Орос, Хятадын худалдаа түүхэн дээд амжилт үзүүлжээ

Орос, Хятадын худалдаа түүхэн дээд амжилт үзүүлжээ
Хятад, Орос улсын худалдааны эргэлт зорилтоо давж, түүхэн дээд амжилтыг үзүүлжээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар Хятад, Оросын хоёр талын худалдааны хэмжээ 200 тэрбум ам.доллар давлаа гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Лхагва гаригт Ерөнхий сайд Михайл Мишустинтэй уулзахдаа мэдэгдэв. Өмнө нь 2019 онд Ши Жиньпин Оросын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа 2024 он гэхэд хоёр талын худалдааг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилгыг тавьсан юм.

ОХУ-аас 2022 онд Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Хятадтай хийж буй худалдаа үргэлжлэн өргөжиж, 2022 онд ойролцоогоор 30 хувиар өсч, 190 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Худалдааны хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд хамтын ажиллагааны хүчтэй, уян хатан, өргөн ирээдүйтэй байгааг харуулж байна гэж Ши Жиньпин мэдэгдэв.

Москва хөрш рүүгээ дайрсны дараа АНУ болон түүний холбоотнууд Оростой худалдаагаа багасгаж, хориг арга хэмжээ авсны дараа дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад нь эдийн засгийн гол тулгуур болж гарч ирсэн.

Энэ сарын эхээр нийтэлсэн Хятадын гаалийн мэдээллээр, Хятад-Оросын худалдаа 2023 оны эхний 11 сарын байдлаар бараг 218.2 тэрбум ам.долларт хүрч дээд амжилт тогтоожээ. Гэвч энэ тоо нь Хятадын гадаад худалдааны 5.41 их наяд ам.долларын ердөө 4 хувийг эзэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN