СУРВАЛЖИЛГА: Улсын ганц эмнэлэгтээ анхаарал хандуулах цаг "нэгэнт иржээ" биш, тэр цаг ирээд удаж байна

СУРВАЛЖИЛГА: Улсын ганц эмнэлэгтээ анхаарал хандуулах цаг "нэгэнт иржээ" биш, тэр цаг ирээд удаж байна

1987 онд баригдсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгийн том эмнэлэг.

Нийт 680 ор бүхий хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн хоёр эмнэлэгтэй,  төрөлжсөн мэргэжлийн 45 тасаг, хоёр зөвлөх поликлиник,  өсвөр үеийн клиник, үргүйдэл-нөхөн үржихүйн төв гэсэн бүтэцтэй нүсэр эмнэлэг юм. Гэхдээ энд гадна, дотоод орчны болон хүний нөөц, ажилтнуудын ёс зүйд өөрчлөлт шаардлагатай байгааг энэхүү сурвалжилгаар хөндөж байна.

Эмнэлгийн барилга төөрдөг байшин лугаа адил...



Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхас эмнэлгийн байранд ямар нэгэн тасаг, кабинет олох тун хэцүү. Бүтэц зохион байгуулалтын хувьд том ч түүнийгээ тодорхой танилцуулж, чиглүүлсэн маршрут бүхий зурган самбар дутагдаж байна. Хэрэв тасаг, чиглэлийг нь тодорхой заасан самбаруудыг /“Та энд байна” гэсэн тайлбартай/ олон газар байршуулбал иргэд төөрч будилахгүй амар юм. Энд нийслэлийнхнээс гадна орон нутгийн иргэд ирдэг учир самбар зайлшгүй дутагдаж байна. Ялангуяа иргэд ихээр орж ирдэг үндсэн орц, гарцын хажууд эмнэлгийн бүтцийн самбар, автомашины чиглэлийн тэмдэг, тэмдэглэгээг тавих шаардлагатай байна.

Нөгөөтээгүүр МҮИС-ийн барилга нь Эх нялхас руу урдаас орох гарцыг хаасан буюу иргэд зарим нь тус сургуулийн хойд талын хашаан доогуур бараг мөлхөх нь холгүй нэвтэрч эмнэлэгт хүрдэг. Зүүн болон баруун талаас гарц, орц байдаг ч энэ нь зөвхөн автомашинд зориулсан гэлтэй явган хүний зам байдаггүй, хэрэв хүн явахаар бол машинтай зэрэгцэж эсвэл манаачийн байрны араар хана шүргэж гарахаас өөр аргагүй. Ер нь энд явган хүний бүтэн, аятайхан зам бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Зундаа аркны доогуур, замаар нэлийсэн ус тогтоно, цаашлаад шарилж, луулийг дурдах нь бүр илүүц биз.  

Эмч мэдээж үзэж буй өвчтөн бүрээ бүртгэдэг. Анх удаа ирж, үзүүлэх гэж байгаа бол энэ нь багагүй цаг авна. Мөн сүлжээний доголдол гардаг ба энэ нь цагтаа ирсэн өвчтөний цагаас хумсалдаг. Эмч алдаатай мэдээлэл системд оруулснаар шинжилгээ өгөхөөр ирэхэд “бүртгэлд ороогүй” гэсэн шалтгаанаар дараагийн өдөр шинжилгээ өгөхөөр болж, дахин ирэх шаардлагатай болж байв. Зарим шинжилгээний төлбөрийг банканд тушаагаад баримтаа авч ирдэг.

Өвчтөн урьдчилж цаг аваад ч нэмэргүй буюу хүний нөөцийн дутагдал

Өвчтөн 08:30 цагт үзлэгийн цагийг долоо хоногийн өмнө утсаар аваад тухайн өдрийн яг цагаасаа 10 мин өмнө буюу 08:20-д очлоо. Эмч 5 минь хоцорч ирсэн ч “Өнөөдөр би үзлэг хийхгүй, өөр эмч ирнэ” хэмээн хаалга дотроос нь түгжин таг болов. Эмчийн өрөөний үүдэнд зогсох 14-60 орчим насны охид, эмэгтэйчүүд бие бие рүүгээ харан мэл гайхаж “Тэгээд ямар эмч, хэзээ ирж үзэх юм бол оо?” хэмээн амандаа бувтналдана. 

