”Эрдэнэс Тавантолгой” ХК нууц гэрээгээр нүүрсээ 40 доллараар хямд нийлүүлж байна

”Эрдэнэс Тавантолгой” ХК нууц гэрээгээр нүүрсээ 40 доллараар хямд нийлүүлж байна

”Эрдэнэс Тавантолгой” ХК нууц гэрээгээр нүүрсээ 40 доллараар хямд нийлүүлж байна

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй өнөөдрийн /2023.12.19/нүүрсний сонсголын үдээс хойших хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрт хамааралгүй төслийг санхүүжүүлсэн нь санхүүгийн хувьд хүндэрч, өрөнд баригдсан гэх асуудал хөндөгдлөө.

Шинжээчийн танилцуулснаар Засгийн газрын 2022 оны Газрын тос дамжуулах хоолой барих төслийн талаар авах арга хэмжээний тухай 94 дүгээр тогтоолоор тус төсөлд шаардагдах 397 сая ам.долларыг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-д зөвшөөрсөн байна.

Энэ дагуу тендер зарлахад гурван орны дөрвөн компани материал ирүүлснээс БНХАУ-ын төрийн өмчит “Норинко интернэшнл кооперейшн”компани шалгарч, улмаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдамж гарч, 388 сая ам.долларын санхүүжилтийг нүүрс урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэх их хэмжээний хэлцэл хийж, гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх захирал Б.Ганхуягт олгожээ. Мөн гэрээнд дээрх санхүүжилтийн 10 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий 38.8 сая ам.доллартай тэнцэх нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны тавдугаар сараас долдугаар сард нийлүүлэхээр заасан аж.

Харин Монголын Газрын тос боловсруулах төрийн өмчит компани нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2027 оны долдугаар сараас сар бүр 3,2 сая ам.долларыг арван жилийн хугацаатай эргэн төлөлт хийхээр заасан юм байна.

Дээрх танилцуулгатай холбогдуулж, гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нь газрын тосны компани руу хөрөнгө оруулна гэдэг юу гэсэн үг вэ.  Хэр зөв зарчим бэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-Буруу зарчим. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийг санхүүгийн хувьд хүндрэлтэй байдалд оруулсан зүйл ньнь өөрт хамагүй зүйлд хөрөнгө оруулсантай холбоотой. Өөрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой, эсвэл бизнесээ өргөжүүлэх, ашиг өгөх зүйлд хөрөнгө оруулах ёстой болохоос биш өөрт хамааралгүй газрын тосны дамжуулах хоолойн төсөл, “Тавантолгой түлш” компанийг санхжүүлснээс санхүүгийн хувьд хүнд байдалд орсон.

Дахиж өөрт хамааралгүй төслийг санхүүжүүлэхгүй. Одоо газрын тосны дамжуулах хоолойн төсөлд зарцуулж буй хөрөнгө оруулалтыг зогсоох боломжгүй, санхүүжилтийн хувьд хүнд байдалд орох эрсдэлтэй.  “Тавантолгой түлш” компанийг нийслэлд шилжүүлэх асуудлыг ярьж байгаа.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” компаниас гарч байгаа нэг төгрөг болгон үр өгөөжөө өгдөг байх ёстой, газрын тос дамжуулах хоолойд оруулсан хөрөнгөө буцааж авах ёстой, өнөөгийн үнэ цэнээр тооцоод.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Оффтейк гэрээ ил болсноор ямар зөрчлүүд байгаа вэ гэдгийг иргэд харж байгаа байх. 2023 оны аравдугаар сарын байдлаар оффтейк гэрээний хүрээнд газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлэхэд 1.1 сая тонн нүүрс ачуулах борлуулалтын гэрээ байгуулсан.

“Норинко интернэшнл кооперейшн” компанид нэг тонн нүүрсийг “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 81.2 ам.доллараар нийлүүлж байхад бусад компанид 122.4 ам.доллараар нийлүүлж байна.

Нэг ёсны 40 орчим ам.доллараар хямд үнээр нүүрсээ худалдах гэрээг “Норинко интернэшнл кооперейшн”-тэй байгуулсан гэсэн үг, нууц гэрээгээр.  Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр хэрэгтэй ч зарчим нь буруу байна. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ. Ногдол ашиг тараах мөнгө байгаа юу, ашигтай ажиллах боломж байгаа юу. Нууц гэрээгээр төлбөрийг хийх нь зөв үү?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-Энэ компани ашигтай ажиллах бүрэн бололцоотой. Гэхдээ энэ компанийг бизнесийн зарчмаар улс төрийн нөлөөлөлгүй, хараат бусаар ажиллуулах ёстой.  Нэг жил гаруйн хугацаанд Бүрэн рэхт төлөөлөгчөөр ажиллаж байна. Энэ хугацаанд компани дээр нэг зүйлийг хэвшүүлэх гэж үзсэн. Засгийн газар валютын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд үүрэг өгсөн. Бизнесийн зарчмаар ажиллаад явахад ямар хэмжээний ачаалал даах чадалтай юм бэ гэдгийг үзсэн. Ашигтай ажиллах боломжтой. 2023 оны гуравдугаар улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.7 их наядын ашигтай ажилласан. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3 их наяд гаруй төгрөгийн ашигтай гарах болов уу.

