Ерөнхийлөгчийн үгэн доторх үг

Ерөнхийлөгчийн үгэн доторх үг

Дэлхийн олон оронд нүд үзүүрлэгдэж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлаад өчигдөр орой буцлаа. Тэрээр 2024 он гарснаас хойш манай улсад ирэхээсээ өмнө БНХАУ, Беларус, Узбекистан, БНАСАУ, Вьетнам, Казахстан, Азербайжан зэрэг улсад айлчилсан юм. Түүний Монгол Улсад хийсэн айлчлалыг дэлхийн олон улс орон анхааралтай ажиглаж байсан нь гарцаагүй. Тэд Монгол Улс ОХУ-д хэрхэн хандах, юу зөвлөхийг ажиглаж байв. Шатахуун, цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээгээр ОХУ-аас хамааралтай, эртнээс найрсаг харилцаатай явж ирсэн манай улс мөнхийн хөршөөсөө дэлхийн зарим улс орон шиг нүүр буруулах ямар ч боломжгүй. Гэхдээ бас энэ улсын бодлого үйл ажиллагааг дэмжээд суух ч хэцүү цаг үе. ОХУ, БНХАУ-ын дунд оршдог улс орноо монголчууд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэдэг байлаа. Гэтэл одоо ОХУ, гуравдагч хөрш улс орнуудынхаа дунд хавчуулагдчихаад байна. Яг ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэх үгээ маш сайн боловсруулжээ. Тэрээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хамтарсан мэдэгдэл хийхдээ дараах үгийг хэлсэн юм.     

"Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд хөрш ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. 

Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.

Бид дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна" гэсэн юм. Шууд дайнаа зогсоохыг зөвлөөгүй ч дэлхий нийтийн энх тайвны төлөө бусад улс орнуудтай харилцан ойлгох нь чухал гэдгийг онцоллоо. Олон асуудлаараа ОХУ-аас хамааралтай гээд энэ улсыг дэмжээд суухгүй гэдгээ гуравдагч хөрш орнууддаа илэрхийлэв

Ерөнхийлөгч БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох уу, татгалзах уу?

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зөрүүлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх аравдугаар сард ОХУ-ын Казань хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад зочны хувиар оролцохыг урилаа. БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн таван орны байгуулсан хамтын нийгэмлэг юм. БРИКС-ийн XV дээд хэмжээний уулзалт өнгөрсөн онд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болсон бол энэ удаад ОХУ-д болох гэж байна. БРИКС-т анх байгуулсан таван улсаас нь гадна Арабын нэгдсэн Эмират, Иран, Египет, Этиоп зэрэг улс нэгдээд байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцоогүй. Харин цахимаар оролцож хэлсэн үгэндээ “БРИКС шинэ колоничлол, барууны ноёрхлын бодлогыг эсэргүүцэж, олон туйлт ертөнцийг байгуулахыг дэмжиж байна” хэмээн хэлж байлаа. Ийм бодлого чиглэлтэй хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Төрийн тэргүүн оролцох уу, эсвэл төвийг сахиад татгалзах уу. Оролцвол гуравдагч хөршүүдэд таатай санагдахгүй нь лавтай. Оролцохгүй бол ОХУ манай улсыг шоглох эрсдэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямартай ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр аль ч талд тал алдсангүй. Харин одоо БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтыг хэрхэн өнгөрүүлэх вэ?