"Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт АН-ын бүх гишүүн гарын үсэг зурсан"

"Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт АН-ын бүх гишүүн гарын үсэг зурсан"

Ардчилсан нам өнөөдрийн /2026.08.13/  4:11 мэдээллийн цагаараа Засгийн газрыг нэн даруй 2026 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлж, ээлжит бус чуулганыг наймдугаар сардаа багтаан зарлахыг шаардлаа. 


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Засгийн газар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийг зохистой түвшинд барих үүрэгтэй. Гэтэл өнөөдөр инфляц хоёр оронтой тоо руу шилжсэн. Тодруулж хэлбэл, ерөнхий инфляци 13 хувь, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Саяхан л Ерөнхий сайд мах өндөр үнээр худалдаалж байгааг мэдэж зарим нэг дарга нарт гомдож байсан. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд монголчууд бид өдөр бүр дэлгүүр орохдоо эрх баригч намын шийдвэрт гомдох боллоо. Амьжиргааны өртөг өндөр энэ цагт инфляци хоёр оронтой тоонд хүрсэн нь зах зээлийн үзэгдэл биш юм. Энэ бол өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрх барьсан МАН-ын үе үеийн Засгийн газрын алдаатай бодлоготой шууд хамааралтай.

МАН үнэмлэхгүй олон суудал авч Засгийн газарт суухдаа төсвийг хэд тэлж, төсвийн зардлыг огцом өсгөсөн. Үүний үр дагаварыг иргэд хүртэж халаасаа хоосолж байгаа юм. Эдийн засаг дахь төрийн хэт их оролцоо нь чөлөөт өрсөлдөөнийг боомилж, төрийн алдаатай бодлого нь бүтээмжийг хумьдаг.

Сүүлийн өдрүүдэд иргэд шатахууны дугаарлалтад өдөр, шөнөгүй зогсож байна. Нэг үгээр хэлбэл, шатахууны хомсдол, шатахууны үнийн өсөлт нь инфляцийн дараагийн давлагааг зах зээлд бий болгоно. Учир нь нефть бол бүх бараа бүтээгдэхүүний суурь үнэд нөлөөлдөг. Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, хүнс үйлдвэрлэл болон эдийн засгийн бүх салбарт нөлөө үзүүлдэг гол хэрэгсэл. Ийм байхад Засгийн газар өдөр хоногийг аргацааж, галыг унтраах байдлаар хандахгүйгээр илүү цогц бодлого дэвшүүлж ажиллах шаардлагатай гэж Ардчилсан нам үзэж байна.

Инфляцийн дараагийн давлагаанаас иргэдээ бодитой хамгаалах төлөвлөгөө Засгийн газарт байгаа эсэхийг мэдмээр байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс нийгэмд үүссэн асуудлыг УИХ-аар яаралтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна. Тиймээс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж бодлогын түвшинд авч хэлэлцэх шаардлага гарсан. Тодруулж хэлбэл, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 2026 оны Монгол Улсын төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой. Яагаад гэвэл энэ оны хагас жилийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвийн алдагдал 2.1 их няд төгрөгт хүрсэн. Энэ нь цар тахлын үетэй дүйцэх хэмжээний өндөр үзүүлэлт юм. Үндсэндээ энэ бол жилийн эцсийн үр дүн биш. Зөвхөн хагас жилийн үр дүн юм.

Эдийн засагт инфляцийн дарамт өндөр байхад Засгийн газар төсвийн зардлаа улам нэмэгдүүлж инфляцийг улам хөөрөгдүүлж байна. Иймээс төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг бууруулах чиглэлээр зардлуудыг танах шаардлагатай.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан. Экспортын хэмжээ 11 тэрбум ам.долларт хүрсэн. Гол эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон зэс, нүүрсний үнэ зах зээлд өндөр үнээр худалдаалагдаж байгаа. Мөн экспортын биет хэмжээ хүртэл өндөр үзүүлэлтэй байгаа. Харин ч гадаад зах зээл таатай нөхцөл байхад төсвийн орлого ч гайгүй байхад Засгийн газар дотооддоо инфляциа алдав. Иймээс ээлжит бус чуулганыг энэ сард хийх ёстой гэж үзэж байгаа юм.

