ЯЛЫН ТОГТООЛТОЙ С.ДАВААСҮРЭНГ ЯАГААД ЭРХЛҮҮЛЭЭД БАЙНА, ЕРӨНХИЙ САЙД АА

-Эхнэрээ ажлаас нь авахаар очоод даргад нь зодуулаад буцжээ-
Хэрэг явдлыг дэлгэрүүлэхээс өмнө шулуухан гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, ажлын байран дээр архидсан, айлын эхнэрийг оролдсон, хүний нөхөр зодсон, бусдын эд хөрөнгөд халдсан, хэл үгээр доромжилсон гээд байж болох есөн шид нь бүрэлдчихсэн С.Даваасүрэн мэтийн хурган дарга нар Монгол төрийг төлөөлж, гэм зэмгүй, шударга татвар төлөгчдийн мөнгөөр эрх ямаа баталгаажуулж, энэ засгийн үед эрхлээд суух зүгээр үү гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан та бүхнээс асууж байна.
Манайхан хянаж шалгадаг, хаадаг загнадаг гэхээр чичрээд суучихдаг, чичлүүлж байгаад салахын түүс болохдоо тав арван төгрөг хүртэл өгөөд салдаг хачин жишиг тогтоочихсон доожоо муутай ард түмэн. Бидний ийм байдлыг ашиглаад даам гарчихсан эрх дархтай хүмүүсийн нэг бол Мэргэжлийн хяналтын байгууллагад төрийн нэрээр хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлээд сурчихсан хэсэг бүлэг нөхөд, тодруулбал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга Санжаагийн Даваасүрэн юм. С.Даваасүрэн дарга, түүний гар хөлүүд 10 гаруй жил төрийн албаны өндөр сэнтийд өндөр эрх дархаа эдлэхийн зэрэгцээ ажилтныхаа нөхрийг зодож танхайрах хүртлээ он удаан жил даам гарсан байдаг. Энэ ганцхан хэргийг эхний ээлжинд бид дэлгэх болно.
Эрхэм дарга С.Даваасүрэн нь 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр ажлын байрандаа байцаагч, мэргэжилтнүүдтэйгээ нийлээд архидсан байдаг. Тэд архидсан шалтгаанаа Мэргэжлийн хяналтынхны баярын өдөр гэж зөвтгөдөг ч тэр нь үнэндээ ажлын өдөр. Тухайн өдөр Нийслэлийн МХГ-ын мэргэжилтэн Уртнасанг ажлаа тарах үед түүний нөхөр А.Одбаяр авахаар очсон байдаг. Тэрбээр машиндаа эхнэрээ хүлээгээд сууж байтал С.Даваасүрэн даргатай хамт ажлын байрандаа сархад хүртсэн Нийслэлийн МХГ-ын мэргэжилтэн Одсүрэн, Ганболд нарын нэр бүхий этгээдүүд эхнэрийг нь хоргоож, бэлхүүс, ташаан тус газраар нь тэвэрч нялуурснаар энэ хэрэг үүссэн түүхтэй. А.Одбаяр эхнэрээсээ мөнөөх зүй бус үйлдэл гаргасан залуусын хэн болохыг асуухад хамт ажилладаг мэргэжилтэн гэдгийг хэлсэн байдаг бөгөөд улмаар эхнэрээ нүдэн дээрээ оролдуулж, доромжлуулсан А.Одбаяр учир явдлыг тодруулж, зүй бус үйлдлийг нь хэлэхээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байр руу орсон байдаг.
Харамсалтай нь ингэж явахдаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын дарга С.Даваасүрэн гэх танхай этгээдэд зодуулж, гар утсаа эвлүүлээд хөөгдөөд гарчээ. Уг хэрэгтэй холбоотой хохирогчийн мэдүүлэгт, “2019 оны зургадугаар сарын 7-ны өдөр эхнэр бид хоёрын танилцсан өдөр. Тийм учраас 6-ны өдөр нь танилцсан өдрийнхөө ойг тэмдэглэхээр эхнэрээ ажлаас нь авахаар очсон. Гэтэл Нийслэлийн МХГ-ын байрны гадаа зогсож байсан хоёр залууу эхнэрийн маань бэлхүүсээс базаад авсан. Би хэн гэдгийг нь тодруулахад манай ажлын хоёр залуу, согтуу юм шиг байна гэхээр нь хэн гэдгийг нь лавлаж асууаад улмаар гурван давхарт суудаг Одсүрэн гэгч болохыг мэдсэн. Ингээд уулзахаар хоёр давхрын шатаар гарахдаа С.Даваасүрэн хажуугаар гарахдаа намайг мөрлөж, улмаар үг хэлээр доромжлоод түлхсэн. Би… та төрийн албан хаагч байж хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлээд утсаа гаргаад иртэл намайг цохисон. Улмаар унасан утсаа авах гээд тонгойход нүүр рүү өшиглөж танхайрсан. Энэ үед дээрээс хоёр залуу, харуул гарч ирж биднийг салгах үед Даваасүрэн гараад явчихсан” хэмээн мэдүүлсэн байдаг.
