Засгийн газрыг огцруулах акц эхлэв үү?
Жил жилийн хаврын чуулган улс төрийн хувьд хамгийн адал явдалтай, адармаатай эхэлдэг нь нууц биш ээ. Энэ удаагийн хаврын чуулган нээлтээ хийхдээ жагсаал, цуглаанаар эхэлсэн бол үргэлжлүүлээд Ардчилсан намын эсэргүүцэлтэй тулж эхэллээ.
Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.03.16/ мэдэгдэл хийлээ. Ингэхдээ Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл Ардчилсан намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэдгээ албан ёсоор эхлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н.Учралыг огцрохыг шаардав.
Угтаа бол Ардчилсан намын мэдэгдэл, МАН-ын дарга Н.Учралыг гүйцэтгэх засаглалын эрхээ авч, ажлаа хийгээд, УИХ-ын даргаа жирийн МАН-ын гишүүнд өг гэсэн сануулга.
Ингэхдээ Ардчилсан намынхан Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгтөл нь чуулганы хуралдаанд оролцуулахгүй гэв. Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлыг анзаарвал Засгийн газрын хоёр ч сайд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд өнөөдөр ээлжит бусаар Засгийн газар хуралдах байсан ч хуралдаанаа цуцалсан. Үүний араас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөө мэдэгдсэн. Ингээд Ардчилсан нам чуулганд оролцохгүй гэсэн. Ингээд харвал Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон уу гэсэн хардлага төрүүлээд байна.
Хэрэв Ардчилсан нам МАН-ын дарга Н.Учралтай тохиролцсон бол дараагийн Засгийн газар байгуулахад хамтарна гэсэн тохироотой ийм улс төрийн акц эхлүүлсэн байх боломжтой. Эсвэл Ардчилсан нам жинхэнэ утгаараа сөрөг хүчний ажлаа хийх гэж байна гэдэг ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн үйл явцаас тодорхой харагдана.
УИХ-ын сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, намын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүнээр ажилладаг. Энэ жишгээр бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагасны дараа Н.Учрал МАН-ын дарга болсон. Тиймээс Н.Учрал Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайдаар ажиллаж, Засгийн газраа байгуулах байсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилж, Засгийн газраа шинээр бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, МАН-ын дарга Н.Учрал гүйцэтгэх засаглалын тэргүүн биш УИХ-ын дарга болсон. Энэ үйл явдал олон хүн яагаад гэдэг асуултыг үлдээж байсан ч одоо үйл явц, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учраас Н.Учрал намын даргын хувиар гүйцэтгэх засаглалаа авах уу, ингэхдээ дараагийн Засгийн газраа хэн хэнтэй хамтарч байгуулах вэ гээд олон асуулт хариултаа хүлээж, хаврын улс төрийн халуурлыг дээд цэгт нь хүргэж ч магадгүй боллоо.
Улс төрийн хүрээнд өрнөж буй мэдээллээр Ардчилсан нам Н.Учралыг Ерөнхий сайдын ажлаа хий гэж шаардахаас гадна Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэдээлэл ч гараад эхлэв. Үүнтэй зэрэгцээд УИХ дахь бусад намууд ч мөн МАН-ын даргын эсрэг хөдөлж эхэлсэн гэх мэдээлэл бий.
Гэхдээ энэ бүхэн эцэстээ, улс төрийн хүрээнд энэ бүх үйл явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хуулийг эсэргүүцсэн эсэргүүцлийн “шалтаг” гэж тодорхойлж эхэлжээ.
Ш.ЧИМЭГ /NEWS.MN /


journalist 




