Шүгэл үлээгч Токшоугийн гомдлоор Цэцийн дарга Н.Чинбат гишүүнээс, Д.Ганзориг Ерөнхий шүүгчээс огцрох уу

Цэц МУ-ын Үндсэн хуулийн, Шүүх МУ-ын нэрийн өмнөөс шийдвэр гаргаж алх цохьдог
Дүрэмт хувцас, хар нөмрөгтэй шүүгч нар “Монгол Улсын нэрийн өмнөөс” хэмээн зарлаж шүүх хуралдаанд оролцогчдыг номхон зогсоож байгаад гаргасан шийдвэрээ танилцуулдагийг мэдэх хүмүүс шөнийн од шиг олон. Харин эсрэгээрээ Үндсэн хуулийн Цэц шийдвэрээ, тус байгууллагын анхны дарга Г.Совд хуульчийн томьёолсноор дээр нь зөвхөн мөнх тэнгэр л байдаг Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргадгийг мэдэх хүмүүс өдрийн од шиг цөөн.
Гуравдугаар сарын 28-ны даваа гарагт Цэцийн Их суудлын, нийт есөн гишүүний долоогоос дээш хүний бүрэлдэхүүнтэй хуралдаан болох тов зарлагдлаа. Хэлэлцэх асуудал нь Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг хамгийн том албан тушаалтан, Улсын дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгч Д.Ганзориг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай.
Тус Их суудлын хуралдааны шийдвэрээс хамаарч тун удахгүй Б.Ганзориг нь Ерөнхий шүүгчийн албан тушаалаас огцрохоос гадна хуралдаанд оролцогчдын дарга, гавьяат хуульч Н.Чинбат нь Цэцийн дарга, Цэцийн гишүүнээс давхар чөлөөлөгдөж болзошгүй нөхцөл үүсчээ.
_________Цэцийн гишүүдээс зөвхөн гавьяат хуульч Н.Чинбат л
хоёр дахь удаа сонгогдсон_________
Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй, бүгдээрээ УИХ-аас зургаан жилээр томилогдсон. Гэхдээ 3-ыг парламент өөрөө, бусад 3-ыг Ерөнхийлөгч, 3-ыг нь Улсын дээд шүүх санал болгож нэр дэвшүүлж томилуулсан.
___УИХ-аас санал болгож нэр дэвшүүлж томилогдсон гишүүд, түүнчлэн хуулийн дагуу Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх огноог нь танилцуулъя:
1. Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар Д.ОДБАЯР. 2022 оны 11 дүгээр сарын 17-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
2. Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар Ш.СОЛОНГО. МУ-ын гавьяат хуульч, 2024 оны 5 дугаар сарын 24-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
3. Г.Занданшатар даргатай УИХ-ын саналаар Г.БАЯСГАЛАН. 2025 оны зургадугаар сарын 06-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
___Ерөнхийлөгчөөс санал болгож нэр дэвшүүлж томилогдсон гишүүд, түүнчлэн хуулийн дагуу Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх огноог нь танилцуулъя:
1. Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар Г.ТУУЛХҮҮ. 2024 оны 5 дугаар сарын 24-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
2. Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар Ц.НАНЗАДДОРЖ. 2024 оны 5 дугаар сарын 24-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
3. Х.Баттулга Ерөнхийлөгчийн саналаар Б.БУЯНДЭЛГЭР. 2024 оны 5 дугаар сарын 24-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
___Улсын дээд шүүхээс санал болгож нэр дэвшүүлж томилогдсон гишүүд, түүнчлэн хуулийн дагуу Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх огноог нь танилцуулъя:
1. Ерөнхий шүүгч Ц.Зориг тэргүүлж байх үеийн УДШ-ийн саналаар Н.ЧИНБАТ. МУ-ын гавьяат хуульч. 2023 оны 11 дүгээр сарын 17-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
2. Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг УДШ-ийн саналаар Ж.ЭРДЭНЭБУЛГАН. 2027 оны 3 дугаар сарын 26-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
3. Ерөнхий шүүгч Б.Ганзоригийн тэргүүлдэг УДШ-ийн саналаар Д.ГАНГАБААТАР. 2027 оны 10 дугаар сарын 07-нд бүрэн эрхийн хугацаа нь дуусна.
Цэцийн есөн гишүүний найм нь анх удаа зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай сонгогдсон. Харин гавьяат хуульч Н.Чинбат нь УИХ-аас санал болгож нэр дэвшүүлснээр анх удаа Цэцийн гишүүнээр 1998 оны 4 дүгээр сарын 23-нд зургаан жилийн хугацаагаар сонгогдож 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр чөлөөлөгдсөн. Тэрбээр, хуульд заасан бүрэн эрхийн хугацаагаа 5 сар 5 хоног хэтрүүлж ажиллан бусдын ажлын байранд төрийн тусгай алба хашиж Татвар төлөгчдийн мөнгөөр хууль зөрчиж цалинжжээ. Үндсэн хуульд “Түүнийг /гишүүн/ нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан. “Түүнийг” гэдэг нь шууд Н.Чинбатыг гэсэн үг биш л дээ. Цэцийн ямар нэгэн гишүүн гэсэн утгатай. Тэрбээр, хүний насны нэг бүтэн үеийн дараа буюу 13 жил алгасан улирч 2017 оны 6 дугаар сарын 9-нд Цэцийн гишүүнээр хоёр дахь удаа сонгогдсон. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 2-нд Цэцийн гишүүдийн доторх санал хураалтаар Цэцийн даргаар сонгогдон ажиллаж буй.