-Албан тушаалдаа ирдсэн даргын танхайрал аргагүй хамгаалалт болоод хувирчихсан нь хачирхалтай-
Ингээд ойн баяраараа эхнэрээ авах гэж очсон эрүүл саруул залуу согтуу даргын танхай үйлдлийн хохирогч болсноор энэ хэрэг шүүхэд шилжжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 32 настай цэл залуухан залуугийн зүүнд доод гурван шүд суларч, хүзүү, эрүүнд цус хурч зулгаран улмаар хэлэнд том хэмжээний шарх үүсчээ. Иймээс анхан шатны шүүхээс С.Даваасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даатгахаар шийдвэрлэсэн байна. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдгийг маш тодорхой сануулжээ.
Гэвч мэргэжлийн хяналт гэх айлд 14 жил дарга хүртлээ дэвшиж, даварч яваа С.Даваасүрэн дарга шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах шатны шүүхэд хандаж бүр өөрийгөө гэм буруугүй гэсэн шийдвэрийг гаргуулаад үүнийгээ аргагүй хамгаалалт гэсэн магадлалаар хаагаад амжжээ. Албан тушаалдаа ирдсэн дарга нарын танхайрал ийнхүү аргагүй хамгаалалт болоод хувирчихсан нь хачирхалтай. Ингэх хугацаандаа тэрбээр гэм буруутай үйлдэлдээ гэмшихийн оронд гэр бүлийн хүнтэйгээ баяр тэмдэглэхээр ажлаа тараад явж байсан жирийн мэргэжилтэн Уртнасанг ажил үүргээ амар тайван хийх боломжоор хязгаарлаж, ажлын байрны дарамтыг шууд болон дам байдлаар удаа дараа үзүүлж байсныг тус газрынхан жиг жуг хийцгээдэг юм билээ.
Эрх дархтай нь ял завшаад явдаг нийгэм байж болохгүй. Тэр тусмаа хань ижлээ хамт олноор нь доромжлуулж өөрөө дарад нь зодуулчихаад буруугүй байсан ч буруутай мэт явна гэдэг бүр ч байж боломжгүй. Тиймээс С.Даваасүрэн даргын даам гарсан энэ хэрэг 2020 оны 10 дугаар сард Улсын дээд шүүхэд шилжиж, эцсийн цэгтээ тулж ирсэн байдаг.
Улсын дээд шүүхээс иргэн Одбаяр хохирогч мөн болохыг тогтоож Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 836 дугаар магадлалыг хүчингүй болгожээ.
Хэрэг хохирогчийн талд шийдвэрлэгдсэн. Гэвч гэмт хэрэгтэн, танхай этгээд С.Даваасүрэн өнөө хэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд даргын албан тушаалаа хашсаар байна. Өөрөөр хэлбэл хамгийн өндөр ёс зүй, сахилга хариуцлагатай байхыг хувь хүнээс шаарддаг төрийн чухал албанд хамгийн бүдүүлэг, ёс зүйгүй рецидив этгээд тухалчихаад төрийн нэрээр түмнийг даапаалж, доромжлоод сууж байна.
Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон, ажлын байран дээр архидсан, айлын эхнэрийг оролдсон, хүний нөхөр зодсон, бусдын эд хөрөнгөд халдсан, хэл үгээр доромжилсон гээд байж болох есөн шид нь бүрэлдчихсэн С.Даваасүрэн мэтийн хурган дарга нар Монгол төрийг төлөөлж, гэм зэмгүй, шударга татвар төлөгчдийн мөнгөөр эрх ямаа баталгаажуулж, энэ засгийн үед эрхлээд суух зүгээр үү гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан та бүхнээс дахин асууж байна. Хэрэв тийм бол манай нийгмийн завхрал ёроолдоо тулж, Монгол төр шоронгийн рецидидүүдээр дүүрчээ гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрцгөөе.