ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

Энэ онд НҮБ-ын дээд түвшний уулзалтаар Монгол улс “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулахаар товлогдсон. Тэгвэл өнөөдөро уг тайлангийн бэлтгэл ажил болон Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт, хэрэгжилтийн явцын үнэлгээний талаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн нээлтэд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж оролцож үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “ Монгол Улс хоёр дахь үндэсний илтгэлээ боловсруулж ТББ, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил зэрэг олон талт төлөөллийг оролцуулан энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.
Энэхүү хэлэлцүүлгээр Эдийн засаг, хөгжлийн яам талуудын оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж боловсруулсан сайн дурын илтгэлдээ дахин санал авч байгаагаараа онцлог.
Монгол Улсын Засгийн газар энэхүү илтгэлийг энэ оны 7 дугаар сард НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Улс төрийн дээд хэмжээний уулзалтад танилцуулж, хамгаалах ёстой. “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл” бол Олон улсад Монгол Улсыг дэлхийтэй хөл нийлүүлж, тогтвортой хөгжлийн зорилт, бодлогыг хэрэгжүүлж байгааг нотлон харуулж, нийгмийн бүхий л бүлгүүдэд эдийн засгийн хүртээмжийг хүртээж чадаж байгааг харуулахаараа өндөр ач холбогдолтой” гэдийг онцлон тэмдэглэв.
Дашрамд дурдахад НҮБ-ын 2015 оны Ерөнхий Ассамблейн 69 дугаар чуулганаар санхүүгийн олон төрлийн эх үүсвэрийг Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д хүрэхэд бүрэн дайчлах “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги” боловсруулахыг улс орнуудад зөвлөсөн байдаг.
Харин манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, санхүүгийн эх үүсвэрээ оновчтой чиглүүлэх, дайчлах зорилгоор “Үндэсний санхүүжилтийн нэгдсэн стратеги”-г боловсруулж буй дэлхийн 86 орны нэг юм.
Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд бүх нийтээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангасан байх амлалтыг хүлээсэн. Эдгээр зорилгын хэрэгжилтийг үнэлж дүгнэж Үндэсний сайн дурын илтгэлийг НҮБ-д тайлагнадаг.
Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын Үндэсний сайн дурын анхдугаар илтгэлийг 2019 онд НҮБ-ын Улс төрийн дээд түвшний чуулга уулзалтад амжилттай танилцуулж байжээ.