SAT-1 ШҮЛХИЙН ЭРСДЭЛ БА ТӨРИЙН ХАРИУЦЛАГА

SAT-1 ШҮЛХИЙН ЭРСДЭЛ БА ТӨРИЙН ХАРИУЦЛАГА

ТӨСВИЙН БОГИНО ХУГАЦААНЫ ОРЛОГО ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛААС ҮНЭТЭЙ ЮУ?

 Монгол Улсын баруун бүсэд анх удаа бүртгэгдсэн SAT-1 серотипийн шүлхий бол ердийн нэг малын өвчний асуудал биш юм. Энэ нь үндэсний аюулгүй байдал, стратегийн хүнсний хангамж, мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, экспортын чадавх, хил дамнасан халдварт өвчний эрсдэлтэй холбоотой асуудал болж байна. Дэлхий дахинд мал, амьтны гоц халдварт өвчнийг зөвхөн мал эмнэлгийн асуудал гэж үзэхээ больсон. Харин улс орны эдийн засаг, хүнсний тогтолцоо, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх биологийн аюул занал хэмээн авч үздэг болсон. Ялангуяа өмнө нь бүртгэгдээгүй шинэ серотипийн халдвар орж ирсэн нөхцөлд халдварын эх үүсвэр, тархалтын замнал, хил дамнасан эрсдэлийг нарийвчлан тогтоох шаардлага үүсдэг. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл 58 сая гаруй толгой мал сүрэг нь зөвхөн малчдын өмч бус, үндэсний стратегийн нөөц юм. SAT-1 серотип нь Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ омог. Олон улсын судалгаагаар энэхүү серотип нь өндөр халдвартай бөгөөд хүн, тээврийн хэрэгсэл, бохирдсон тоног төхөөрөмж, зэрлэг амьтнаар дамжин тархах боломжтой. Ийм нөхцөлд хорио цээрийн дэглэмийг сулруулах, хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шийдвэр бүр эрсдэлийн үнэлгээнд суурилсан байх ёстой. Төрөөс SAT-1-ийн эсрэг вакцинжуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, нэг сая гаруй тун вакцин ашиглах нь хэдэн арван тэрбум төгрөгийн зардал, асар их хүний нөөц, логистикийн хүчин чармайлт болж таарах байх. Гэвч вакцинжуулалт дангаараа хангалтгүй! Олон улсын туршлагаас харахад тандалт, хөдөлгөөний хяналт, хорио цээр, эрсдэлийн удирдлага зэрэг арга хэмжээнүүдийг зэрэг хэрэгжүүлж байж халдварыг бүрэн хяналтдаа авдаг. Ийм үед аймгийн төсвийн орлого бүрдүүлэх зорилгоор ан агнуурын дуудлага худалдаа зохион байгуулах асуудал яригдаж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Асуудал нь ан хийх эсэх тухай биш. Харин шинэ серотиптэй халдварт өвчинтэй тэмцэж буй онцгой нөхцөлд олон улсын анчид, тээврийн урсгал, олзвор бүтээгдэхүүний хөдөлгөөн нэмэгдэх нь үндэсний хэмжээний эрсдэлийн үнэлгээнд хэрхэн туссан бэ гэдэгт оршино. Өнөөдөр дэлхийн олон улс биологийн гаралтай эрсдэлийг үндэсний аюулгүй байдлын бодлогын түвшинд авч үздэг болсон. Учир нь томоохон халдварт өвчин нь эдийн засаг, экспорт, хүнсний хангамж, нийгмийн тогтвортой байдалд асар их нөлөө үзүүлдэг. Иймээс шинэ серотипийн тархалттай тэмцэж буй энэ үед аливаа шийдвэрийг зөвхөн орлогын өнцгөөс бус үндэсний аюулгүй байдлын өнцгөөс үнэлэх шаардлагатай. Ан агнуурын орлого дараа жил ч нөхөгдөж болно. Харин нэгэнт хяналтаас гарсан халдварт өвчний улмаас учрах эдийн засаг, нийгэм, экспортын хохирлыг нөхөхөд олон жил шаардагдаж болзошгүй. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар дараах асуудалд олон нийтэд ил тод хариу өгөх шаардлагатай байна. • SAT-1 серотипийн тархалтын эрсдэлийн үнэлгээний тайланг нийтэд ил болгох; • Хорио цээрийн дэглэмийг бууруулах шийдвэр шинжлэх ухааны ямар үндэслэлтэй гарсныг тайлбарлах; • Ан агнуурын үйл ажиллагаа, олзвор бүтээгдэхүүний хөдөлгөөн халдварын эрсдэлтэй хэрхэн уялдаж байгааг танилцуулах; • Вакцинжуулалтын хамрагдалт, үр дүн, дархлаажуулалтын мониторингийн мэдээллийг тогтмол нийтлэх. Өнөөдрийн асуудал бол зөвхөн Ховд, Баян-Өлгий аймгийн асуудал биш. Энэ бол Монгол Улсын мал аж ахуйн салбар, хүнсний тогтолцоо, үндэсний аюулгүй байдлын асуудал юм. Төр Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж үндэсний баялгаа хамгаалах уу, эсвэл богино хугацааны орлогын төлөө урт хугацааны эрсдэлийг үл тоомсорлох уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. АСУУЛТЫГ НЭЭЛТТЭЙ ҮЛДЭЭЕ?