Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-I

Улаанбадрахчуудын өчил буюу УРАНЫ МӨРӨӨР хийсэн тэмдэглэл-I

Элс нүүсэн говийн ээрэм талаар давхиулсаар манай сонины сурвалжлах баг зорьсон газрынхаа захад хүрч ирлээ. Бидний зорьж ирсэн энэ газар бол Монгол туургатны олон зууны туршид идээшин дасаж, түүх, соёлоо бүтээж, он цагийг элээж ирсэн говь нутгийн нэгээхэн хэсэг Дорноговь аймгийн Улаанбадрах сум юм. Улаанбаатараас 600 орчим, аймгийн төвөөс 130 гаруй километрийн зайд орших тус сумын Аргалант багийн малчин Б.Ариуболдынд бууж, аяны дөрөөгөө түр мулталлаа. Угаас зочломтгой монгол зангаар унд цай болон биднийг угтах нь аятай сайхан. Хэрэг зоригоо хэлэх санаа байвч тэрүүхэндээ халширч суугаа биднийг ажигласан гэрийн эзэгтэй Д.Батцэцэг “Хэвлэл мэдээллийнхэн манай сумаар үе, үе ирдэг л юм. Бид ч уран гэгч энэ аюултай хоронд хордож байгаагаа учирлаад ярина. Гэхдээ ярилаа гээд нэмэр ч алга. Байдал бахь байдгаараа л байна шүү дээ” хэмээн шулуухан хэлэх нь тэр. Нэг бодлын биднийг төвөгшөөж буй мэт боловч бодит байдлаа түс тас хэлээд авсан нь яриа дэлгэх боломжийг нээгээд өглөө.


Д.Батцэцэг: Үлдэж хоцрох үр хүүхдийнхээ төлөө үнэхээр  санаа зовж байна

-Өнөө жил мал төллөлт хэр байв даа?

-Хаврын гурван сар хүний мал өсдөг бол харин манай энд хорогддог болоод тав, зургаан жил боллоо. Энэ жилийн хувьд манайх төл маш муу авсан. Мэдээж хаврын хахир цагт малын хорогдол гаралгүй л яахав. Гэхдээ сүүлийн жилүүдэд үзэгдэж харагдаагүй, учир битүүлэг шалтгаанаар мал үхэх болсон нь үнэхээр жигтэй. Насаараа мал дагаж яваа миний хувьд ойрын жилүүдэд гарч буй малын зүй бус хорогдлыг манай багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа ураны компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой гэж харддаг.

-Ямар үндэслэлээр хардах болсон юм бэ?

-Аймшигтай л юм сонсогддог шүү дээ. Уранаа гаргаж авахын тулд хөрсөнд хүхрийн хүчил шахдаг гэж байгаа. Тэр нь нутгийн хүн, малын ундаалдаг усанд шингэж байгааг үгүйсгэхгүй. Бохирлогдсон уснаас зөвхөн мал бус араатан амьтан ч хорддог байж болох маш олон жишээ байна. Энэ хавар араатан амьтан асар их үхлээ. Худаг усыг бараадаад их хэмжээний ан амьтад  учир битүүлгээр үхсэн шүү дээ. Манай энэ нутаглаж байгаа газраас баруун хойшоо байдаг Баруун баянгийн булгийг дагаад олон тооны зээр үхсэн.  Тэр дунд нутгийн бор зээр хүртэл байсан гэж байгаа. Тухайн үед малчид мэдээллүүдийг холбогдох хүмүүст нь өгч л байсан.  Өнгөрсөн гуравдугаар сард уснаас нь шинжилгээ авч байгаа гэж дуулдсан. Шинжилгээний хариу яаж гарсныг нь мэдээгүй л байна.

-Малын гэдэс доторт маш их өөрчлөлт ордог болсон гэж сонссон. Танай мал дээр мэдрэгдэж байна уу?

-Иймэрхүү асуудал аль эрт гарсан шүү дээ. Малын гэдэс дотрыг хүнсэнд хэрэглэхээ огт хорьсон. Эрүүл дотортой мал гэж байхгүй болсон. Ялангуяа малын уушгин дээр асар их өөрчлөлт ажиглагдах болсон. Мал төхөөрөхөд элжирч ялзарсан, учиргүй их яр шархтай  гэдэс дотор гарч ирдэг. Энэ бол ууж байгаа устай нь холбоотой байх.

-Та бүгдийн ундаалдаг уснаас шинжилгээ авдаг юм билээ. Малчид ямаршуухан мэдээлэлтэй байдаг вэ?

-Бидний ууж байгаа усыг хэд, хэдэн удаа шинжилсэн. Хамгийн сүүлд 2020 оны зургаадугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас явж байгаа гээд хүмүүс  ирж шинжилгээ авсан.Тэгэхэд манай энэ орчмын найман худгийн хоёр нь хүнсэнд огт хэрэглэж болохгүй гэж гарсан байдаг. Цай чанаж болохгүй, сүүгээр сүлэх -гэхээр л ээдчихдэг. Тиймээс бид хүнсэндээ хэрэглэхгүй малаа л усалж байна. 

