Л.Оюун-Эрдэнэ ээ, мянган гайтайгаа тэнцэх ганц гавьяа байгуулаад өгөөч

Монгол Улс хөгжлийн тэргүүлэх салбараа уул уурхай гээд аль эрт тодорхойлчихсон. Үе үеийн Засгийн газрууд гагцхүү уул уурхайг хөгжүүлэх, тээвэр, ложистикыг сайжруулж, гарц, боомтуудаа нэмэгдүүлэх замаар уул уурхайн түүхий эдийн экспортоо үлэмж ихэсгэж улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжлийг авч явна гэж тооцдог. Тийм төлөвлөлт хийж том том бонд гаргадаг, гоё гоё нэр өгдөг. Харамсалтай нь 2.5 жилийн насжилттай Засгийн газар бүр, түүнийг нь залан чиглүүлдэг Ерөнхий сайд болгон дур зоргын шийдвэр гаргаж, төрийн бодлогын залгамж чанар алдагддагаас бидний мөрөөдөл утаа болон замхарч, баргар амьдралтайгаа эвлэрэхэд хүргэдэг.
Залуу үеийн төлөөлөл хэмээн итгэж найдсан “Харвард” Оюук ч хөгжлийн том төслүүд дээрээ хоёр нүүр гаргаад улс удирдсан түүхэндээ “Тосгоноос тэр явсан ч, тосгон түүнээс явсангүй” гэсэн ганц ёжлолтой хоцорч мэдэх нь. Уг нь түүнд эрт урьдны сайд нарын тарьсан мянга мянган гайг ганц нэгхэн гавьяагаар залруулах түүхэн боломж бий.
Яагаад?
Манай улсын цар тахлын үеийн эдийн засаг маш хүнд байдалд орж, үр дагаврууд энэ оны сүүлээс хүчтэй илэрч, иргэдийн амьдралд хүчтэй нөлөөлөх болно гэдгийн эдийн засагчид хэлж байна. Монгол банк инфляцийг 20 хувьтай хэмээн модон тоо хэлж байгаа болохоос амьдрал дээр аль хэдийнэ 40 хувь руу орчихоод байгаа. Энэ бүхний цаана өнөөх л түүхий эдээ экспортолж чадахгүй зовлон, улс төрийн гацаа бий. Манай улсын экспортын орлогыг голлон бүрдүүлж ирсэн нүүрс тээвэр 2021 онд Өмнөговь аймгийн Гашууун сухайт, Шивээхүрэн боомтууд дээр гацаанд орсноор Монгол Улс 42 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцсон ч 10 сая тонн хүрэхтэй үгүйтэйг гаргажээ. Олох ёстой орлогынхоо гуравны хоёрыг тавиад туучихсан гэсэн үг. Энэ онд ч дээрх байдал давтагдаж байна. Ингэнснээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж, экспортлогч орнууд баярлаж суухад бид нүүрсээ гаргадаг гол боомт дээрээ гацаад уйлаад суухдаа тулж байна. Уг нь аль эрт нүүрс тээврийн 80 гаруй хувь хийгддэг Өмнөговь аймагт одоо гацаанд орохдоо тулчихаад буй Цагаан дэл боомтыг нээгээд нүүрсээ зөөж байсан бол бид аль хэдийнэ вальютын нөөцөө бүрдүүлчихсэн, төгрөгийн ханш, инфляц тогтвортой байх байлаа. А хувилбар болохгүй бол Б хувилбар үргэлж бэлэн байх ёстой. Гэвч өнөөдөр улсаа хорлосон ургашгүй ноёдын балгаар нүүрс чулуугаараа үлдэж, эдийн засаг элгээрээ хэвтэхдээ тулчихсан А ч үгүй, Б ч үгүй мэлэрцгээж байна.
Цагаан дэл боомтын гацаа
Монгол Улсын Засгийн газрыг Н.Алтанхуяг удирдаж байсан тэртээ 2014 онд 46 тоот шийдвэрээр нүүрс тээврийн гол бүсэд Цагаан дэл боомтыг нээж байгуулахыг зөвшөөрсөн бол БНХАУ-ын тал 2016 онд 28 тоот хариу ноот бичгээр мөн зөвшөөрсөн. Ийнхүү харилцан зөвшилцөлд хүрч, албажуулсан ажил явснаар төсөл 2019 оны зургадугаар сарын 25-нд дараагийн шатанд гарч Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар боотмын бүтээн байгуулахаар болсон. Энэ дагуу Цагаан дэлийн боомтын бүтээн байгуулалтад Хятадын талаас манай улсад 1.6 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг зөвхөн боомтын барилга, гаалийн хяналтын талбайд хийсэн байна.
