ЗАХИАЛСАН БАРИЛГАА ЗОЛИОНД ГАРГАСАН МАНАЙ ТӨР ЗОВЖ БАЙГАА БАРИЛГЧДАДАА “ХУТГА ТУЛГАСАНАА” МЭДДЭГ БАЙГАА

ЗАХИАЛСАН БАРИЛГАА ЗОЛИОНД ГАРГАСАН МАНАЙ ТӨР ЗОВЖ БАЙГАА БАРИЛГЧДАДАА “ХУТГА ТУЛГАСАНАА” МЭДДЭГ БАЙГАА

Манай төр өөрөө байшин барилга барьдаггүй. Тиймээс улсын чанартай барилга, байшинг тендр зарлах замаар хувийн хэвшлээр гүйцэтгүүлж ирсэн. Гэтэл эдийн засаг хумигдаж, иргэдийн амьдрал болохоо байлаа гэсэн ерөнхий лоозон гаргаж тавиад мөнөөх ард түмэн болсон хувийн аж ахуйн нэгжүүдийн хоолой дээр хутга тулгаад удаж байна. Өдгөө улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа 1142 төсөл арга хэмжээг гүйцэтгэж байгаа 800 орчим компанийн санхүүгийн байдал эрс хүндэрч дампуурлын ирмэгт иржээ. Ингэснээр ачааны хүндийг нуруундаа үүрч яваа барилгын салбарынханд улирлын чанартай ажил нь гацахаас гадна улсынхаа санхүүжилтээс болж дахин гацах, улмаар гарцгүй болж мухардахад хүрээд байна.

Барилгадаа санхүүжилтээ авч чадахгүй байгаа компанийн ажилчид, ар гэрийнхэн “улны” болохдоо тулж байгаа бол яндангаас салж, орон сууцанд орно гэсэн иргэд царцсан барилгын гадна хонохдоо тулж, тэнгэрт тулсан үнийн өмнө сөхөрч байна. Ард түмнээ боддог төрийн бодлого ардынхаа амьдрал яагаад ингэж гай тариад байна вэ? Үүний шалтгаан уг маш тодорхой.

Улс тендрийн материал шалгаруулахдаа хамгийн доод үнийг жишиг болгон үздэг атлаа аль 2009 оны үеийн үнэ ханшаа өнөөдрийг хүртэл өөрчлөлгүй явж ирсэн. Тухалбал тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн төсөв нь хуучин төсөв буюу цалингийн зардал нь 2009 оны, машин механизмын зардал нь 2012 оны, тээврийн зардал нь 2019 оны тарифаар бодогдож байна. 2020 оны 1-р сараас эхлэн дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр Монгол улсын хил бүрэн хаагдаж хил гаалийн нэвтрүүлэлт саатсанаас үүдэлтэй бараа материалын хомсдол, үнийн хэт өсөлтөөс үүдсэн өндөр хэмжээний бодит алдагдлыг компаниуд хүлээсэн. Үүнтэй залган дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлүүд 2020 оноос эхлэн он удаан үргэлжилснээр барилгын салбарт байсан алдаатай шийдвэр, алдагдал хүлээх хэмжээний бодлогууд бүр ч тод харагдах болжээ. Манай төр өөрийнхөө гаргасан шийдвэрийг төд удалгүй цуцлахдаа хэнээс ч асуудаггүй, бас ичдэггүй. Шалтаг шалтгааныг нь асуухаар өмнөх Засгийн газар, урьдны даргын тооцоогүй шийдвэр гээд хээв нэг хэлээд сууж байдаг. Өмнөхөө үргэжлүүлдэггүй, хойчдоо залгамжлуулдаггүй нам дагасан дарга нарын гороор улсын хөрөнгө хагас дутуу баригдсан балгас болж хоцордог бол ажил эхлүүлсэн барилгын салбарынхан өр зээлэнд баригдаж, үүд хаалгаа хаахад хүрдэг. Үүний нэг бол төсвийн тодотгол хийх замаар эхлүүлсэн ажлыг гацаах замаар эцээж цуцаадаг явдал.