Мөн дээрх мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариул өгөх үеэрээ "Ерөнхий сайдыг огцруулах тухай албан бичигт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн бүх гишүүн гарын үсэг зурсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Төсвийн тодотгол бүү хэл, төсвийн төслийг ярьж байхдаа давсан төсөл оруулж ирж байна гэж судлаачид үзсэн. Нэг талаараа төсвийн хязгаарыг давсан төсөв  оруулж байгаа нь улстөрчдөд төсөв юу болж байгаа, ард иргэдэд үнийн өсөлт ямар дарамт учруулж байгааг мэдэхгүй байна. МАН засаг бариад сүүлийн 10 жил болж байгаа. Ер нь сүүлийн 36 жилийн 75 хувьд нь МАН засаг барьсан байдаг. Үүнээс өнгөрсөн 10 жилд инфляци ямар болсныг хүн бүхэн мэднэ. Жишээлбэл, махны үнэ 2016 онд 8000 төгрөг байжээ. Гэтэл өнөөдөр мах 36600 төгрөг болж 357 хувиар өссөн. Мөн талхны үнэ 1100 төгрөг байснаас 2800 төгрөг болж нэмэгджээ. Энэ нь 161 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ингээд харахад үнийн өсөлтийг авч байгаа цалинтай нь харьцуулах ямар ч боломжгүй. Иргэдийн авч байгаа цалин 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хэдэн хувиар өссөн үзүүлэлт гарав. Нийт төсвийн зарлага 6-7 хувиар өсөхөд иргэдийн орлого гурав хүрэхгүй хувиар нэмэгдсэн байдаг. Энэ дээрээс иргэдийн зарлага болон төрийн зарлагийг харьцуулж харж болох юм.

Өнгөрсөн оны зургадугаар сарын үзүүлэлтээр Монгол Улсын орлого буураагүй байсан. Харин орлогоос давсан зарлага их байлаа. Тодруулж хэлбэл, 1.4 их нядаар орлого нэмэгдсэн бол зарлага нь харин хоёр дахин их буюу 2.8 их нядыг  гаргасан.

Монголоос экспортолж байгаа бүтээгдэхүүнээс олж байгаа ашиг буураагүй. Мөн экспортод гаргадаг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, бодит хэмжээ буураагүй. Харин ч орлогоо сайн өгч байгаа. Саалийн үнээ саалиа хангалттай сайн өгч байна. Харамсалтай нь, гаргаж байгаа саалийг нь улстөрчид хайр найргүй тарааж байх юм. Нэг үгээр хэлбэл, хэд дахин гарынхаа салаагаар асгаж, урсгасан хэвээр байна.

Монгол Улс жилийн эцэст долоон хувийн инфляцитай байх ёстой атал 13 хувьтай хагас жилийг ардаа үдлээ. Энэ нь үнийн өсөлтийн дарамт иргэдэд очиж байна гэсэн үг юм. УИХ-аас Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдлыг 1.5 хувиар баталсан. Гэтэл хагас жилийн дараа 2.1 хувийн алдагдал буюу хоёр дахин их алдагдалтай гарлаа. Хагас жилд хоёр дахин алдагдалтай гарч байгаа бол жилийн эцэст хэд дахин үржигдэж гарах юм.

Монгол Улсын эдийн засаг бүхэлдээ хүндхэн нөхцөлд байна. Товчхондоо, эдийн засаг дампуурсан байх юм. Энэ бүх дампуурлын горыг эмзэг бүлэг, доод орлого болон дундаж орлоготой иргэд хүртэх болно.

Нөгөөтэйгүүр, мөнгөний нийлүүлэлт асар ихээр нэмэгдэв. Хагас жилийн хугацаанд 30 хувиар нэмэгдсэн гэж ярих боллоо. Тодруулж хэлбэл, 50 гаруй их наядаар нэмэгдэх нь төгрөгийн ханш суларч үнийн өсөлт нэмэгдэж байгаа шинж юм. Уг асуудлыг мах, нефть рүү чихэх асуудал биш.

Томоор харж үзвэл, Монгол Улс эдийн засгийн бодлого бүхэлдээ буруу байсны шинж тэмдэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 125 их наядын зарлага гаргасны гор гарч байна.

Гэтэл МАН гурав дахь Засгийн газраа сольж ажиллаж байгаа боловч бодлого нь зөв гарахгүй, сайжрахгүй байгаагаас шалтгаалж ард иргэдийнхээ нуруун дээрх ачааг хуваалцахгүй байна.

Үндсэндээ, иргэд аль эрт өрхийнхөө төсвөө бүрэн тодотгосон. Тэд татвараа төлчихөөд үлдсэн мөнгөө хэрхэн зарцуулахаа аль хэдийн төлөвлөсөн. Нэг өрх таван талх авдаг байсан бол танаж гурван болгов. Гэтэл Монгол Улсын Засгийн газарт ямар төсвийн тодотгол хийх төсөөлөл ойлголт алга. Тиймээс намрын зугаа цэнгэл, найр наадмын асуудлаа хойш тавьж наймдугаар сард төсвийн тодотголоо хийх хэрэгтэй.

Ард иргэд бүсээ чангалсан шиг төр ч бас чангалах шаардлагатай.

Үнийн өсөлтийг яаж иргэдийнхээ нуруун дээрээс багасгах талаас анхаарч урт хугацааны бодлого гаргах шаардлагатай. Гал унтраасан байдалтай огт явж болохгүй. Энэ бүх инфляцийн үндэслэл болон шалтгааныг зөв тогтоож суурьтай үзүүлэлт гаргаснаар макро эдийн засагт нөлөө үзүүлэх юм.