-Тэгэхээр хүмүүс хаанаас усаа  авдаг хэрэг вэ?

-Гүний худгаас хүмүүс нь ууж байгаа.

-Малчдын зүгээс танай суманд уран олборлохоор ирсэн компанид асуудлуудаа хэлж байв уу?

-Хэлэлгүй яахав,“Бадрах энержи”-гээс эхлээд улиралд нэг удаа явж худаг уснаас дээж авч шинжилж байгаа гээд явдаг байсан. Харин сүүлийн үед бүр хаясан. Малчдын үгийг сонсдоггүй. Миний хувьд дөрвөн охин хүүхэдтэй хүн. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө л асар их санаа зовж байна. Ер нь л манай нутгийнхны нийгмийн асуудал хүндхэн байна. Энд тэнд явж байхад  “Өө нөгөө урантай Улаанбадрахынхан” гээд л болгоомжлох жишээтэй. Үүнээс үүдээд манай нутаг усныхан ч гэсэн хоорондоо эвдрэлцээд ирсэн. Ураны компаниас болж л нутгийн иргэд бидний дунд ийм их сэтгэлийн дарамт бий болж байна.

-Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд хэцүүдсэн. Зарим үед гаж хөгжилтэй хүүхдүүд мэндлэх тохиолдол олшрох болсон гэж сонссон. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Нийгмийн хүнд сэдэв болохоор ярихад хэцүү байна. Улсуудын ярианаас сонсоход янз янзын хэцүү зүйл их л болж байна. Яг л ураны хор хохирлоос үүдсэн гамшгийг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг дээр гардаг шиг л зүйл болоод байгаа. Мал л гэхэд зүв зүгээр явж байгаад савж унаад үхчихдэг. Ядарч зүдрээд үхсэн юм болов уу гэхээр турж эцсэн зүйлгүй. Яагаад юунаас болж үхдэг юм бүү мэд.

-Малчид мэдээж малынхаа махыг борлуулдаг л байх?

-Ченжүүд  биднээс мал, мах ирээд авна. Улс даяар л зарагддаг. Монголчууд “Өө тэр Улаанбадрахад байгаа махыг бид идэхгүй” гэж л боддог байх. Тийм юм байхгүй. Бид чинь амьдрахын төлөө таван төгрөг олохын тулд ченжүүдийг ирэхээр нь махаа өгөөд л явуулчихдаг. Хүнсний аюулгүй байдал Дорноговьд аль эрт алдагдсан. Цацрагийн хор гэдгийг  зөвхөн Улаанбадрахад буй гэж хүмүүс ойлгодог. Манай сумаас гадна хил залгаа Замын-Үүд, Эрдэнэ сум ялгаа байхгүй бүгд хордож байгаа. Эндээс 30 гаруйхан километр зайд байгаа Хөвсгөл сумын айл өрхүүд ч нэрвэгдэж байгаа. Хаврын мал төллөлтийн үеэр  манайхантай ялгаа байхгүй зүй бус хорогдол тоймгүй их болсон юм билээ.

-Уран олборлолтын талаар та манай сониноор дамжуулан юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Ураныг манайх шиг ядуу буурай, техник технологи хөгжөөгүй газар олборлож болдог юм болов уу. Болдог юм бол ямар хараа хяналттайгаар  техникийн ямар дэвшлийг ашиглаж байгаа юм бэ гэдэг нь их сонин байна. Энгийн малчин миний бодлоор зүгээр нэг олборлоод аваад явчихаж болохгүй л байх гэсэн болгоомжлолтой явдаг. Манай Аргалант багийн  экологийн асуудал арван жилийн урьдахтай харьцуулахад байгаль дэлхий, ан амьтан, мал ахуй, ард иргэдийн эрүүл мэнд  гээд бүх талаараа доройтсон. Ийм байхад нутгийн иргэд  бид хардах эрхтэй.  Ураныг өөрийн хэмжээнд судлаад үзэхээр асар хортой юм билээ.  Тиймээс шинээр сонгогдсон Ерөнхийлөгч болон Засгийн газраасаа хүсэхэд, энэ асуудал дээр онцгой анхаарч өгөөчээ л гэж хэлмээр байна. Ямартаа ч энэ чигээр нь ажиллуулаад явбал эх хүний хувьд үр хүүхдийнхээ ирээдүй хойчид  асар их санаа зовж байна. Ураныг олборлоод явбал Дорноговь гэлтгүй Монгол Улс хэдхэн жилийн дотор мөхөх байх. Ард иргэдэд урантай холбоотой мэдээллийг үнэн зөвөөр өгөөсэй. Манай суманд лав иргэдэд мэдээлэл байдаггүй. Малчдын нэгдсэн хурал дээр жилд нэг удаа энэ компани тайлан тавьдаг. Бөөн хэрүүл болоод л дуусдаг. Бидний амьд орших  хамгийн гол зүйл ус шүү дээ. Гэтэл уудаг ус маань ийм хортой гээд гараад ирэхээр яаж амьдрах юм бэ гэлээ.
 

