Ерөнхийлөгчийн хуулийн төслийг судлах Ажлын хэсэг байгуулжээ
УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы нээлтийн өдөр зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудыг УИХ-ын гишүүн П.Ганзориг, Г.Уянгахишиг нар танилцуулсан юм. Хурлаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцсэн байна. П.Ганзориг “ХҮН нам Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж, 126 гишүүнтэй таван намын төлөөлөл бүхий парламентын ардчиллыг бэхжүүлэхэд манлайлж ажилласан. Өмнө нь 76 гишүүнтэй байхад нэг намын шийдвэр давамгайлдаг байсан бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийснээр олон намын тогтолцоо, парламентын ардчилал бэхжих том алхам болсон.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч УИХ-ын гишүүний дархан эрхийн хойно хамгаалагддаг байдлыг эрх зүйн зохицуулалтыг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд анхаарах асуудлууд байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудалд намын төлөөллийн төв байгууллагаас санал оруулна гэх мэт асуудал байгаа учраас судлах ажлын хэсэг гаргаж байна. Хуулийн төслийг нарийвчлан судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Г.Уянгахишиг гишүүнээр ахлуулан байгууллаа” гэв.
Мөн Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор түүний мэдээллийг зөвлөлийн хурлаар сонссон байна. Одоогоор П.Наранбаярын оронд хэнийг томилох талаар хэлэлцээгүй бөгөөд ХҮН нам аль салбарт хэнийг томилох асуудал зөвшилцөх шатанд явж байгааг дуулгалаа.


journalist 




