Парламентыг "задлах" хуулийг ерөнхийлөгч нь өргөн барьсан анхны кэйс

Парламентыг "задлах" хуулийг ерөнхийлөгч нь өргөн барьсан анхны кэйс

Улс төрийн орчинд энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойрч хэлэлцэв.

Гадна талдаа энэ хуулийг тойрсон улс төржилт яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаад чанартаа бол төрийн хоёр том институцын статусын асуудал хөндөгдөж буй.

Эргээд харвал 36 жилийн өмнө Улсын Бага хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, Монголд анхны орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийг эхлүүлсэн. Ингэж бид уг нь байнгын ажиллагаатай парламенттай болсон юм. Өнөөг хэр иргэд төлөөлийн 76 гишүүнийг сонгож, УИХ-аа бүрдүүлж ирсэн бөгөөд 2023 онд Үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгасан өөрчлөлтийг УИХ-ын чуулганы гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, баталсан.

Өөрчлөлтийн эхлэл буюу 2024 оны УИХ-ын сонгууль анх удаа 126 гишүүнтэйгээр бүрдэх нөхцөл бий болж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд өнөөдрийн парламент бүрджээ.

Монголын парламентын түүхэнд анх удаа төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтдөө нийцсэн засаглалыг сайжруулах хүрээнд энэхүү өөрчлөлтийг хийсэн. Хэдийгээр УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх заалт өнөөг хэр амьтай, голтой байгаа хэдий ч уг заалтаа илүү хүчитгэхийн оронд Ерөнхийлөгчийн институцээс ард түмний захиалга гэсэн тодорхойлолтоор шинээр өргөн барьж, оруулж ирсэн нь нэгэнт байгаа агуулгыг илүү дэлгэрүүлэн давхардуулсан тохиолдол болж буй.

УИХ-ын тухай хуулийн “4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно” гээд заачихсан. Тиймээс ерөнхийлөгч өөрөө гишүүний бүрэн эрхийг хөндөж болохгүй тул өөрсдөөр нь хуулийг дэмжүүлэх байдлаар парламент руу чиглэсэн хууль санаачилсан нь энэ.

Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх боломж нь парламентад байдаг бол парламентын эрх мэдлийг хязгаарлах эрх харин ерөнхийлөгчид байдаггүй. Монгол Улс ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай учраас төрийн бодлого шийдвэрийн төв нь УИХ юм. Иймээс ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн сайжруулах боломжоо парламент өөрсдөө ашиглах цаг ирж байна.

Одоогийн өргөн баригдсан хууль нь ёс зүйн зөрчил гаргавал гэсэн ерөнхий агуулгатай төдийгүй "жагсаалтын гишүүн" зэрэг тодорхойлсон субъектив ойлголт ч бий. Иймээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг илүү нарийн тодорхойлох нь зүй. Хэтэрхий объектив шалгуурыг улс төрийн байр суурь, санал өгсөн байдалтай холбогдох нөхцөл болгохгүй байх нь цаашид бүрдэх ажлын хэсгийн хариуцлага болж үлдэж байна.

Эгүүлэн татах нь хариуцлагын нэг тогтолцоо гэж тайлбарлагдаж болох ч яг одоогийн боловсруулснаар батлагдвал улс төрийн зорилгоор хэрэглэгдэх өндөр эрсдэлтэй учраас ерөнхийлөгчийн хүсэл хаанаас нь ч цухалзах ёсгүй тул УИХ дотор олон шатны хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүй. Монгол Улс парламентын засаглалтай буюу гишүүд ард түмнийг төлөөлдөг болохоос шууд халагддаг албан тушаалтан биш юм. Хэрвээ гишүүнийг ёс зүйн асуудлаар шалтаглан эгүүлэн татсаар байвал парламент богино хугацааны, үр дүнгүй шийдвэр гаргалтын талбар болох эрсдэлтэй зэрэг олон талаас нь харж, нягтлах шаардлага үлдэв.

Хэрэвзээ, уг хууль батлагдвал ерөнхийлөгч нь парламентад хариуцлага тооцдог хуулийг санаачлан, түлхсэн анхны кэйс болж үлдэнэ. Энэ бол хуульчдын хувьд цаашид гүнзгий судлах сэдэв болох нь дамжиггүй.

Т.БАТСҮРЭН / EGUUR.mn /