“Миний ач хүү ноцтой гажигтай төрчихлөө”

Д.Батцэцэг ийнхүү ярих зуур түүний нөхөр Б.Ариунболд биднээр нийслэл хот руу нэгэн бичиг дайх хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тэдний том охин хэдхэн хоногийн өмнө төрж хүүтэй болжээ. Харамсалтай нь төрүүлсэн хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй гарсан нь энэ гэр бүлд тэнгэр нурах шиг л болж. Эцэг, эхийн хувьд үр хүүхдийнхээ энэ хүнд байдлыг үзэх шиг хэцүү зүйл үгүй. Хамгийн гол нь тэд гэр бүлд нь тохиолдоод буй энэ бүх зовлонгийн эхлэл ураны хор нөлөөнөөс үүдэлтэй байж болзошгүй хэмээн хардаж байгаа аж. Иймээс ч Б.Ариунболд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байгаагаа хэлэв. Тэрбээр “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант гуравдугаар багийн малчин Мөнхнасан бол Ариунболд миний төрсөн охин юм. Миний охин энэ жилийн буюу 2021 оны тавдугаар сард хүү төрүүлсэн. Охины маань төрүүлсэн хүү ам, уруул хоёр нь сэтэрхий, тагнайдаа наалдсан маш ноцтой гажигтай төрсөн. Одоо эхийнхээ хөхийг ч хөхөж чадахгүй угжиж байгаа. Миний үр хүүхдийн энэ байдал нь “Бадрах Энержи” ХХК-ийн уран олборлолтоос үүдэлтэй хор хөнөөл гэж би хувьдаа үзэж байна. Бидний үр хүүхэд золиос болж байгаад гомдолтой байна” гэдгээ учирлаж байлаа.

“Уранд хордсон” хэмээн улс даяар яригдаж ирсэн Улаанбадрах сумын эхний айлд ороход ийм байдалтай угтсан юм.  Хөрсөн дээр нэмэх 30 градус хүрч халсан говийн нэгэн халуун өдөр хэвийж, тэнгэрийн хаяаг зэсэн улаан нарны туяа “эмжих”. Их говийн энэ л өнгө төрхийг үзэн баясах  сайхан ч, эл бүс нутгийн хүн, мал, амьтанд нүүрлээд байгаа зовлонг бодохорр дотор харанхуйлах.

Манай улсын хэмжээнд Цацраг идэвхит ашигт малтмалын 14 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг гэнэ. Үүний тав нь ашиглалтын, үлдсэн нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн гурвыг нь Улаанбадрах сумын Аргалант багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй “Бадрах энержи” компани эзэмшиж байна.

Тус компанийн түүхээс сөхвөл, Францын компани Монгол Улсад 1997 оноос зүүн Дорноговь, Сүхбаатар аймгуудын нутагт геологийн эрэл хайгуул ажлыг тасралтгүй хийсээр ирж. “Орано” группийн хайгуулын салбар нь дээрх эрэл хайгуулын ажлынхаа үр дүнд 2002 онд Дулаан-Уул, 2010 онд дэлхийд ураны томоохон орд болох Зөөвч-Овоо орд дээр тусгай зөвшөөрөл авсан байдаг. Ингэснээр Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт бичигдэж байна. Зөөвч-Овоо орд дээр 2018 онд үйлдвэрийн тоног төхөөрөмж бүтээн байгуулалтыг хийсэн бол Дулаан-Уул ураны ордыг газрын доор уусган олборлох аргаар олборлох боломжтой гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, манай улсад уран олборлолтын үйлдвэр нэгэнт баригдсан бөгөөд үндсэн олборлолтоо хийхээр аль хэдийнэ зэхжээ. Гэхдээ “Байгаль экологид аюулгүй, тус бүс нутгийн хүн ардад хоргүйгээр уран олборлож чадах уу” гэдэг эргэлзээ, болгоомжлол иргэдийн дунд үүсээд байгаа юм. Учир нь өнгөрсөн хугацаанд буюу туршилтын олборлолт хийгдсэнээс хойш Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд, Хөвсгөл зэрэг хил залгаа сумын иргэдийн амьдарч буй газрын хөрс, ундны усанд удаа дараа асуудал гарах болсноос үүдэлтэй аж.

Насаараа ууж ирсэн амны худгаа ашиглах боломжгүй болсон тухайгаа халаглаж ярих өндөр настан Б.Эрдэнэчулуунтай уулзлаа. Сайншанд сумын тавдугаар баг, Зүүнбаянгийн Гүнсухайт хэмээх газраас сурвалжилга бэлтгэснээ дараагийн дугаарт нийтлэх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН