ХААЛТТАЙ ХУРЛААС: Д.Ганбат бүлгийн даргын суудлаа “Ирэх долоо хоногт өгье” гэж гуйжээ

2020 оны УИХ-ын сонгуулиас хойш хоёр талд гарсан АН-ын хуваагдал эцэс сүүлдээ УИХ дахь намын бүлэг нь хүртэл хоёр хуваагдаад удаж байна.
Бүлэг дэх хуваагдлаа эцэслэн шийдвэрлэхээр ойрын өдрүүдэд гишүүд нь
шуурхайлжээ. Уг нь өнгөрсөн оны аравдугаар сард УИХ дахь АН-ын
бүлгийн дарга Д.Ганбатыг чөлөөлж, оронд нь Н.Ганибалыг бүлгийн даргаар
томилохыг АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь шийдвэрлэсэн байдаг.
Энэхүү саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн ч хүлээж
аваагүй, өнөөх нь даргын суудлаа өгөөгүй өдийг хүрсэн. Уг нь УИХ-ын
дарга УИХ-ын индэр дээрээс шинээр томилогдсон бүлгийн даргын нэрийг
уншиж, алх цохих учиртай. Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар уг үйлдээ
хийхгүй, “Дотроо учраа ол, бүхэн бүтэн намын асуудлаа УИХ- руу чирж
оруулж ирлээ, АН-ын гишүүдийг нэг өрөөнд цоожлоё, та нар асуудлаа
дотроо ярь” гэж хүртэл хошигнож байв. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын
даргыг ҮХЦ-д өгчээ.
Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын бүлгийн дарга гэх Д.Ганбат суудлаа өгөхгүй
тас гүрийж байгаа нь С.Эрдэнэ, Ц.Элбэгдоржтой ч холбоотой. Ялангуяа
С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Ганбатаар дамжуулж УИХ дахь АН-ын үйл
ажиллагаанд хөшигний араас оролдцог гэж хэлж болно. Тиймдээ ч өөрийн
хүнээ бүлгийн даргаас буулгахгүй гэж тас гүрийж буй. Нөгөө талд АН-ын
бүлгийн хуваагдлын эхлэл нь гишүүдээ хөөж, тууж байсантай холбоотой.
Өнгөрсөн намаржин Д.Ганбат гишүүн Даваа гариг бүр бүлгийн нэг гишүүнээ
хөөж, хаслаа гэдэг мэдэгдлийг хэвлэлийнхэнд уншиж танилцуулдаг байв.
Гэвч энэхүү үйлдэл нь бүлгийн гишүүдийнхээ хилэнг хөдөлгөж, Д.Ганбатыг
бүлгийн даргаасаа буулгахгүй бол С.Эрдэнийн шийдвэрээр дуртай нэгнээ
хасч, хөөдөг боллоо гэж үзэх болсон.
Тиймдээ ч тэд “Гишүүн бүлгээс гарах, шинээр орох бүх асуудлыг УИХ-ын
тухай хуульд тодорхой заасан. Бүлгийн гишүүн өөрөө хүсэлтээ өгсөн
тохиолдолд бүлгээс гарна. Бусад тохиолдолд хэн нэгэн иргэн, бүлгийн
дарга зарласнаар бүлгээс гарахгүй” гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батсуурь,
Н.Ганибал нар мэдэгдэж байв.
Ийн бүлгийн даргын асуудал нь өнгөрсөн оны арван сараас хойш сунжирч
энэ хугацаанд бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралддаггүй, Д.Ганбат
гишүүн ганцаараа хуралдаад хэвлэлийн хурал хийж ирсэн.
Тэгвэл АН-ын бүлгийн гишүүд энэ байдлаас залхаж Д.Ганбатыг чөлөөлөх
асуудлыг дахин хөндөж эхэлсэн байна. Энэ удаад тэд хатуу шаардлага
тавьж, хэрэв Д.Ганбат бүлгийн даргаасаа чөлөөлөгдөхгүй бол бүлгээ
задалж, зөвлөл байгуулна гэдгээ мэдэгдсэн байна. Байдал ингэж
хурцадсан учир Д.Ганбат гишүүн долоо хоногийн хугацаа олгохыг бүлгийн
гишүүдээсээ “гуйжээ”.
Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ шахуу анх удаа
өндөр ирцтэй хуралдаж, дээрх асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралд УИХын гишүүн Б.Пүрэвдоржоос бусад нь оролцжээ. Хаалттай хурлын уур
амьсгал мэдээж сайхан байгаагүй, УИХ-ын гишүүн Д.Ганбат эхэндээ
бүлгийн даргын суудлаа өгөхгүй гэж өндөр дуугаар хэдэнтээ дуугарсан ч
эцэстээ “Ирэх долоо хоногийн Даваа гаригт бүлгийн даргын суудлаа өгье”
гэж амлаад хурал таржээ.
Гэвч энэ нь түр аргалсан амлалт байхыг үгүйсгэхгүй юм. Өнгөрсөн намраас
хойш тас гүрийсэн түүний хувьд хэцүү шийдвэртэй тулгарсан нь лавтай.
Бүлгийн хуралдаанаас гарч ирсний дараа гишүүд хэлэлцсэн асуудлаа
хэвлэлийнхэнээс тас нууж, “Ямар нэгэн шийдвэрт хүрээгүй. Ирэх долоо
хоног хүртэл нээлттэй үлдээлээ” гэж Н.Ганибал гишүүн ам нээсэн нь
Д.Ганбатын амлалтыг илэрхийлсэн битүүхэн утга байжээ.
Улмаар бүлгийн хуралдааны дараа үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн
Б.Бейсений өрөөнд орой болтол хуралдсан.
Хэрэв Д.Ганбат амлалтдаа хүрч ирэх долоо хоногт бүлгийн даргын суудлаа
өгөхгүй бол АН-ын бүлэг задарч, зөвлөл байгуулагдана.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйл.Бүлгийн үйл
ажиллагаа дуусгавар болох
34.1.Бүлгийн үйл ажиллагаа дараах тохиолдолд дуусгавар болно:
34.1.1.бүлэг байгуулсан нам татан буугдсан, эсхүл эвсэл тарсан,
34.1.4.бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан тохиолдолд гэж заажээ.
Хэрэв зөвлөл байгуулагдвал УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гишүүн
чөлөөлөгдөхөөс гадна бүлгийн ажлын алба тарна гэсэн үг .
Монгол Улсын Их хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын дэд даргыг
Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг
тус бүрээс нэр дэвшүүлдэг. Энэ дагуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн
С.Одонтуяа УИХ-ын дэд даргаар ажиллаж буй. Мөн хуульд УИХ дахь нам,
эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс нэр дэвшүүлж сонгосон дэд
даргыг чөлөөлсөн тухай УИХ-ын тогтоолыг баталдаг.
Ямартай ч ирэх өдрүүдэд цаашид УИХ дахь АН бүлэгтэй ажиллах уу эсвэл
зөвлөл болох уу гэдгийг Д.Ганбатын шийдвэрээс хамаарахаар болж байна.