Төсвийг тодотгохдоо ажил, үйлчилгээ аваад хийж яваа ААН-нүүдээс санал авахгүйгээр УИХ-ын гишүүд шууд шийддэг нь компаниудыг санхүүгийн хүндрэлд оруулж байна. Баримт дурдахад 2020 онд нэгэн компани банкнаас 800 сая төгрөгийн зээл аваад барилгын ажлаа гүйцэтгэж байх явцад ковидын шалтгаанаар төсөв тодотгохдоо тухайн жилд суугдсан 2.7 тэрбум төгрөгөөс 70 хувийг нь шууд хасч 600 сая төгрөг үлдээсэн. Ингэснээр тухайн ААН банкны зээлийн хүүгийн дарамтад орсон. Одоо зээлийн үлдэгдэл 470 сая төгрөг. 2020 оноос хойш жил бүр 120 орчим сая төгрөгийн хүү жил бүр төлж байна. Цаашид төлж чадахааргүй, хаалгаа барина. 2022 он. Нэгэн компани ажлын тендерт шалгарч улмаар хувь хүнээс 300 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээд ажлаа эхэлсэн. Ингээд анхны санхүүжилтээ авах болоход Төсвийн тодотголоор бүх мөнгийг нь татсан байсан. Одоо энэ компани зээлийн хүү, 10 хувийн дарамтад ор 300 саяын зээл одоогийн байдлаар зургаан зуун сая төгрөг болсон. Дараагийн нэг бэрхшээл бол манай төр тэрбум давсан төсөвтөй барилгуудыг жил бүр 50, 100 сая төгрөгийн санхүүжилт төлөвлөж төсөвт тусгадаг явдал.

Төсвийн тухай хуулийн 29.3.5 дахь заалтаар бол аливаа аж ахуйн нэгж 3 тэрбум төгрөгийн ажил 3 жилийн хугацаатай гүйцэтгэхээр гэрээ хийсэн бол жилд ноогдох хамгийн бага санхүүжилтийн хэмжээ 1 тэрбум төгрөг байх ёстой. Хуулиа гууль болгосноор 13 тэрбумын тендерт ялаад 494 сая төгрөг гүйцэтгэлийн баталгаанд банкинд байршуулсан компанийн санхүүжилтэд 2022 онд 1.5 тэрбум төсөвт тусгагдсан байхад тодотголоор 300 сая төгрөг болгож танасан байх жишээтэй. Дээрээс нь манай төр ажлын гэрээний 30 хувиа өгөөд ажил эхлүүлдэг байдлыг зогсоосон. 2012 оноос өмнө Ажлын гэрээ байгуулсан компаниудтай гэрээ байгуулаад санхүүжилтийн 30 хувийг Төр шууд олгодог байсан. Энэ үед компаниуд санхүүжилтээ аваад шууд ажилдаа ордог байсан. Энэхүү журам байхгүй болсноос хойш компаниуд гэрээ байгуулаад шууд банкны үүдэнд очдог болсон.

Ингээд ААН-д банк, ББСБ, ломбард, мөнгө хүүлэгчдийн халаасанд орж зээлийн хүүгийн дарамттай учирсан. Арай гэж зээлээ авлаа гэхэд тэр зээлийг бүтээх гэж хугацаа алддагаас ажил эхлэх, үргэлжлэх хугацаа уртассан. За мөн арай гэж санхүүжилтээ авах эрх нээгдлээ гэтэл ар араасаа дуусашгүй гарын үсэг цуглуулах, албан тушаалтны үүдийг сахих дараагийн зовлон эхэлнэ. Тендрт оролцохдоо түүнийгээ авахдаа, авсны дараа ажлаа явуулахдаа, шаардлагатай санхүүжилтээ авахдаа, сүүлд нь улсын комисс нэртэй хүмүүст хүлээлгэж өгөхдөө гээд тэр болгонд өнөөх авлигын асуудал бичигдээгүй хууль шиг хэрэгжиж, явж байгаа нь эргэлзээгүй. Тэр болгон нь нийт мөнгөн дүнгийн 10 хувийг авна гээд амаа ангайгаад хүлээж суудаг нь ахиад л манай төрийнхөн.