Үүнээс гадна зам, дэд бүтцийн ажилд 30-аад тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг мөн оруулаад байгаа. Харин манай талаас нэг ч төгрөг зарцуулаагүй. Бид зүгээр бичиг цаасаа шуурхайлаад, бодлогын хувьд дэмжээд хамтраад явахад л болох асуудал. Үүнийг бид урд хөршид найр тавьж, баялагаа зөөх нь гэдэг утгаар бус улс орныхоо эдийн засгийг тэлж, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөөх бодитой ажил хэмээн эрүүлээр харах ёстой юм. Боомт ашиглалтад орсноор бид жилдээ 42 сая тонн нүүрс гаргах зорилтоо биелүүлэхээс гадна энэ тоог нэмэгдүүлж ойрын хугацаанд 50 сая тоннд хүргэх бололцоотой. Энэ бол асар том тоо, их хэмжээний орлого. Ингэж чадвал бид эдийн засгаа даруй 2-3 дахин тэлэх боломжтой буюу иргэн таны сарын орлого мөн хэмжээгээр нэмэгдэх бололцоотой тухай асуудал юм. БНХАУ жилд 70 гаруй сая тонн коксжих нүүрс гаднаас импортолдог. Манай улс дангаараа энэ хэрэгцээг хангах хамгийн боломжтой түшиц газар боловч өнөөдөр боомт, тээврийн асуудлаасаа болж боломжоо ОХУ, Канад зэрэг гуравдагч улс орнуудад алдаж, манай нүүс экспортын хэмжээ жилд ердөө 10 сая тонн хүрэхтэй үгүйтэй болтлоо буурчихаад байна.
Харамсалтай нь боломжоо нээх ёстой боомтын ажил дээр манай Засгийн газар хойрго хандаж бүр эсрэгээрээ улс орныхоо эдийн засгийг боомилсон шийдвэр гаргаж байгаа нь хачирхалтай. Уг нь боомт нээж, гарцаа нэмэгдүүлэх нь Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын чухал хэсэг болох боомтын сэргэлтийн бодлогод шууд хамаарах стратегийн ач холбогдолтой томоохон ажил. Тийм ч учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нартай уулзах үеэрээ “Цагаан дэл боомтын ажил явах ёстой. Монгол Улс нэгдмэл улс. Засаг дарга нар Засгийн газартай нэгдмэл байр суурьтай байж том бүтээн байгуулалтын ажлыг явуулах ёстой” хэмээн дуугарч байлаа. Тэр чухам энэ мэт ганц төсөл дээр голч байр сууриа хадгалаад үүд хаалгыг нь нээгээд, үр өгөөжийг нь амсахад л түүхэндээ байхгүй тулхтай Ерөнхий сайд болж үлдэнэ шүү дээ. Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа буюу 5 дугаар сарын 27-нд мань Ерөнхий сайд Өмнөговь аймагт ажиллахдаа нээлттэй хоёр боомт дээр очсон боловч Цагаан дэл боомтоор очоогүй юм. Харин түүний оронд Өмнөговь аймгийн иргэдтэй уулзалт хийж, 2014 онд Засгийн газрын гаргасан шийдвэр буюу Цагаан дэл боомтыг бүтээн байгуулах, улмаар нээх асуудлыг түр хугацаанд түдгэлзүүлнэ гэж мэдэгдэв. Нэг сарын дотор нэг хүний амнаас, тэр тусмаа Ерөнхий сайдын амнаас тэс ондоо хоёр байр суурь ийнхүү гарсан нь дотооддоо төдийгүй хөрөнгө мөнгөө гаргачихсан урд хөршийн чихийг сортолзуулсан мэдэгдэл болж хувирав. Хөрш улсуудын төрийн хэмжээнд албажсан ажил яагаад тийм богино хугацаанд утаа болон саринасан нь гайхшрал төрүүлж байгаа биз.
Манай Ерөнхий сайдын мэдэн будилсан, орж гарсан ойлгомжгүй байр суурийг хөрш орон дотоод дахь улс төрийн нөхцөл байдалтай холбож үзэж байгаа болов уу. Тийм ч учраас Монгол Улсын Сангийн яаманд хаяглан хэлж ярьснаараа ажлаа явуулна уу, хойд, урдахаа бодолцож үзнэ үү гэсэн албан бичиг хүртэл явуулчихсан байх аж. Харин манай ширэн нүүртэй данхан толгойтнууд таг мэлзэж, тас гэдэргээ саваад уначихсан, хэний ч үгийг сонсохгүй, эх орон, газар шороо мэтийн “тархидсан” поп үсгээр толгой эргүүлээд суух болов. Засгийн тэргүүний шийдвэр, мэдэгдэл эрх баригчдын хангалуун амьдралд биш эгэл жирийн бидний амьдралд нь хар мөрөө гүн үлдээж байна. Өнөөдөр урд хөршийн харилцаа, хандлага ч илтэд муудсаар байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Аргагүй шүү дээ, хоёр улсын хооронд хэлэлцээд тохирчихсон, хөрөнгө мөнгөө гаргачихсан, хэн хэндээ ашигтай ажил дээр алд дэлэм зөрүүтэй үг, үйлдэл гаргаад явахаар ямар хүн сайн байх вэ дээ. Эцэс сүүлдээ дургүй нь хүрсэн манай хөрш “Эрээнд ковидын 5 шинэ тохиолдол бүртгэгдсэн тул хилээ хаалаа” гэх мэтийн тун ч ялихгүй шалтгаар монголчуудад хатуурхах болж, энэ нь сүүлдээ тохуурхал болж хувирч байна. Эдийн засаг ч элгээрээ хэвтлээ, Уг нь далайд гарцгүй, дэлхийд ч олигтой дансгүй улс орондоо ганц ч гэсэн эдийн засгийн гарц, коридор нэмээд өгчихсөн бол одоогийн манай засгийн мянган гайтай тэнцэх ганц гавьяа болох юм даа