэн 88880946 гар утасны дугаарыг нь хайж үзвэл санхүүгийн программ хангамжийн Excel.mn сайтын ашигладаг гар утас байх аж. Тус сайтыг судалж үзвэл Ерөнхий админ, программ зохиогчоор нь “Хос санаа” ХХК-ийн захирал гэх М.Жавхлантөгс өөрөө ажилладаг юм байна. 

Харин 99110946 гар утас газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК-ийнх, 70137222 албаны утас нь уул уурхай, тээврийн үйлчилгээний “ЭСДЭ”ХХК-ийнх байх аж. 

 
 

Энэ сэжүүрүүдээр цааш хөвөрдөж хөөвөл илүү сонирхолтой баримтууд гарч ирж байна. Тухайлбал, “Хос санаа”ХХК-ийн захирал М.Жавхлантөгс нь Excel.mn сайтын Ерөнхий админ, программ зохиогчоор ажиллахаас гадна газар тариалангийн “Жаргалант харвест”ХХК, уул уурхай, тээврийн “ЭСДЭ” ХХК-д санхүү хариуцсан удирдах албан тушаалд давхар ажилладаг юм байна. Өмнөх ажлын туршлагыг нь ухаж үзвэл Монголбанк, Зоос банканд ажиллаж байжээ. 

 
Тэгвэл М.Жавхлантөгсийн ажилладаг газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК, уул уурхай, тээврийн “ЭСДЭ” ХХК-иудыг өгөгдөл болгон цааш судалж үзээд илүү сонирхолтой баримтууд олсноо одоо хүргэе. 
 

“ЭСДЭ”, “ЖАРГАЛАНТ ХАРВЕСТ” КОМПАНИУД ХЭНИЙХ ВЭ

 
         Улсын бүртгэлд шүүлт хийж үзвэл “ЭСДЭ”ХХК, “Жаргалант харвест” ХХК-иуд нь Лхагвасүрэнгийн Батсүрэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Түүнчлэн Л.Батсүрэнгийн нэр дээр “Херо контент групп”ХХК, “Херо медиа групп” ХХК-иуд бүртгэлтэй байна. 
 
        Уншигч та санаж буй бол 2018 онд газар тариалангийн “Жаргалант харвест” ХХК ЖДҮХС-аас 1,2 тэрбум төгрөгийг хууль бусаар авсан асуудалд орооцолдож, захирал Л.Батсүрэнг нь АТГ-аас баривчилж байлаа. Сонирхолтой нь “Жаргалант харвест”ХХК нь одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын хамаарал бүхий компани буюу тэд тус компанид давуу эрх олгож, 1,2 тэрбум төгрөгийн зээл олгуулсан гэж АТГ-аас зарлаж, тухайн үедээ дуулиан болж байв. 
Тэгвэл “Жаргалант харвест” ХХК, “Эсдэ” ХХК, “Херо контент групп”ХХК, “Херо медиа групп”ХХК-иудыг эзэмшдэг Л.Батсүрэн гэгч нь хэн болохыг судалж үзээд илүү ноцтой байж мэдэх баримтууд оллоо. 
 

Л.БАТСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ

 
        “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэнг судалж үзвэл зүгээр ч нэг газар тариалан, уул уурхайн бизнес хийдэг хүн биш ажээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар нартай шууд холбогдож байх аж. Тухайлбал, Б.Баатартай яаж холбогдож байна гэхээр “Херо”-гийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зургийн даргаар Л.Батсүрэн ажилладаг юм байна. Тус нэвтрүүлгийн төгсгөлд арын албаныхны нэрс гардаг хэсэгт Л.Батсүрэн нэр, зурагтайгаа дурайж байна. Түүнчлэн “Херо” Б.Баатар, Л.Батсүрэн нарын цахим хаягт харьцуулалт хийж үзэхэд Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтаар хаана л явна, тэнд нь Л.Батсүрэн хамт явж байх аж. Жишээлбэл,  Хакухо М.Даваажаргалын оролцсон дугаарыг бэлтгэхээр “Херо”-гийн баг Японд очсон байх үед Л.Батсүрэн Б.Баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан гурав хамт авахуулсан зураг нь ч байна. Хамгийн сүүлд л гэхэд саяны цахим наадмын контент бэлдэх үед Б.Баатар, Л.Батсүрэн нар Хүй долоон худагт хамт байжээ. Өөр нэг холбогдох том сэжүүр нь дээр дурдсанчлан Л.Батсүрэн нь “Херо контент групп” ХХК, “Херо медиа групп” ХХК-иудыг эзэмшдэг. Б.Баатар “Херо энтертайнмент групп” ХХК-ийг эзэмшдэг. Б.Баатар, Л.Батсүрэн нар “Херо” гэдэг үг оролцсон, дүрс бичлэг, контент үйлдвэрлэл, реклам сурталчилгааны ижил төрлийн компаниуд эзэмшдэг нь санамсаргүй тохиолдол биш гэсэн үг. 
         Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Л.Батсүрэн нар “Херо”-гоос гадна олон зүйлээр холбогддог. Мэдээж Б.Баатар, Л.Оюун-Эрдэнэ хоёр ах дүүс учраас Л.Батсүрэн тэдэнтэй шууд холбогдож таарна. Харин өөр холбогдох сэжим гэвэл Л.Батсүрэн МАН-ын идэвхтэй гишүүн, НАМЗХ-ны гишүүн. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Л.Батсүрэн түүнээс хэд хэдэн шагнал гардан авч байсан. 
       Түүнчлэн, Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж эхлэх үед тус зөвлөлийн Бизнес зөвлөлийн даргаар нь Л.Батсүрэн ажиллаж эхэлсэн. 2018 оны Улсын баяр наадмаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн Хүй долоон худагт уяа засах үед Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар, Л.Батсүрэн гурав хамт очиж, бие биенээ “Ах аа, миний дүү” хэмээн ихэд хүндэтгэн авгайлж явсан нь дүрс бичлэгт үлджээ. Тэр байтугай Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Хүй долоон худаг дахь уяаны тохижилт, гэр сэлтийг Л.Батсүрэн захиралтай “ЭСДЭ”ХХК өөрийн хөрөнгөөр бэлтгэлээ гэж Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийнхөн албан ёсны цахим хаягтаа магтан бичсэн байна. 

“ХОС САНАА" ХХК-ИЙН ЖИНХЭНЭ ЭЗЭН ХЭН БЭ

 
            “Андлалын хөшөө” цогцолборын барилгыг барих тендерт ногоон гэрлээр шалгарч, 90 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусгачихаад “Оюуны өмчийн маргаантай болсон” гэх шалтгаан олны хэл амнаас бултуулж, нурааж орхисон “Хос санаа” ХХК-ийг судалж үзэхэд эцсийн цэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар хоёр дээр бууж байгааг баримтаар харлаа. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх нэрээр “Андлалын хөшөө” барих санаачилга гаргаж, 1.9 тэрбумын санхүүжилтийг нь улсын төсвөөс гаргуулчихаад барилгын ажлын тендерийг нь бизнесийн хамтрагч, үнэнч туслагч, хуурай дүүдээ өгчихсөн болж таарч байна. Ингэхдээ элдэв хар түүхгүй, олонд танигдаагүй, цаасан дээрх "Хос санаа" ХХК-ийг ашиглаж, энэ луйвраа гүйцэлдүүлжээ. Харамсалтай нь, ах, “дүү” хоёртойгоо хамтарсан “луйвар” нь эцэстээ бүтэлгүйтэж, олны хэл амыг хэтэрхий их дагуулсан учраас нураасан болж таарч байна.