Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн "Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнажээ
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 314 дугаар тогтоолоор Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасан байна.
Түүнийг Эдийн засгийн эрх чөлөөний тухай багц хуулиудын төслийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах, бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж, төрийн оролцоог хөнгөрүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд ажилласан хэмээн шагнаж байгаа аж.
УИХ-ын хаврын чуулган хаахын өмнөхөн буюу долоодугаар сарын 3-ны өдөр нийт 138 хуулийн төслийг эцэслэн баталж байсан. Үүний нэг нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан нийт 92 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталсан юм.
Мөн Ерөнхий сайдын Хууль зүйн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Х.Сүрэнхоролыг "Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасан байна.







