Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы оронд Р.Чингисийг томилох уу?

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг чөлөөлж, түүний оронд Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Р.Чингисийг томилохоор тохирчээ, эрх баригчид. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Р.Чингисийг Ерөнхий прокурорын албанд томилох яриа хэлэлцээ хөшигний ард хийгдсэн бөгөөд түүний “хүмүүс” Ерөнхий прокурор дотор томилогдож эхэлсэн гэх мэдээлэл ч байна.
2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилж байв. Ерөнхий прокурорыг 6 жилээр томилдог ч Б.Жаргалсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж магадгүй гэнэ.
Өнгөрсөн хугацаанд Ерөнхий прокурорын хувьд ажилдаа ирэхгүй, тодорхой хэргүүд дээр ажиллахгүй байна хэмээн эрх баригчид шүүмжилж ирсэн бөгөөд хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирсэн боловч эрх баригчид тэднийг хамгаалж үлдсэн нь парламентын нэр хүндийг унагаасан үйлдэл болсон юм. Энэ мэтчилэн эрх баригчдын “үгэнд орохгүй” байсан учраас ийн Б.Жаргалсайханыг явуулж байгаа бололтой. Ерөнхий прокурор нь ажилдаа удаан хугацаанд ирж чадахгүй, эрүүл мэндийн шалтгаантай хэмээж байсан үе ч бий. Гэхдээ энэ бүхний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойлголцох нь хамгийн чухал байв, Ерөнхий прокурорын хувьд. Б.Жаргалсайханы хувьд Өвөрхангайн гаралтай, 2009 оноос хойш прокурорын газарт ажилласан хашир, туршлагатай хүн.
Түүнийг анх томилсон хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тиймээс ч МАН-ынхантай “үл ойлголцолтой” явсан хэмээн улс төрийн хүрээнд яригдаж ирсэн нь нууц биш ээ.
Энэ бүхэн нэг шалтгаан байж болох ч өөр нэг шалтгаан нь эрх баригчид сүүлийн үед “нүүрсний хулгай” гэх үгийг амны уншлага болгосон. Энэ бүхний цаана улс төрийн нөлөө бүхий хүмүүс бий, Ардчилсан намынхан бий, нүүрсний хулгай ярихааар Засгийн газар луу дайрч байна гэх үгийг Х.Нямбаатар сайд зүгээр ч нэг амнаасаа унагаагүй гэлтэй. Хачирхалтай нь Х.Нямбаатар сайдын яриад байгаа “нүүрсний хулгай”-н үзүүрт хэн гэдэг улстөрч, хэн гэдэг хүн байдаг вэ гэдэг асуудлыг эцэслэх, удахгүй шүүхэд шилжинэ гэх амлалтуудыг нь “биелүүлэх” хүн нь Р.Чингис байж болох.
Х.Нямбаатарын амнаас гарч байгаа үг бүр Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн байр суурь, чиг баримжаа гэхэд буруудахгүй. Нэгэн цагт Р.Чингисийн эсрэг гомдол гаргаж явсан хүнийх нь эсрэг тавих ажиллагаа ч байж болох юм. “ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өөрийн баталсан хууль дүрмээ зөрчиж, "Баянгол" зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн" ХХК болон "Баялгийн хувь" ХХК-д санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Тиймээс түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан хэрэгт шалгаж өгнө үү” гэх шомдлыг экс Ерөнхийлөгч тухайн үеийн Хууль зүйн сайд Д.Дорлигжавт гаргаж байсан удаатай.
Энэ мэт хардах үндэслэл, хардлагын дор Ерөнхий прокурорын томилгоог хийх нь ээ, эрх баригчид.
ЕРӨНХИЙ ПРОКУРОРТ ЯРИГДАЖ БУЙ Р.ЧИНГИС ГЭЖ ХЭН БЭ?
Ерөнхий прокуророор томилогдохоор яригдаж буй Р.Чингисийн хувьд хамгийн сүүлд Хотын дарга Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор 8 сарын хугацаанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн билээ. Түүний хувьд 30 гаруй жил цагдаагийн байгууллагад ажилласан, олон нийт түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис гэдгээр нь илүү мэднэ. Улс төрийн хүрээнд түүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тун ойр гэх нь бий.
Р.Чингис нь 1989 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны академи төгссөн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2004 онд АНУ-ын Колорадогийн их сургуулийг төгссөн. 2012 онд ЦЕГ-ын дэд дарга, 2014-2016 онд ЦЕГ-ын даргаар ажиллаж байжээ.
ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ТАЙ ЗӨВШИЛЦӨЖ, 6 ЖИЛЭЭР ТОМИЛДОГ
Прокурорын тухай хууль: 46 дугаар зүйл.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч
- 46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
- 46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
- 46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.
- 46.4.Улсын ерөнхий прокурорын эзгүйд түүний шийдвэрээр Улсын ерөнхий прокурорын аль нэг орлогч бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ. Улсын ерөнхий прокурорын орлогч Улсын ерөнхий прокурорын өмнө ажлаа хариуцна.
- 46.5.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
- 46.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийн бүрэн эрх дараахь тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэр гарснаар хугацаанаас өмнө дуусгавар болно:
- 46.6.1.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;
- 46.6.2.гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;
- 46.6.3.эрүүл мэндийн байдлын улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон;
- 46.6.4.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан.
- 46.7.Энэ хуулийн 46.6-д зааснаар бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.1, 46.2-т заасан журмын дагуу дараагийн Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилно.
- 46.8.Энэ хуулийн 46.1, 46.2-т заасны дагуу санал болгосон нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо зохион байгуулна.
ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWS.MN Ш.ЧИМЭГ