МАН-ыг дагасан АН-ын улс төр

МАН-ыг дагасан АН-ын улс төр

Сөрөг хүчин АН,  эрх баригч МАН-ын хүүхэлдэй гэдэг элэглэл үргэлжлэх шинжтэй. МАН-ын фракцуудыг даган үүссэн шинэ үеийн МАНАН-гийн гишүүд энэхүү элэглэлд эгдүүцэж магадгүй. Гэвч бодит байдал үүнээс дээрдэж харагдахгүй байгаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалан намын дарга О.Цогтгэрэлийнхээ санаачилсан “Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт АН-ын бүх гишүүд гарын үсэг зурсан” гэж мэдэгдсэний араас Ч.Лодойсамбуу “Би зураагүй, зурахгүй” гэж хариу барих жишээний.

АН-ын дарга О.Цогтгэрэл тэргүүтэй хэд хэдэн гишүүн өнгөрсөн хаврын чуулганаас хойш “Ерөнхий сайд Н.Учралыг огцруулж, Засгийн газарт хариуцлага тооцно” гэдэг яриаг амны уншлага болгоод байгаа. Сүүлийн үед мэдээллийн сайтуудаар “Намрын чуулган эхлэхэд экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар гэсэн ах дүү нарын тэргүүлсэн 30-ийн бүлэг АН-аас санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт дөрөөлөн эргэн ирэлт хийхээр зэхэж байна” гэх агуулга байсхийгээд л гарч ирдэг боллоо. Энэ тохиолдлын явдал биш. Улс төрд санамсаргүй зүйл гэж байхгүй. Сэм хуйвалдаж, төлөвлөсөн зохиолын дагуу үйл явдал өрнөдөг. МАН-ын гомдогсод болон хагаралд ялагдагсад “Алиа пацаан” гэсэн Н.Учралынхаа Засгийн газрыг АН-ыхнаас ч илүү эгдүүцэж байгаа нь ойлгомжтой. Дээрх гол агуулгаа “МАН-ынхан зуны амралтаар хэсэг бүлгээрээ байгалийн үзэсгэлэнт газруудад нууц уулзалт зохион байгуулж байна” гэдэг мэдээллээр чимэглэж хүч оруулах маягтай. Ард түмний амьжиргаа дордож, идэх хоол, унах унаагүй болтол эдийн засаг хүндэрсэн гэдгээр хачирлахаа ч мартсангүй. Харин энэхүү улс төрийн тоглолтын дэглэлтийг МАН-ынхан хийж, АН-ынхан гүйцэтгэж байгаа нь анхаарал татна.

Өнөөгийн нөхцөлд Л.Оюун-Эрдэнийн салшгүй хамтрагч гэгдэж байсан УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг дагадаг хүмүүс Засгийн газарт чухал байр суурь эзлээд байгааг мартаж болохгүй. С.Амарсайхан хууль зүйн салбарыг атгаж байгаа учраас Д.Амарбаясгалангийн эмзэг цэг нүүрсний асуудлууд намжих шинжтэй болсон. Мөн өнгөрсөн жил Г.Занданшатарыг сөрсөн нүүдлийнхээ хүчинд Н.Учралын Засгийн газарт хэд, хэдэн сайдаа оруулснаар хамгийн их хожил авсан улстөрч бол Д.Амарбаясгалан. Засгийн газарт суудал авсан Д.Амарбаясгалангийн талынхныг тоочвол, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас гадна ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир нар байгаа. Д.Амарбаясгалан МАН-ын дотоод хагарал дундаас хангалттай хонжоо олсныг үүнээс харж болно. Иймд нөхцөлд Ерөнхийлөгч, намын аппаратыг атгаж буй түүний фракцын дэмжлэгтэй Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай сөргөлдөх нь хэтэрхий эрсдэлтэй алхам. Д.Амарбаясгалан ба Л.Оюун-Эрдэнийн эсрэг Г.Занданшатар ба түүний нөхөд хооронд эрх мэдлийн тэмцэл өндрөө авсан жил гаруйн хугацаанд АН-ынхан мөн л талцаж хуваагдан аялдан дагаж харагдсан.

АН-ын бүлгийн олонх 2025 оны тав, зургадугаар сард Засгийн газраас хөөгдсөн уурандаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байсан. Түүнээс хэдхэн сарын дараа Л.Оюун-Эрдэнийн телевизийн нэвтрүүлэгт хэлсэнчлэн “МАН-ын дарга УИХ-ын дарга байхгүй ёсгүй” гэдэг захиалгат улс төр хийснээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахад гүйцэтгэгчээр оролцож байлаа. Өнгөрсөн хавраас Л.Оюун-Эрдэнийн нарын хатгаасаар Н.Учралын Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж эхэлсэн бөгөөд амжилт олох эсэхийг намрын чуулганы өрнөл харуулна.

Харин Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хувьд өнөөгийн нөхцөл байдал тэс өөр байгаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас буусан цагаасаа эхлэн АТГ-т дуудагдаж эхэлсэн бол хууль хяналтынхан хотын бүх төслийг ухаж Х.Нямбаатар хотын намын хороогоо өгөх хүртэл буланд шахагдаад буй. Явах газаргүй булан шахагдсан хүмүүсийн эцсийн арга бол өөдөөс нь ирж буй хүчийг байгаа бүх боломжоороо сөрж гарах. Энэ бол байгалийн хууль.