Удалгүй өөр нэг эмч хаалгыг нь тогшин орж дахин түгжээд халбага, аяга харшилдуулж, хаа нэг инээлдэж буйг нь сонсоход тэд өглөөний цайгаа ууж байгаа бололтой. Угтаа бол төрийн албан хаагчдын ажил 08:30 цагт эхлэх учиртай ч ийм дүр зураг зөвхөн эмнэлэгт биш өөр байгууллагуудад нийтлэг ажиглагддаг дүр зураг. Хуучны 09:00 цагт эхэлдэг ажлын хэмнэлээсээ гарч чадахгүй байгаагийнх уу, “Хүлээж л байг” гэх хүнд сурталтай, хүн чанар дутсаных уу мэдэхгүй, ямартай ч үүдэнд нь хүлээх эмэгтэйчүүдийн зарим нь лав өглөөний цайгаа уугаагүй л гарсан байх. Мөн ард нь үр хүүхэд, ажил төрөл, амин чухал зүйлс нь хүлээж байгаа нь тодорхой. Мөн энэ хугацаанд эмч гурван ч өвчтөнийг үзэж болохоор хангалттай цаг юм.

Гэтэл 9:00 цаг болоход гадна хүлээх өвчтөнүүд тэсэлгүй хаалгыг нь тогшлоо. Ээлж ээлжээр нэлээн тогшив, тогшилт ширүүсэв. Гэтэл нэг нь “Хүүе эмч тэнд явж байна” хэмээн заахад өнөөх эмч өрөөнийхөө дотуур хаалгаар дамжсаар өөр өрөөнөөс гараад явж байв. Муур, хулгана шиг.... Уг нь тэр өөрийнх нь оронд үзэх эмч хэзээ ирэх, бид хэр удаан хүлээхийг л хэлээд өгөхөд болно. Үүдэнд суудаг бүртгэл хийдэг ажилтнаас лавлахаар очиход тэр утсаар ийн ярьж байв. “Таныг А... эмчийн оронд ирж үзнэ гээд байна. Та ирэх юм уу” гэхэд цаадах нь "Үгүй" гэж байгаа бололтой “Б... эмч ирж үзэхгүй гэж байна шүү дээ” гэв. Тэсэлгүй өвчтөн эмчийн өрөөнд орлоо. Тэр нэгэнт ирсэн тул үзлэг хийхийг гуйхад “Тасгийн эрхлэгч намайг доод кабинетад өөр үзлэг хий гээд байна. Үзэх боломжгүй. Би одоо доошоо буух гэж байна” гэхэд нь өвчтөн “Өглөө ажлаасаа чөлөө авсан хайран хоёр цаг, түүнтэй дүйх цалин минь” хэмээн бодсоор урамгүй гарсан. Эндээс мөн тус газрын хүний нөөцийн дутагдлыг харж болохоор байлаа.

Эмчийг хүлээн үүдэнд нь зогсох эмэгтэйчүүд ихэнх нь үзлэгт орохоор бэлтгэсэн тул доогуураа юбканаас өөр зүйлгүй хүйтэн коридорт зогсоно, сууна. Гэтэл эмч хэзээ үзэх нь тодорхойгүй тэд хүлээсээр...

Авууштай нь эмч, сувилагч нар нь эелдэг, найрсаг

Тус төвд нийт 1128 ажилтан ажил үүрэг гүйцэтгэдэг ба үүнээс их эмч 280, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 554, бусад ажилтан 293 байдаг. Өвчиндөө шаналсан хүмүүс тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүд байдаг болоод ч тэр үү эмч, сувилагч, үйлчлэгч тэр байтугай утсаар цаг захиалга хүлээн авдаг ажилтан нь хүртэл эелдэг, найрсаг байдаг нь сайшаалтай юм.

Улсын хэмээн тодотголтой ганц эх, хүүхдийн эмнэлгээ засварлаж, тухтай орчныг нь бүрдүүлэх нь улсын, ЭМЯ, эрх баригчдын хийх ажил. Гэтэл зарим сайн санаат одод, олны танилын /жүжигчин Г.Ундармаа, дуучин С.Гантогоог дурдаж болно/ буянаар багагүй засвар хийгддэг. Эмнэлгийн дотоод орчныг бага багаар засан шинэчилдэг ч дээрх гундуухан дүр зураг удаж буйтай хэн ч маргахгүй биз ээ.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн ганц эмнэлгээ тордож шинэчлэх, хүний нөөц, ажилтнуудын хандлагыг өөрчлөх, өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг нэмэхэд анхаарал хандуулах цаг "нэгэнт иржээ" ч биш, тэр цаг ирээд удаж байна, үр дагаврыг нь хүүхэд эмэгтэйчүүд чимээгүй "хүртсээр" бүр ч удаж байна.  Энэхүү сурвалжилгаар хэн нэгний нэр төр, байгууллагын нэр хүндэд халдах гэсэнгүй. Байгаа л бодит дүр төрх, болсон үйл явдал.

Гэрэл зургийг Г.Өнөболд, Б.Нямдарь GOGO.MN