БНСУ-ын Шинхан их сургууль Улаанбаатарт K-Соёлын наадам зохион байгууллаа
БНСУ-ын Шинхан их сургууль Монгол Улсад K-Соёлын наадам болон мэргэжилд суурилсан боловсролын сайн дурын хөтөлбөрийг наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Арга хэмжээ Их Засаг их сургууль болон Сүхбаатарын талбайд болж, Монгол, БНСУ-ын залуусын соёл, боловсролын солилцоог өргөжүүлэх, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн байна.
Наадмын хүрээнд наймдугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд болсон K-Соёлын тоглолтыг 10 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Тоглолтын үеэр таеквондо, K-POP дуу, бүжиг, K-Beauty болон загварын үзүүлбэрийг толилуулсан байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэдээс гадна Монголд оршин суугаа БНСУ-ын иргэд, оюутнууд оролцжээ.
K-POP, ЗАГВАРЫН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮДИЙГ ШАЛГАРУУЛЛАА
Наадмын хүрээнд “2026 Shinhanryu Super Rookie Model & K-POP Contest” загварын болон K-POP дуу, бүжгийн тэмцээнийг зохион байгуулсан байна.
Загварын тэмцээний урьдчилсан шат наймдугаар сарын 7-нд Их Засаг их сургуульд эхэлсэн бол K-POP дуу, бүжгийн тэмцээний шилдэг оролцогчдын финалын шат наймдугаар сарын 8-нд болжээ.
Харин наймдугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд загварын тэмцээний шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын хамт K-Соёлын тоглолтыг зохион байгуулсан байна.
МЭРГЭЖИЛД СУУРИЛСАН САЙН ДУРЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭВ
Шинхан их сургуулийн “Логос” сайн дурын баг Их Засаг их сургуулийн оюутнуудад зориулан мэргэжилд суурилсан боловсролын хөтөлбөр хэрэгжүүлжээ.
Хөтөлбөрийг автомашины инженерчлэл, шүдний техник, нүдний оптик болон солонгос судлал гэсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулсан байна.
Автомашины инженерчлэлийн хүрээнд автомашины загвар угсрах дадлага хийж, инженерийн үндсэн зарчмуудыг танилцуулжээ. Харин шүдний техникийн чиглэлээр амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгохоос гадна шүдний загвар хийх сургалт явуулсан байна.
Нүдний оптикийн чиглэлээр оюутнуудын харааг шалгах, нүдний эрүүл мэндийн талаарх мэдээлэл өгөх, хараа засах шил хийх дадлага зохион байгуулжээ.
Мөн солонгос судлалын хүрээнд солонгос хэлний сургалт явуулж, Солонгосын уламжлалт тоглоомуудыг оюутнуудад танилцуулсан байна.
“БОЛОВСРОЛ, СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ”
Шинхан их сургуулийн Ерөнхий захирал Кан Сон Жун арга хэмжээний үеэр боловсрол нь зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна оюутнуудыг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх ёстойг онцолжээ.
Тэрбээр “Монгол, Солонгосын иргэд K-Соёлын тоглолтыг хамтдаа үзэж сонирхсон нь хоёр орны залуусын харилцааг бэхжүүлэх соёлын солилцооны гүүр боллоо” гэв.
Мөн “Логос” сайн дурын багийн мэргэжилд суурилсан үйл ажиллагаа нь оюутнуудын эзэмшсэн мэдлэг, ур чадварыг бодитоор хуваалцах боломж бүрдүүлсэн гэдгийг онцлоод, цаашид Их Засаг их сургууль зэрэг Монголын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээ илэрхийлжээ.
Шинхан их сургуулийн мэдээлснээр, тус арга хэмжээ нь боловсрол, соёлын солилцоог хослуулсан олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан байна.