Улс төрийн өнөөгийн нөхцөлд айлгах, гайхуулах арга ашиглан өрсөлдөгчдөө нөлөөлөх гэж оролдохоос өөр гарцгүй. Үүний тулд АН-ыг Х.Баттулга нарын дэмжлэгээр АН-ыг хөдөлгөж байгаа. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ эрх баригч МАН-ын бүлэг дотроо 30 гишүүний дэмжлэгтэй гэх боловч Д.Амарбаясгалангийн хэдээс эхлээд улс төрийн насаа уртасгахын тулд одоогийн лидер Н.Учралын талд үйлчлэх сонголт хийх нь илүү аюулгүй. Үндсэндээ төв намдаа ч, харцаараа хөдөлгөж ирсэн нийслэлийн намын хороо дотроо ч Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын хүч суларсан. Ирэх намрын чуулгантай зэрэгцэн эхлэх нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульд Засаг дарга Б.Пүрэвдагвыг намаас нь ногоон гэрлээр дэвшүүлэх хүлээлт хамгийн өндөр байгаа. Тэр нэр дэвшүүлэлтээр Д.Амарбаясгалангийн талынхан ч бялууны томоохон зүсмийг хүртэх хүлээлттэй байгаа. Д.Амарбаясгалан эртнээсээ Л.Оюун-Эрдэнэ улс төрийн хамтрагч явсан ч Х.Нямбаатар төдийлөн ойр байгаагүй. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар 2023 онд хотын дарга, нийслэлийн намын хорооны даргын суудлыг Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарт алдахгүйн тулд Хууль зүйн сайдын эрх мэдлийг хүртэл зольж байсан түүхтэй.

Эрх баригч намынхны иймэрхүү далд сөргөлдөөн дунд АН-ынхан зөв тоглолт хийж  2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах мөрөөдөл тээж байгаа.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнийн талд 22 гишүүний дэмжлэг байж, АН-ын бүлгийн 42 гишүүн саналаа нэгтгэж чадвал Н.Учралын Засгийн газар Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй байгаад ч тогтож чадахгүй.

Н.Учралын Засгийн газар огцорвол, сүүлийн хоёр жил орчим үргэлжилж буй МАН-ын дотоод хагарал дээд цэгтээ хүрнэ. Үндсэндээ хагас жилийн дараа эхлэх Ерөнхийлөгчийн сонгуулиар хоёр хуваагдсан нам ялалт байгуулна гэдэг юу л бол. Нөгөө талд улс төрийн сонгууль удирдаж үзээгүй АН-ын дарга О.Цогтгэрэлд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан том лидерийн дүрээр 2028 онд Ерөнхий сайдын суудлын төлөө зүтгэх боломж нээгдэнэ.

Гэхдээ Н.Учрал үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд гэдгийг энэ бүхнээс өмнө санах хэрэгтэй. Түүний талд хууль хүчний бүх байгууллагаас эхлээд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй шүүх засаглал, парламентын шийдвэрт нөлөөлөх чадалтай Үндсэн хуулийн Цэц хүртэл байгааг Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар үлдээсэн өнгөрсөн жилийн үйл явдал харуулдаг. Магадгүй, Л.Оюун-Эрдэнийн талынхан ихээхэн өрвөлзвөл, намрын чуулганыг урьтсан хэд, хэдэн томоохон баривчилгаа болохыг ч үгүйсгэхгүй. Энэ дашрамд, үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд Н.Учрал АН-ын дарга О.Цогтгэрэлд татгалзахын аргагүй санал тавьж, бүр өөр шинэ үеийн хоршил санал болохыг ч үгүйсгэхгүй. Хоёр намын дарга нарын ашиг сонирхол нэгдвэл, шийдэл хаашаа эргэхийг хэн мэдлээ.

Энэ бүгдэд АН-ынхны МАН-ыг дагасан улс төр том үүрэг гүйцэтгэнэ. Гэтэл АН-ын дарга бөгөөд УИХ дахь сөрөг хүчний бүлгийн даргын албыг хүчээр давхар хийж буй О.Цогтгэрэл гишүүдийнхээ саналыг ч нэгтгэж чадахгүй байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нарыг Ерөнхий сайдаас огцруулах санал хураалтын өмнө болон хойно өрнөсөн улс төрийн үйл явдлууд түүнийг хэрхэн хүлээн зөвшөөрөгдсөн, хэр зангарагтай дарга вэ гэдгийг хангалттай харуулсан. Дээр нь Д.Амарбаясгалан энэ удаад Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгийг авч байсан шигээ хариу барьж бат зогсоно гэдэг баталгаагүй. Тэдэнд одоо нэгдэх ашиг сонирхол үндсэндээ үлдээгүй. Д.Амарбаясгалан өнгөрсөн удаад МАН-ын даргаас нэрээ татсан нь ч Ерөнхийлөгчтэй ойлголцож, Н.Учралыг намын дарга болгосноос харагддаг. МАН-ынхны хувьд ч 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны парламентын сонгууль хаяанд ирсэн энэ үед Н.Учралтай өрсөлдөх өөр лидер харагдахгүй байгаа нь үнэн. Уур амьсгал нэгэнт 80-аад он руу эргэчихсэн байхад, дахин 70-аад оныхноос намын даргаа сонгоно гэвэл Тусгаар тогтнолын ордноо өөрсдөө шатаах биз.