Алга болсон охины хэрэгт холбогдуулан нэг иргэнийг цагдан хорьжээ
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 2-ны 20:40 цагт бүртгэгдсэн. Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна гэж гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Гэвч өчигдрөөс эхлэн охины цогцос олдсон, хөрш айлуудын нэр бүхий хоёр иргэнийг хорьсон гэх эх сурвалж тодорхой бус мэдээллүүд ихээр гарч, үүнтэй холбоотойгоор ташаа, худал мэдээллүүдийн агуулгыг өөрчлөн, бодит мэт болгон түгээж байгаа асуудал гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээллэхдээ "эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа хэн нэгнээс тодорхой бус мэдээлэл авах, түүнийгээ нягтлахгүй олон нийтэд түгээж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, олон нийтэд буруу худал ташаа мэдээлэлд итгэж, чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж, буруутгах газар дээр нь очиж шууд дамжуулалт хийж, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг асуудлууд гарч байна" гэв.
Өнөөдрийн байдлаар тус асуудалтай холбоотой нэг иргэнийг цагдан хориод байгаа юм.
Иймд та бүхэн асуудалд хүлээцтэй хандаж, аливаа сөрөг эрсдэл үүсгэхгүй байхыг хүсэж байна. Эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой үнэн бодит мэдээллийг цагдаагийн байгууллагаас хуульд нийцүүлэн мэдээлэх юм.