Нийтдээ 11 төсөл хэрэгжиж байна. Энэ компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой баяжуулах үйлдвэр байна. Энэ төсөл заавал явах ёстой. Уг үйлдвэр ашиглалтад орж байж, нүүрсээ угааж гаргах бололцоотой болно.

“Эрдэнэс Тавантолгой” компани урьдчилж мөнгө авдаг байдал 10-аад жил явсан. Урьдчилж авсан орлого 600 гаруй сая ам.долларыг энэ оны есдүгээр сард бүрэн төлсөн. Одоо бид борлуулж байгаа нүүрсний гэрээнүүдийн төлбөрийг 100 хувь төлбөрөөр авч байгаа. Оффтейк гэрээнүүдийн 3,2 их наядын өрийг барагдуулж байж, ногдол ашиг тараах ёстой. Тэгэхгүй бол санхүүгийн хувьд хүндрэлтэй.

Мөнгөн хөрөнгийн хувьд хүндрэлтэй хэвээр л байгаа.

“Тавантолгой түлш” компанийг байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1 их наядаар санхүүжүүлсэн. Жилдээ 300-400 тэрбум төргрөгийн санхүүжилт хийдэг.

Газрын тосны дамжуулах хоолой гэдэг төсөл байна. Өөрт хамараалгүй төслийг санхүүжүүлсэн, мөн санхүүгийн сахилга бат,  янз бүрийн оновчтой биш хөрөнгө оруулалтын зардал зэргээс хамаарч “Эрдэнэс Тавантолгой” ХК өрийн дарамтад орсон нь үнэн.

Онцгой дэглэм тогтоосон нь санхүүгийн хувьд хүндрэлээс гаргах, нээлттэй ил тод болгох. 2022 оны жилийн эцсээр 1,2 их наядын ашигтай ажилласан.

2.5 сая иргэнд ногдол ашиг тараах асуудал яригдаж байгаа. Дараагийн асуудал нь энэ оны ашгаас ирэх хавар ногдол ашиг тараах ёстой.

Засгийн газрын хувьд “Энэ компанийг бизнесийн зарчмаар ажиллуулъя. Компани  ашигтай ажиллавал ногдол ашгаа тараадаг, үндсэн үйл ажиллагаатай холбоотой төслийг санхүүжүүлэх. Тэгэхгүй бол янз бүрийн үүрэг даалгавар өгдөг, тэрнээс болоод хүндэрдэг. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд гарсан амжилтаа цааш хэрхэн хэвийн хангах вэ. Энийгэ хангаад явчихвал жилдээ 30 сая тонн нүүрс борлуулаад явах боломжтой. Улс төрөөс хараат бусаар ажиллуулах нөхцлийг хангаад өгөх хэрэгтэй.  Хувийн компани яаж ажилладаг вэ тийм л орчин бүрдүүлэхийг зорьж  байна.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Ж.Ганбат дарга аа, 3,2 их наядын өр авлага байна гэлээ.  10 хэдэн жил санхүүгийн дарамттай ажиллаж ирлээ.  Одоо сонгууль болох гээд байна, сонгуулиар мөнгөжүүлнэ гэдэг асуудал яригдаж байгаа. 1072 хувьцааны ногдол ашиг тараана гээд дахиад дарамт үүсэх вий. Оффтейк гэрээг бүгдийг зогсоох юм байгаа биз дээ. “Эрдэнэс Тавантолгой”-той холбоогүй бизнесийн  төслийг санхүүжүүлэхгүй байхаар ярьж байгаа биздээ. 2023 оны арван сарын байдлаар Норинкод өгч байгаа нүүрсний үнэ 81.2 доллар, бусад гэрээнүүдийн нүүрсний дундаж үнэ 122.4 ам.доллар буюу 40 ам.долларын зөрүүтэй байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ:

-“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хэд, хэдэн гэрээнүүд байсан. Нүүрсээр төлбөрийг барагдуулах оффтейк гэрээ байна,  гэрээгээр ажил гүйцэтгүүлсний төлбөрийг нүүрсээр өгөх гэрээ байсан. Цэгцэлж болох хэмжээнд цэгцэлсэн.

Гэрээгээр ажил гүйцэтгэсэн нь төлбөрөө нүүрсээр биш мөнгөөр авдаг байдлыг хэвшүүлсэн. Оффтейк гэрээнд өөрчлөлт оруулах,  зогсоох асуудлыг тавьж байсан.

Хятадын талаас онцгой дэглэм тогтоохоос өмнө байгуулсан гэрээнд хүндэтгэлтэй ханд, гэрээгээ хэрэгжүүлдэг бай, гэрээ дуусгавар болох хүртэлх хугацаанд тогтвортой гэрээгээ хэрэгжүүл гэдэг асуудал тавьсан.

Энэ хүрээнд баяжуулах үйлдвэр, газрын тос дамжуулах хоолой хамаарч байгаа. Энэ асуудалд хамаарахгүй зарим нэг төсөл дээр шийдэлд хүрсэн. 90 хувийг нь нүүрсээр барагдуулна, 10 хувийг мөнгөөр барагдуулна гэж байсныг хэлцэлд орж, 70х30 гэдгээр тохироо хийсэн. Төмөр замын төслүүд, газрын тосны хоолой дээр оффтейк гэрээ үргэлжлэн мөрдөгдөж байна.

Г.ХОРОЛ