"Мөнх тэнгэр"-ээс эгшиглэх хөгжмийн их цэнгүүн Н.Жанцанноровын үдэш

Монголын орчин цагийн хөгжмийн ертөнцөд тод мөр гаргаж, цас ханзалсан цөөн уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров юм. Зөвхөн монголынх л гэж шууд ялгарч, чихээр орж, зүрхэнд хүрэх түүний хөг, аялгуутай монголчууд ханьсаад даруй нэгэн жаран болсон гэвэл дэгсдэхгүй биз ээ. Тэгвэл эрхэм хөгжмийгн зохиолчийн ээлжит уран бүтээлийн тоглолт энэ сарын 20-ний өдөр "Мөнх тэнгэр" нэртэйгээр Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох гэж байна. Энэ удаагийн тоглолт түүний хөгжмийн уран бүтээлээр тавигдана гэдгээрээ онцлог.
Их эзэн Чингис хааны тухай өгүүлэх "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны 30 жилийн ойд зориулан тоглогдох гэж буй энэхүү тоглолтын үеэр тус киноны хөгжмийг анх удаагаа бүрэн эхээр нь "Улсын Филармони"-ийн симфони найрал хөгжимчид болон "Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид тоглоно.
Мөн "Тэнгэрийн хүлэг" хэмээх хөгжмөн туульсыг "Анир поп оркестр" болон "Морин хуурын чуулга"-ын хөгжимчид, найрал, гоцлол дуучид, "Увертура" хамтлаг хамтран анх удаагаа үзэгчдийн хүртээл болгоно. Энэхүү тоглолтын тухайд хөгжмийн зохиолч өөрөө бүтээлийнхээ талаар үзэгч олонтойгоо ярилцаж, урьд хожид сонсоогүй түүх хийгээд, тухайн бүтээлийн амин сүнсийг тайлбарлаж ярилцах учраас Н.Жанцанноров хэмээх их хүмүүний бүтээлийн мөн чанарыг бүрэн таньж, мөнх тэнгэртэй холбогдсон хөг, нотод автах нь эргэлзээгүй юм.
Хүлэг морьдын төвөргөөн хөх тэнгэр тийш алсраад хөрст дэлхийн зүг хүмүүний тархиар дамжин буухдаа хөгжим болж, тэр тусмаа монгол аялгуу болон эгшиглэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй гайхамшиг мөн. Асар их судалгаа, ахуй соёлын сан, авьяас билэгийн үрээр амилах монгол аялгуу тоглогдох энэхүү уран бүтээлийн цэнгүүн 2022 оны төгсгөлд болж буй сонгогдог бүтээлийн хамгийн ховор, мартагдашгүй үйл явдал болох нь эргэлзээгүй юм.