_________Шүгэл үлээгч, иргэн Токшоугаас Дүгнэлт гаргуулахаар
УДШ-эд өгсөн хүсэлт тойрсон үйл явц, өрнөл_________
Иргэн Токшоу нь Төрийн албаны тухай Монгол Улсын хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад Төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэсэн заалтын босгыг Цэцийн гишүүн Н.Чинбатын нас сүүдэр давсан атлаа ажлаа хийж байна гэж шүгэл үлээж, энэ талаар Дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн 2020 оны нэгдүгээр сарын 23-нд тухайн үеийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд хандаж хүсэлт гаргажээ. Х.Батсүрэн Ерөнхий шүүгч нь гавьяат хуульч Н.Чинбатыг УДШ-ээс УИХ-д санал оруулж нэр дэвшүүлэн Цэцийн гишүүн болгосон учраас асуудалд хойрго хандсан уу, яасан бүү мэд, ажлын албаараа дамжуулан Дүгнэлт гаргах үндэслэлгүй байна гэж иргэн Токшоуд хариу өгчээ.
Тун удалгүй Дүгнэлт гаргахгүй гэсэн Х.Батсүрэн ажлаасаа чөлөөлөгдөж оронд нь УДШ-ийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзориг 2020 оны 6 дугаар сарын 2-нд томилогдсон байна. Иргэн Токшоу түүнд хандаж гавьяат хуульч Н.Чинбат нь 65 насны босго давсан атлаа Төрийн албаны тухай хууль зөрчиж Цэцийн гишүүний ажил хийж байна гэж хоёр дахь удаа шүгэл үлээж Дүгнэлт гаргаж өгөхийг хүсчээ. Түүнд ердөө, Х.Батсүрэн Ерөнхий шүүгчийн үед урьд нь УДШ-ийн тамгын газрын дарга нь ингэж шийджээ гэсэн лавлагаа өгсөн байна.
_________Шүгэл үлээгч Токшоугийн хүсэлтийн мөрөөр Н.Чинбатын орны хүнийг хайсан гэх өөр эх сурвалжаас_________
УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаанаас Н.Чинбатын оронд Цэцийн гишүүнээр томилуулах төрийн тусгай ажилтны сонгон шалгаруулалт хийх шийдвэрийг гаргаснаар хуулийн дагуу УИХ-д шинээр санал оруулах Цэцийн гишүүний нэр дэвшүүлэгчийг тодруулах ажил эхэлжээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Г.Туулхүү шийдвэр гаргаж 65 насны хязгаар давж Цэцийн гишүүнээс чөлөөлөгдөх болзол хангасан Н.Чинбатын оронд томилох шинэ нэр дэвшигчийг тодруулах УДШ-ийн кампанит ажлыг зогсоожээ.
Иргэн Токшоу нь шүгэл үлээж гавьяат хуульч Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр ажиллах ёсгүй, насны хязгаар давсан учраас Төрийн албаны хуулиар чөлөөлөгдөх нь зохистой гэсэн Дүгнэлтийг гаргуулах зорилгоор УДШ-ийн Ерөнхий шүүгчид хандаж хүсэлт гаргасан чинь “замын зураглал” нь огцом өөрчлөгдөж одоо эцэстээ Үндсэн хуулийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэгдэх маргаан үүсгэсэн Гомдол болон хувирч, Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгч Б.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоох сэдэв болсон байна.
Үндсэн хуулийн Цэц нь Их суудлын хуралдаанаараа иргэн Токшоугийн гомдол гэсэн ил тодотголтой, гишүүн Н.Чинбат тэтгэвэртээ гарахгүй гэсэн далд маргаанд цэг тавьж Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргавал тэрбээр албан тушаалаасаа ойрын үед огцрох нь лавтай.
_________Их суудлын хуралдаанаас хариуг нь хүлээх гурван хувилбар_________
Хэрвээ Д.Ганзориг огцорвол Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт УДШ-ийн гишүүн шүүгч нарын дунд явагдана. Хэрвээ насны хязгаар давсан гэх үндэслэлээр Н.Чинбат ажлаасаа мөдхөн чөлөөлөгдвөл Цэцийн гишүүний сонгон шалгаруулалтыг УДШ-ээс удирдан явуулна. Ер нь ойрын үед Д.Ганзориг, Н.Чинбат нар, хоёулаа ажлаа өгөх үү, эсвэл аль нэг нь үү, магадгүй хойшид хоёулаа ажил албан тушаалдаа үлдэх үү гэсэн урьдчилсан төлөв байдлын зүг чигийг заах гурван хувилбарын хариу даваа гарагт Үндсэн хуулийн Цэцийн төв оффист эцэслэн гарна.
ЭХ СУРВАЛЖ: aguulga.mn